Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.МӨНХЖИН ОУШХБ-ЫН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААНД ҮГ ХЭЛЭВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.МӨНХЖИН ОУШХБ-ЫН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААНД ҮГ ХЭЛЭВ

Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (ОУШХБ)-ын Ерөнхий Зөвлөлийн 111 дүгээр хуралдаан Женев хотноо 2020 оны 11 дүгээр сарын 24-27 өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Цар тахлын дэгдэлтийн улмаас цахим хэлбэрээр явагдаж буй энэ удаагийн хуралдаанд ОУШХБ-ын 133 гишүүн болон ажиглагч улс, байгууллагын төлөөлөл оролцож байгаа юм.

Хуралдааны Ерөнхий хэлэлцүүлэгт Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин үг хэлж, Ковид-19 цар тахлын хүнд цаг үед ОУШХБ өөрийн хүлээсэн чиг үүргээ тууштай биелүүлж, үйл ажиллагааны оновчтой бодлого, стратегийн зорилтуудаа амжилттай хэрэгжүүлж байгааг онцлон тэмдэглэв.

Мөн тэрээр цар тахлын улмаас гадаад улс орнуудад гацсан олон зуун монгол иргэдийг эх оронд нь ирүүлэхэд ОУШХБ-ын Монгол дахь салбар Гадаад харилцааны яамтай нягт хамтран ажиллаж, ихээхэн хувь нэмэр оруулж буйг онцлоод цаашид НҮБ-аас тунхагласан “Аюулгүй, эмх цэгцтэй, дэг журамтай шилжилт хөдөлгөөний төлөө дэлхийн гэрээ”-ний хэрэгжүүлэхийн төлөө тус байгууллагатай цаашид ч идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлсэн болно.