Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх

ХӨРШ ОРНУУД

Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд “ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт мөн бөгөөд тэдгээр улстай бүхэлдээ тэнцвэртэй харилцаж, сайн хөршийн ёсоор өргөн хүрээтэй хамтын ажиллагаа хөгжүүлнэ” гэж заасан.

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛС

Дипломат харилцаа тогтоосон огноо:

1921 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр

Харилцааны түвшин, онцлог:

Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа

2019 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улсын хоорондын гэрээ”-нд Улаанбаатар хотноо гарын үсэг зурж, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг ОХУ-тай тогтоосон.

Худалдаа, эдийн засгийн харилцаа:

Статистик мэдээ: 2021 оны 7 дугаар сарын байдлаар нийт 1092,498 сая ам.долларын худалдаа хийснээс Монгол Улсын экспорт 60,798 сая ам.доллар, импорт 1031,7 сая ам.долларт хүрэв.

1990–2014 онд ОХУ-аас нийт 297,9 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд 1991 оноос хойш 252,8 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэн байна.

Экспортын гол бүтээгдэхүүнд: зэсийн хүдэр, баяжмал, гянт болдын хүдэр, баяжмал, молибдены хүдэр, баяжмал, сүлжмэл гадуур цамц, үхэр, адууны мах, жонш, лейцит, нефелин ба нефелин сиенит, чулуун нүүрс зэрэг орж байна.

Импортын гол бүтээгдэхүүнд: газрын тосны бүтээгдэхүүн, ачааны автомашин, улаан буудай, азотын бордоо, цахилгаан эрчим хүч, суудлын тээшийн ачааны өөрөө явагч биш вагон зэрэг орж байна.

Хүмүүнлэгийн харилцаа:

2014 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр “Иргэд харилцан визгүй зорчих тухай хэлэлцээр” байгуулж, мөн оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн хоёр улсын иргэд 30 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчиж эхэлсэн.

2020 онд манай 48401 иргэн ОХУ-д зорчиж, оросын 30980 иргэн Монгол Улсад зорчсон байна. Үүнээс гадна 2019 – 2020 оны хичээлийн жилд Монголоос ОХУ-д ойролцоогоор 4000 гаруй оюутан, сонсогч, аспирант суралцсан байна. Жил бүр 550 оюутныг ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр Оросын их, дээд сургуулиудад элсүүлэн суралцуулдаг.

Соёлын харилцаа:

Соёлын харилцааг өргөтгөх, Монгол Улсаа сурталчлан таниулах ажлыг эрчимжүүлэхэд дэмжлэг авах зорилгоор ОХУ-ын иргэн А.С.Железняков, Б.У.Китинов, И.Р.Утямышев, Д.Г.Хрусталев, Д.Н.Султимов, С.В.Калмыков, Е.А.Кузьмин нарыг Монгол Улсын Соёлын элчээр томилон, ажиллуулж байна.

Жил бүрийн 10-11 дүгээр саруудад Монгол, Оросын найрамдлын сарыг Улаанбаатар, Москва хотноо харилцан зохион байгуулдаг.

Ялалтын баярын 70 жилийн ойн баярыг тохиолдуулан Монголын ард түмнээс Оросын ард түмэнд бэлэглэсэн “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөний нээлтийн арга хэмжээ Москва хотын Хүндэтгэлийн дэнжид 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдөр болсон.

“Монгол, Оросын санаачилга 2018” цуврал арга хэмжээний хүрээнд “И.Моисеевын нэрэмжит академик чуулга” Улаанбаатар хотноо 2018 оны 6 дугаар сард тоглолт хийв.

Халх голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд “И.А.Моисеевын нэрэмжит Оросын ардын бүжгийн эрдмийн чуулга” Улаанбаатар хотноо 2019 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр тоглолт хийв.

2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Москва мужид байрлах “Патриот” цэргийн соёл амралтын хүрээлэнд Аугаа их Эх орны дайн дахь Монгол Улсын оролцоог харуулсан уран баримлын нээлтийн ёслолын арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр оролцов.

Байгуулсан гэрээ хэлэлцээрүүд:

Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээ /2019 он/,

Хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр /2014 он/

Хоёр талын худалдааны эргэлт (2020 он): НИЙТ

1457,2 сая ам.доллар

Экспорт:

57,2 сая ам.доллар

Импорт:

1399,9 сая ам.доллар

Хөрөнгө оруулалт:

34,2 сая ам.доллар

Дээд, өндөр хэмжээний айлчлалууд:

Монголоос ОХУ-д:

Ерөнхийлөгч

2010 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж (Аугаа эх орны дайны 65 жилийн ойн арга хэмжээнд оролцсон),

2011 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж,

2015 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж (Аугаа эх орны дайны 70 жилийн ойн арга хэмжээнд оролцсон),

2017 онд Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн III чуулга уулзалтад оролцож, ажлын айлчлал хийсэн.

2018 онд Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн IV чуулга уулзалтад оролцов.

2019 оны 9 дүгээр сард Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн V чуулга уулзалтад оролцсон.

УИХ-ын дарга

2015 онд УИХ-ын дарга З.Энхболд,

2016 онд УИХ-ын дарга М.Энхболд,

2018 онд УИХ-ын дарга М.Энхболд Москва хотноо болсон “Парламентаризмын хөгжил” олон улсын чуулга уулзалтад оролцсон.

Ерөнхий сайд

2010 онд Ерөнхий сайд С.Батболд.

2014, 2015, 2017 онуудад ПОУЭЗЧУ-д Ерөнхий сайдын түвшинд тус тус оролцсон.

2019 оны 12 дугаар сард Ерөнхий сайд У.Хүрэлсүх албан ёсны айлчлал хийсэн.

ОХУ-аас Монголд:

Ерөнхийлөгч

2014 онд Ерөнхийлөгч В.В.Путин (Халх голын дайны 75 жилийн ойн арга хэмжээнд оролцсон).

2019 оны 9 дүгээр сард Ерөнхийлөгч В.В.Путин албан ёсны айлчлал хийсэн. (Халхын голын байлдааны 80 жилийн ойн арга хэмжээнд оролцсон).

Засгийн газрын дарга

2016 онд АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтад Засгийн газрын дарга Д.А.Медведев оролцсон.

Парламентын танхимуудын дарга нар

2011 онд Холбооны Зөвлөлийн дарга С.М.Миронов (Ази, Номхон далайн Парламентын чуулга уулзалтад оролцсон),

2014 онд Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко,

2015 онд Төрийн Думын дарга С.Е.Нарышкин,

2015 онд Төрийн Думын дарга С.Е.Нарышкин (ЕАБХАБ-ын Олон улсын парламентын ассамблейн чуулганд оролцсон).

БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛС

Дипломат харилцаа тогтоосон огноо:

1949 оны 10 дугаар сарын 16-ны өдөр

Харилцааны түвшин:

Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа

2014 оны 8 дугаар сарын 21-ны өдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр “Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал ”-д Улаанбаатар хотноо гарын үсэг зурж, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг БНХАУ-тай тогтоосон.

Худалдаа, эдийн засгийн харилцаа:

Статистик мэдээ: 2021 оны 7 дугаар сарын байдлаар нийт 5791 сая ам.долларын худалдаа хийснээс БНХАУ-тай хийсэн экспорт 4312 сая ам.доллар, импорт 1479 сая ам.долларт хүрэв.

1990–2019 онд БНХАУ-аас нийт 5400 орчим сая ам.доллар, үүнээс 2019 онд 112 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийсэн. Сүүлийн 5 жилийн хугацаанд 2350 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэв.

Экспортын гол бүтээгдэхүүнд: чулуун нүүрс, зэсийн хүдэр, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, баяжмал, боловсруулаагүй нефть зэрэг уул уурхайн гаралтай бараа бүтээгдэхүүн мөн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн орж байна.

Импортын гол бүтээгдэхүүнд: газрын тосны бүтээгдэхүүн, нэхмэл эдлэл, аж үйлдвэрийн болон уул уурхайн механизм, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, барилгын материал зэрэг орж байна.

Хүмүүнлэгийн харилцаа:

2015-2019 онд жил бүр хятадын тал Монголын 100 залууг, монголын тал Хятадын 50 залууг тус тус хүлээн авч танилцах аялал зохион байгуулахаар 2014 онд тохиролцон хэрэгжүүлж байна.

2015-2019 онд жил бүр Монголын хэвлэл, мэдээллийн байгууллагын 50 төлөөлөгч Хятадад айлчилж байна.

2017-2020 онд Монгол-Хятадын дээд, дунд шатны удирдах албан тушаалтнуудын сургалт хамтран зохион байгуулсан.

Албан бус тоогоор Хятад Улсад 10 мянга гаруй Монгол оюутан засгийн газар, муж, хотын тэтгэлэг болон бусад тэтгэлэг мөн хувийн зардлаар суралцаж байна.

Соёлын харилцаа:

1994 онд Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд соёлын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулсан.

2010 оны 5 дугаар сард байгуулсан “Соёлын төв харилцан байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газрын хоорондын хэлэлцээр”-ийн дагуу 2010 оны 6 дугаар сард Хятадын соёлын төвийг Улаанбаатар хотод байгуулсан.

2012, 2014, 2015 онуудад Монголын соёлын өдрүүдийг Бээжин хот болон Шаньдун муж, ӨМӨЗО-д, Хятадын соёлын өдрүүдийг Улаанбаатар хотод тус тус зохион байгуулсан.

2018 онд Улаанбаатарын өдрийг Бээжин хотноо зохион байгуулсан.

ӨМӨЗО-ны соёл, урлагийн байгууллагуудтай танилцах сургалтыг ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албатай хамтран 2016 онд зохион байгуулсан.

БНХАУ-ын богино хугацааны тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2016 онд монголын талын мэргэжилтнүүд соёлын бие бус болон биет өвийн богино хугацааны сургалтад хамрагдсан.

Хятадын кино, дэлгэцийн шилдэг 25 бүтээлийг үнэ төлбөргүй өгч байна.

Байгуулсан гэрээ хэлэлцээрүүд:

Монгол Улс, БНХАУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр /2014/

Монгол Улс, БНХАУ-ын хооронд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал /2014/

Монгол Улс, БНХАУ-ын хооронд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл /2015/

Хоёр талын худалдааны эргэлт (2020 он): НИЙТ

7382 сая ам.доллар

Экспорт:

5489 сая ам.доллар

Импорт:

1892 сая ам.доллар

Хөрөнгө оруулалт:

150 сая ам.доллар

Дээд, өндөр хэмжээний айлчлалууд:

Монголоос БНХАУ-д:

Ерөнхийлөгч

2010 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн айлчлал

2015 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн айлчлал

2019 онд Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн айлчлал (“Бүс ба зам” олон улсын дээд түвшний чуулга уулзалтад оролцсон)

2020 онд Ерөнхийлөгч Х.Баттулга

УИХ-ын дарга

2014 онд УИХ-ын дарга З.Энхболд

Ерөнхий сайд

2011 онд Ерөнхий сайд С.Батболд албан ёсны айлчлал

2013 онд Ерөнхий сайд Н.Алтанхуяг албан ёсны айлчлал

2017 онд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ("Нэг бүс Нэг зам " олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцсон)

2018 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүх албан ёсны айлчлал (Боаогийн Азийн эдийн чуулга уулзалтад оролцсон)

БНХАУ-аас Монголд:

Дарга

2014 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпин төрийн айлчлал

2019 онд БНХАУ-ын дэд дарга Ван Чишань

БХАТИХ

2013 онд БХАТИХ-ын Байнгын хорооны дарга  У Бангуо (Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тангараг өргөх ёслолд оролцсон)

Ерөнхий сайд

2010 онд Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао

2016 онд Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян