Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх

ТАНИЛЦУУЛГА

Монгол Улс, БНСУ хооронд Эдийн засгийн
түншлэлийн хэлэлцээр байгуулах боломжийг
судлах хамтарсан судалгааны тухай

Монгол Улс БНСУ-тай улс төр, эдийн засаг, нийгэм, соёл зэрэг бүхий л салбарт харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлсээр ирсэн. Дэлхийд тэргүүлэх технологи үйлдвэрлэлтэй, дэлхийн худалдаа, эдийн засгийн томоохон тоглогчдын нэг, гадаадын хөрөнгө оруулалтын чухал эх үүсвэр болох БНСУ-тай худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх арга замын нэг нь хоёр улсын хооронд “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” (цаашид ЭЗТХ) байгуулах явдал юм.

Монгол Улсын хувьд БНСУ-тай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулснаар уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос хамааралтай, түүхий эдийн үнийн савлагаанд өртөмтгий эмзэг эдийн засгийг төрөлжүүлэх, үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлж, экспортын нэр төрлийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой.

БНСУ-тай хийсэн манай улсын нийт худалдааны эргэлт 1990-2015 оны хооронд 100 дахин нэмэгдсэн хэдий ч өнөөгийн байдлаар талуудын эдийн засгийн хамтын ажиллагаа хүсэн хүлээсэн түвшинд хүрээгүй байна. Хоёр орны худалдааны эргэлт 2012 онд оргил цэгт буюу 480 сая ам.доллар хүрч байсан хэдий ч 2017 оны эцсийн байдлаар 209 сая ам.доллар болж буурсан. Хоёр орны нийт худалдаанд БНСУ-аас импортоор авдаг бараа бүтээгдэхүүний хувь хэмжээ дийлэнх хэсгийг эзэлж байгаад анхаарч, цаашид худалдааны тэнцвэртэй байдлыг бүрдүүлэх, Монголын экспортыг нэмэгдүүлэх нь манай улсын хувьд чухал  зорилт болж байна.

  • 1. Хамтарсан судалгааны товч танилцуулга:

    Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.6.3-т “АНУ, Япон, Европын холбоо, Энэтхэг, БНСУ, БНТУ /Турк/ зэрэг гуравдагч хөрш болон бусад улстай уламжлалт харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлж, худалдаа, эдийн засгийн харилцааны хөгжилд тэргүүлэх ач холбогдол өгнө”, мөн 5.6.5-д “Худалдааны гол түнш болон бусад улстай худалдааг улам хөнгөвчлөхөд чиглэсэн хэлэлцээр байгуулах чиглэлээр холбогдох судалгааг эхлүүлж, худалдааны тарифын болон тарифын бус саад тотгорыг бууруулна” гэж тус тус заасан. Мөн түүнчлэн хоёр улсын Ерөнхийлөгч нарын 2016 оны харилцан айлчлалаар Монгол Улс, БНСУ-ын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан судалгааны ажлыг эхлүүлэх тохиролцоонд хүрсэн. Улмаар 2016 оны 9 дүгээр сард талууд “Хамтарсан судалгаа хийх ажлын даалгавар” /TOR-Terms of Reference/-т гарын үзэг зурж  хамтарсан судалгааг эхлүүлсэн.

    Судалгааны ажлыг солонгосын талаас Олон улсын эдийн засгийн бодлогын хүрээлэн /KIEP/, монголын талаас ГХЯ, МУИС-ын Бизнесийн сургууль, ШУА, ХХААХҮЯ, ГЕГ, ҮСХ, СЗХ-ны төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцсон баг нэг жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн. Судалгааны баг өнгөрсөн хугацаанд Улаанбаатар, Сөүл хотноо дөрвөн удаагийн уулзалтыг зохион байгуулж, хийж гүйцэтгэсэн ажлаа харилцан танилцуулж, санал солилцож ажиллав.

    Судалгааны ажил нийт 6 бүлэгтэй. Үүнд:

    1. Удиртгал
    2. Монгол-Солонгосын Эдийн засгийн харилцааны өнөөгийн байдал
    3. Монгол-Солонгосын худалдаанд хийсэн шинжилгээ
    4. Эдийн засгийн нөлөөллийн судалгаа
    5. Монгол-Солонгосын эдийн засгийн цаашдын хамтын ажиллагаатай холбогдох зөвлөмж
    6. Дүгнэлт
  • 2. Хамтарсан судалгааны бүлэг тус бүрийн дүгнэлт:

    Хоёрдугаар бүлэг: Монгол-Солонгосын Эдийн засгийн харилцааны өнөөгийн байдал

    Монгол Улс, БНСУ хоорондын эдийн засгийн хоёр талт хамтын ажиллагааг сүүлийн 27 жилийг бүхэлд нь хамрах байдлаар авч үзвэл улс төр, нийгэм-соёлын хамтын ажиллагаанаас нэлээд хоцролтой байгаа бөгөөд хоёр орны худалдаа цөөн хэдэн нэр төрлийн бараа бүтээгдэхүүн дээр тогтож, төрөлжилт сул, мөн БНСУ-аас манай улсад хийгдсэн шууд хөрөнгө оруулалтын хуримтлагдсан дүн БНХАУ, ОХУ, Их Британи, Сингапур Улсаас хийгдсэн хөрөнгө оруулалтын дүнгээс үлэмж доогуур хэмжээнд байна.

    Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлэхэд саад тээг болж буй гол хүчин зүйлсийн хувьд хууль эрх зүйн орчины тогтворгүй байдал, дотоодын зах зээл хязгаарлагдмал, дэд бүтцийн хөгжил сул зэргээс хамаарч  логистикийн өртөг зардал өндөр, мөн түүнчлэн байгаль цаг уурын эрс тэс нөхцөл, банкны салбарын бүтэц эмзэг байдлаас шалтгаалан Солонгосын бизнес эрхлэгчид хөрөнгө оруулах сонирхол бага байна.

    Мөн манай улсын хувьд хөдөлмөрийн бүтээмж доогуур тул өрсөлдөх чадвар сул, Солонгосын бизнес эрхлэгчдэд зах зээлийн мэдээ мэдээлэл төдийлөн хүртээмжтэй бус, хоёр талын хоорондын агаарын тээвэр өндөр өртөгтэй байгаа нь харилцаа хамтын ажиллагаа өргөжин тэлэхэд тодорхой саад тээг болж, хоёр орны эдийн засгийн харилцаа хамтын ажиллагааны байж болох хэмжээнээсээ хавьгүй доогуур түвшинд байна гэж үзсэн.

    Монгол Улс, БНСУ хооронд ЭЗТХ-ийг байгуулснаар 2 орны үйлчилгээ, хөрөнгө оруулалтын салбарыг либералчлах, ЭЗТХ-ийн хүрээн дэх оюуны өмчийн хамгаалал болон төрийн худалдан авах үйл ажиллагааг бэхжүүлэх боломжтой. Солонгосын бизнес эрхлэгчид Монголд гол төлөв гуанз ресторан, үйлчилгээний салбарт хөрөнгө оруулдаг хамтын ажиллагааны өнөөгийн хэв загвараас ашигт малтмал, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй болон дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулах, жижиг дунд үйлдвэрүүдийн хөрөнгө оруулалтыг дэмжихэд хандуулах  нь зүйтэй гэж судалгаа үзжээ.

                Монгол Улс болон БНСУ нь эдийн засгийн тогтолцооны хувьд харилцан бие биенээ нөхөх боломжтой бөгөөд ЭЗТХ нь хоёр орны хувьд хамтдаа хожих стратегид суурилсан харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэх томоохон боломжийг олгоно гэж дүгнэсэн.

    Гуравдугаар бүлэг:Монгол-Солонгосын худалдаанд хийсэн шинжилгээ

    Монгол Улс, БНСУ хоорондын худалдааны эргэлт 2016 онд 206.4 сая ам.долларт хүрч, манай нийт экспортын 0,2 хувийг эзлэж, 11 дүгээр байрт орсон байна. Монгол Улсын экспортын хэмжээ 2015 онд 66.6 сая ам.долларт хүрсэн нь сүүлийн жилүүдийн хувьд харьцангуй өндөр үзүүлэлт байсан хэдий ч  2016 онд 8.5 сая ам.доллар болж буурсан байна. Монгол Улсаас БНСУ-д гаргадаг экспортын бүтээгдэхүүний нэр төрөл жил жилд харилцан адилгүй, тогтвортой бус байна.

    БНСУ бол Монголын хувьд импортын 4 дэх том түнш орон бөгөөд импортын бүтцийг суудлын авто машин, барилгын материал, нефтийн бүтээгдэхүүн, тамхи, гоо сайхны болон хүнсний бүтээгдэхүүн зонхилон бүрдүүлдэг.

    Хоёр орны хооронд экспорт болон импортын харьцангуй давуу талын давхцал бүхий 26 нэр төрлийн бүтээгдэхүүн байна гэсэн судалгаа гарсан.  Тодруулбал, манай улс “Ноос, мал, амьтны нарийн үс, ноос, хялгас, адууны хялгасан ээрмэл, тэдгээрийн нэхмэл даавуу”-г БНСУ руу экспортлох боломж өндөр байна. Мөн төмрийн хүдэр, зэс, цайр, молибден, мөнгөний хүдэр, хайлуур жонш зэрэг бүтээгдэхүүн экспортын харьцангуй давуу талтай байх тул хамтарсан үйлдвэр байгуулах замаар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн Солонгосын зах зээлд нийлүүлэх боломжтой юм.

    ЭЗТХ-ийн хүрээнд барааны гадаад зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүний гаалийн тарифыг буулгах хэлэлцээ хийх шаардлагатай гэж дүгнэсэн.

    Дөрөвдүгээр бүлэг: Эдийн засгийн нөлөөллийн судалгаа

    Хамтарсан судалгааны ажлын хүрээнд уг хэлэлцээрийг байгуулснаар эдийн засагт үзүүлэх нөлөөллийн судалгааг Ерөнхий тэнцвэрийн загвар (Computable General Equilibrium Model – CGE)-д тулгуурлан тооцоолсон бөгөөд уг тооцоогоор хоёр улсын хоорондох худалдааны саад тотгорыг арилгах буюу  багасгах нь хоёр улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлж, харьцангуй давуу тал бүхий үйлдвэрлэлийн салбаруудын хоорондын худалдаа нэмэгдэнэ гэж дүгнэсэн. Дээрх тооцоолол ёсоор ЭЗТХ байгуулснаар Монгол Улсын нийт баялгийн хэмжээ 0.09 хувь, БНСУ-ын хувьд 0.002 хувиар өсөхөөр байна. Хэлэлцээрийг байгуулснаар Монгол Улсын ДНБ 0.035 хувиар өсөх үр дүн гарсан бол БНСУ-ын хувьд ч бага хэмжээгээр өсөх юм. Мөн таталцлын аргаар хийсэн тооцоогоор хоёр орны худалдааны эргэлт 12.1-14 хувиар нэмэгдэнэ гэж тооцжээ.

     Монгол Улсын ХАА-н болон ашигт малтмалын экспортын өсөлтөөс гадна үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн болох боловсруулсан эрдэс, металл, болон нэхмэл эдлэлийн экспорт 1.4 сая ам.доллараар нэмэгдэхээр байгаа бол БНСУ-ын барааны экспортын хэмжээ 45.8 сая ам.доллараар өсч, үүнээс түүхий эд, боловсруулсан ашигт малтмал, тоног төхөөрөмж, машин, резин, химийн бүтээгдэхүүн, металл хамгийн их өсөлттэй байхаар байна.

    Тавдугаар бүлэг:Монгол-Солонгосын эдийн засгийн цаашдын хамтын ажиллагаатай холбогдох зөвлөмж

                Судалгааны ажлын хүрээнд ЭЗТХ нь бүхэлдээ эерэг нөлөөтэй болохыг эмпирик шинжилгээний дүн харуулж буй ч, талуудын эдийн засгийн цар, хэмжээ болон харьцангуй давуу талын ялгаатай байдлаас шалтгаалаад хэлэлцээрээс хүлээгдэх үр дагавар харилцан адилгүй байна хэмээн дүгнэсэн. Харилцан бие биенээ нөхөх чадамжтай эдийн засгийн бүтэц бүхий  талууд зөвхөн гаалийн тариф тэглэх  аргыг ашиглахаас гадна аж үйлдвэрийн салбарт хамтран ажиллах зэргээр илүү өргөн хүрээний хамтын ажиллагааг өрнүүлэх нь боломжит потенциалаа бодит утгаар нь ашиглах боломжтой.

    Үүнээс гадна ЭЗТХ-т Хөрөнгө оруулалтыг зохицуулсан тусгайлсан бүлэг оруулах, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын технологийг хөгжүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлэх асуудлыг тусгах, мөн цаашлаад визний нөхцөлийг хөнгөвчлөх болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллах дагалдах гэрээ байгуулах нь зүйтэй гэж үзсэн.

  • 3. Хамтарсан судалгааны ерөнхий дүгнэлт:

    Хамтарсан судалгааны ерөнхий дүгнэлтийн хүрээнд хагас их наяд ам.долларын хэмжээнд эргэлддэг худалдааны эргэлттэй БНСУ-тай манай улс барааны худалдааны тариф болон тарифын бус хориг саадыг бууруулахын зэрэгцээ аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны байнгын механизмыг бий болгох, аж үйлдвэрийн томоохон төслүүд дээр хамтран ажиллах, хамтарсан хөрөнгө оруулалттай үйлдвэрүүд барьж байгуулах асуудал нь ЭЗТХ-ийн гол үр дүн байх юм. Иймд уул уурхайн болон хөдөө аж ахуйн түүхий эдийг илүү үр ашигтайгаар худалдах, мөн Монголын гаралтай зэсийн баяжмал, коксжих нүүрс, төмрийн хүдэр зэрэг гангийн болон машин үйлдвэрлэлийн салбарт шаардлагатай түүхий эд, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, мөн хөдөө аж ахуйн болон хүнсний органик бүтээгдэхүүн экспортлох боломж, нөхцөлийг талууд тохиролцох нь чухал гэж үзсэн.

    Судалгааны ажлын “Зөвлөмж”-д аж үйлдвэрийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх нь өндөр ач холбогдолтой болохыг судлаачид онцлон тэмдэглэсэн. Монголын түүхий эдийг боловсруулснаар овор хэмжээ нь багасч, улмаар тээврийн зардлын эзлэх хувийг бууруулан хоёр орны хооронд илүү үр ашигтай худалдаа хийгдэх боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, ЭЗТХ-ээс хүртэх үр өгөөж нь аж үйлдвэр, нэн ялангуяа ЖДҮ-ийн салбарын хамтын ажиллагаанаас ихээхэн хамааралтай юм.

    Мөн түүнчлэн, тээвэр логистик, эрдэс түүхий эдийн боловсруулалт, барилгын салбар, санхүү бизнесийн үйлчилгээ, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх тодорхой зөвлөмжүүдийг дэвшүүлсэн болно.

  • 4. ЭЗТХ байгуулах яриа хэлэлцээний тухай

    Дээрх судалгааны ажлын үр дүнг үндэслэн хоёр орны хооронд ЭЗТХ байгуулах хэлэлцээ хийх эрхийг Олон улсын гэрээний тухай хуулийн дагуу УИХ-ын холбогдох Байнгын хороотой урьдчилан зөвшилцөж авах зохицуулалттай бөгөөд 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотноо болсон Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны 3 дугаар хуралдааны үеэр солонгосын тал уг хэлэлцээрийг байгуулах асуудлаар судалгааны санал, дүгнэлтийг дотооддоо танилцуулж хэлэлцүүлэх ажил явагдаж буйг монголын талд мэдэгдсэн. Уг хурлын үеэр БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Жо Хен хамтарсан судалгааны дүн хоёр талдаа ашигтай гарсан, гэхдээ БНСУ нь одоогийн байдлаар ЭЗТХ байгуулах яриа хэлэлцээг бусад олон улстай явуулж байгаа тул ойрын хугацаанд Монгол Улстай хэлэлцээ хийх хүн хүчний нөөц боломж дутмаг байгаа тухай мэдэгдсэн бөгөөд цаашид ЭЗТХ байгуулах хэлэлцээг эхлүүлэх хугацааны талаар санал солилцож ажиллах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.

    Иймээс “Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс хоорондын хэлэлцээр”-ийг байгуулах яриа хэлэлцээг эхлүүлэх асуудлыг солонгосын талтай тохиролцох, уг  хэлэлцээрийг байгуулах дотоодын хэлэлцээний багийн мэдлэг, ур чадварыг сайжруулах асуудлыг анхааран ажиллав.

  • 5. Хамтарсан судалгааг шинэчилсэн тухай

    Тус яамны ГХЭЗХАГ-ын удирдлага БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамны Чөлөөт худалдааны хэлэлцээрийн бодлого төлөвлөлтийн хэлтэс (FTA Policy Planning Division)-ийн удирдлагатай айлын талын саналаар 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Монгол Улс, БНСУ хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан судалгааг шинэчлэх асуудлаар цахим уулзалт хийж, 2017 онд хийгдсэн “Монгол Улс, БНСУ хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан судалгаа”-ны зарим бүлгүүдийг нь шинэчилж, “Монгол Улс, БНСУ-ын хоорондын хоёр талын худалдаа” буюу 3 бүлгийн хоёр талын худалдаа, харьцангүй давуу тал, тарифын бүтэц хэсгүүд, мөн “Монгол Улс, БНСУ-ын хоорондын эдийн засгийн цаашдын хамтын ажиллагаатай холбогдох зөвлөмж” буюу 5 дугаар бүлгийн “Монгол Улс, БНСУ-ын эдийн засгийн хамтын ажиллагаанд өгөх зөвлөмжууд” зэрэг хэсэгт 2017 оноос хойших хоёр орны худалдаа, эдийн засгийн холбогдох статистик ашиглан шинэчилсэн хэсгүүдийг хамтарсан судалгааны хавсралт болгохоор тохиролцсон.

    Судалгааг шинэчлэх ажлыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлүүлж, Монгол Улс, БНСУ-ын хоорондын эдийн засгийн харилцааны өнөөгийн байдал, Монгол Улс, БНСУ хоорондын хоёр талын худалдаанд хийсэн шинжилгээ, Монгол–Солонгосын ЭЗТХ-ийн эдийн засгийн үр нөлөө, Монгол Улс, БНСУ хоорондын эдийн засгийн цаашдын Хамтын ажиллагаатай холбогдох зөвлөмжүүдийг тус тус шинэчилж, 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр өдөр Монгол Улс, БНСУ хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан судалгааг шинэчилж дуусгав.

    Монгол Улс, БНСУ-ын хооронд ЧХХ-р байгуулах боломжийг судлах Хамтарсан судалгаа дуусгавар болсноор манай хоёр талын хооронд хэлэлцээр байгуулах чиглэлээр цаашид авах алхмын тухайд юуны өмнө уг судалгааг монгол хэл рүү хөрвүүлж, Гадаад харилцааны сайдын зөвлөлийн дараагийн хуралдаанд танилцуулахаар төлөвлөж байна. Сайдын зөвлөлөөр асуудлыг авч хэлэлцсэний дараагаар Засгийн газрын хуралдаан оруулж, үүний дараагаар УИХ-ын Байнгын хороодтой зөвшилцөх  гэх зэрэг үе шаттайгаар явна.

    ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ