Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх

Засгийн газрын 2016 оны 81 дүгээр

тогтоолын 2 дугаар хавсралт

 

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ

СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР

 

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Оршил

Гадаад харилцааны яам (цаашид “яам” гэх)-ны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр (цаашид “хөтөлбөр” гэх)-т Засгийн газрын танхим, Гадаад харилцааны сайд (цаашид “сайд” гэх)-аас шийдвэр гаргах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн гадаад улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн болон бусад салбарын хамтын ажиллагааны бодлогыг боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, улсын хэмжээнд нэгдсэн зохицуулалт, удирдлага зохион байгуулалтаар хангах, олон улсын гэрээ, хэлэлцээр байгуулах, нэгдэн орох, түүний хэрэгжилтэд хяналт тавих, консулын үйлчилгээ үзүүлэх, хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашиг, ашиг сонирхлыг хамгаалах, монгол сургууль, холбоо, нийгэмлэгийн үйл ажиллагаанд бодит дэмжлэг үзүүлэх, гадаад улс, олон улсын байгууллагатай хамтран ажиллах, гадаадад монголын түүх соёл, өв уламжлал, хөгжлийг сурталчилах, соёлын гадаад харилцааг хөгжүүлэхтэй холбогдсон асуудлыг хамааруулан яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийн загварыг тодорхойлов.

1.2.Үндэслэл

Хөтөлбөрийг Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хууль, Яамны эрх зүйн байдлын тухай хууль, Улсын Их Хурлын 1996 оны 38 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого”, Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”, Улсын Их Хурлын 2011 оны 10 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал”, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2013 оны 01/01 тоот зөвлөмж, “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолоор баталсан Гадаад харилцааны яамны зохион байгуулалтын бүтцийг тус тус үндэслэн боловсруулав.

1.3.Эрх зүйн орчин

Хөтөлбөрийг дор дурдсан хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ:

-Монгол Улсын Үндсэн хууль;

-Засгийн газрын тухай хууль;

-Яамны эрх зүйн байдлын тухай хууль;

-Дипломат албаны тухай хууль;

-Олон улсын гэрээний тухай хууль;

-Үндэсний аюулгүй байдлын тухай хууль;

-Төсвийн тухай хууль;

-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль;

-Төрийн албаны тухай хууль;

-Хууль тогтоомжийн тухай хууль;

-Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль;

-Захиргааны ерөнхий хууль;

-Хөдөлмөрийн тухай хууль;

-Хөрөнгө оруулалтын тухай хууль;

-Өрийн удирдлагын тухай хууль;

-Дипломат харилцааны тухай Венийн конвенц;

-Консулын харилцааны тухай Венийн конвенц;

-Олон улсын гэрээний эрх зүйн тухай Венийн конвенц;

-Авлигын эсрэг хууль;

-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль;

-Бусад хууль тогтоомж.

1.4.Арга зүй

Хөтөлбөрийг гадаад харилцааны салбарт бий болсон түүхэн туршлага, олон улсын жишиг, гадаад орчны өөрчлөлт, төрийн захиргааны шинэчлэл, удирдлага болон үйл ажиллагааны онцлог, төлөвлөлт, зохицуулалтын нийтлэг арга зүйг ашиглан боловсруулав.

1.5.Яамны үүрэг хариуцлагын ерөнхий хуваарь

Яам нь гадаад харилцааны талаарх Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх үүрэг хариуцлага хүлээж, Засгийн газрын танхим, сайдыг цаг үеэ олсон мэргэжлийн өндөр түвшний зөвлөгөө, дэмжлэгээр хангана. Яам нь гадаад харилцааны салбарын бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг зөв зохистой удирдан зохицуулна. Яам нь хариуцсан асуудлаар Засгийн газрын зөвлөхийн үүрэг хүлээж, яамд болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарыг гадаад бодлогын нэгдсэн зохицуулалтаар хангана.

1.6.Стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр

Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр, ялангуяа үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийг оновчтой, бүрэн тодорхойлох нь яамны үйл ажиллагааны стратегийг тодорхойлох үндэслэл болно. Энэ хэрэгцээний эх үүсвэрт дор дурдсан үйлчлүүлэгч буюу хэрэглэгч хамаарна.

Гадаад харилцааны яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр

Яамны үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь Засгийн газрын танхим, Гадаад харилцааны сайд байх бөгөөд шууд бус үйлчлүүлэгч нь бусад яам, Засгийн газрын

агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газар, дотоод, гадаадын байгууллага, иргэн байна. Яамны стратегийн удирдлага, зохицуулалт нь дээр дурдсан хэрэгцээний эх үүсвэр, үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахтай холбогдон үүсэх бүх төрлийн харилцааг зохицуулахад чиглэнэ.

Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээг хангах үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг хэрэгцээний эх үүсвэр тус бүрээр тогтоон яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.

Хоёр.Гадаад харилцааны яамны үйл ажиллагааны стратеги

2.1.Үйл ажиллагааны стратегийн мөн чанар

Гадаад харилцааны яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, тэргүүлэх чиглэл, гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээний зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх талаар сайдын үйл ажиллагаанд цаг үеэ олсон мэргэжлийн өндөр түвшний, алсын хараатай, шуурхай зөвлөгөөгөөр хангаж, бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино.

2.2.Үйл ажиллагааны стратегийн гадаад орчин

Олон улсын харилцааны чиг хандлагууд нь Монгол Улсын гадаад орчинд урт хугацаанд нөлөөлж, төрийн гадаад бодлого, гадаад харилцаа, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлоход зайлшгүй харгалзан үзэх хүчин зүйл болж байна. Даяаршлын үйл явц гүнзгийрэн, улс орнуудын улс төр, худалдаа, эдийн засгийн харилцан хамаарал нэмэгдэж байгаа өнөө үед олон улсын болон бүс нутгийн улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа, интеграцид идэвхтэй оролцоход Монгол Улсын гадаад бодлогын залгамж чанар, нэгдсэн зохицуулалт чухал үүрэгтэй юм.

Мэдээлэл, харилцаа холбооны технологи хурдацтай хөгжихийн хэрээр гадаад харилцааны субъектүүдийн хүрээ өргөжин тэлж байна. Аюулгүй байдлын уламжлалт утга өөрчлөгдөн улам олон салбар, өргөн хүрээг хамрах болж, терроризмын уламжлалт бус аюул, занал нь дэлхийн, бүс нутгийн болон улс орнуудын тулгамдсан, хамтран шийдвэрлэх асуудал болж хувирав. Түүнчлэн дэлхийн эдийн засгийн интеграцчилал идэвхжиж байгаа энэ үед гадаад харилцаанд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлыг бодлогын түвшинд гаргаж ирэх зайлшгүй шаардлага байна.

Монгол Улсын байр суурийг зөв тодорхойлох, аюулгүй байдал, эдийн засгийн тогтворжилт, өсөлтийг хангаж, хөгжлийн таатай гадаад орчныг бүрдүүлэх, гадаад харилцааны нэгдсэн зохицуулалтыг хангах зорилгын хүрээнд гадаад бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх, гадаад улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг зорилтууд тус яамны өмнө тавигдаж байна.

2.3.Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

Гадаад харилцааны яам нь үйл ажиллагааны дор дурдсан тэргүүлэх чиглэлтэй ажиллана.

2.3.1.Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах таатай гадаад орчныг бүрдүүлэх;

2.3.2.гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар Монгол Улсын хөгжлийн таатай гадаад орчныг бүрдүүлэх;

2.3.3.гадаад сурталчилгаа, соёлын харилцааг хөгжүүлэх, хилийн чанад дахь монгол иргэд, сургууль, цэцэрлэг, холбоо, нийгэмлэгийн үйл ажиллагаанд бодит дэмжлэг үзүүлэх;

2.3.4.Монгол Улсын иргэд, хувийн хэвшлийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хилийн чанадад хамгаалах.

2.4.Үйл ажиллагааны эрхэм зорилго

Гадаад харилцааны яамны эрхэм зорилго нь Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний хөгжилд таатай гадаад орчныг бүрдүүлэхэд оршино.

Энэхүү эрхэм зорилгыг биелүүлэхдээ Монгол Улсын гадаад харилцааг үндэсний аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлалд тодорхойлсон зарчим, чиглэлээр улс орны болон дэлхий дахины улс төр, эдийн засгийн шинэ нөхцөл байдалтай уялдуулан тууштай хэрэгжүүлж, үндэсний язгуур эрх ашиг, тогтвортой хөгжлийн зорилгод нийцсэн бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогыг идэвхтэй явуулах, гадаад бодлогын залгамж чанар, нэгдмэл байдлыг эрхэмлэж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, олон улсын хамтын нийгэмлэгт эзлэх байр суурийг бэхжүүлэх, гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үйл ажиллагааг тууштай явуулах, гадаад сурталчилгаа, соёлын харилцааг хөгжүүлэх, хилийн чанад дахь монгол иргэд, сургууль, холбоо, нийгэмлэгийн үйл ажиллагаанд бодит дэмжлэг үзүүлэх зорилтуудыг удирдлага болгоно.

2.5.Үйл ажиллагааны стратегийн зорилт

Яам нь тэргүүлэх чиглэл, эрхэм зорилгын хүрээнд үйл ажиллагааны стратегийн дор дурдсан зорилтуудыг дэвшүүлж хэрэгжүүлнэ:

2.5.1.гадаад бодлогыг нэгдсэн төлөвлөлт, зохицуулалт, удирдамжаар хангах;

2.5.2.гадаад бодлогын хэрэгжилтийг төрөлжсөн зохицуулалтаар хангах;

2.5.3.төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах;

2.5.4.гадаад бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх.

2.6.Үйл ажиллагааны гол зорилт

Яамны үйл ажиллагааны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг хэрэгжүүлнэ:

2.6.1.Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:

2.6.1.1.гадаад бодлого, урт, дунд, богино хугацааны стратегийн төслийг боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;

2.6.1.2.улсын хэмжээнд гадаад бодлого, харилцаа, хамтын ажиллагааны хэрэгжилт, үйл ажиллагааг нэгдсэн зохицуулалтаар хангах;

2.6.1.3.гадаад бодлого, харилцаа, хамтын ажиллагаатай холбогдох гэрээ, хэлэлцээрийн төсөл боловсруулах, хэлэлцээ хийх, байгуулах ажлыг уялдуулан зохион байгуулах;

2.6.1.4.өндөр, дээд түвшний уулзалт, яриа хэлэлцээнд орчуулга хийх, гэрээ, хэлэлцээрийг орчуулж албажуулах.

2.6.2.Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:

2.6.2.1.хөрш орнуудтой бүх талын харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх бодлогыг боловсруулах, төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

2.6.2.2.Европын орнуудтай харилцах бодлогыг боловсруулах, төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах

2.6.2.3.Ази, Номхон далайн орнуудтай харилцах бодлогыг боловсруулах, төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

2.6.2.4.Америк, Ойрхи Дорнод, Африкийн орнуудтай харилцах бодлогыг боловсруулах, төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

2.6.2.5.олон талт хамтын ажиллагааны бодлогыг боловсруулах, төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

2.6.2.6.гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх бодлогыг боловсруулах, төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

2.6.2.7.олон улсын гэрээ, эрх зүйн бодлогыг боловсруулах, төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, хүний эрх болон хилийн бодлогыг хэрэгжүүлэх;

2.6.2.8.консулын албаны бодлогыг боловсруулах, төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

2.6.2.9.гадаад сурталчилгаа, соёлын гадаад харилцааны бодлогыг боловсруулах, төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

2.6.2.10.дипломат ёслолын бодлогыг боловсруулах, төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах.

2.6.3.Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:

2.6.3.1.сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргаас шийдвэр гаргахад шаардлагатай хууль, эрх зүй, шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаагаар хангах, бүх талын дэмжлэг үзүүлэх, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах, захиргааны удирдлагаар хангах;

2.6.3.2.хүний нөөцийн бодлогыг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах;

2.6.3.3.төрийн захиргаанд хууль дээдлэх ёсыг хэвшүүлэх, ил тод байдлыг дэмжих, удирдлагаар хангах;

2.6.3.4.төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв боловсруулах, зарцуулахад бүх талын дэмжлэг үзүүлэх, шилэн дансны хуулийг мөрдүүлэх, хяналт тавих;

2.6.3.5.гадаад харилцааны төв архивын үйл ажиллагааг эрхлэх;

2.6.3.6.салбарын мэдээллийн технологийн үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулах.

2.6.4.Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:

2.6.4.1.хууль тогтоомж, гадаад улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны бодлого, хөтөлбөр, төсөл, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих, дүн шинжилгээ, хяналт-шинжилгээ хийх, үнэлгээний үр дүнд тулгуурлан санал үндэслэл боловсруулах;

2.6.4.2.сайдын эрхлэх асуудлын хүрээний зорилт, үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих, дүн шинжилгээ, хяналт-шинжилгээ, дотоод аудит хийж үнэлгээ өгөх, зөвлөмж боловсруулах.

2.7.Үйл ажиллагааны зорилт

Гадаад харилцааны яамны үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд түүнийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтуудыг тодорхойлж, яамны зохион байгуулалтын нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод тусган хэрэгжүүлнэ.

2.8.Үйл ажиллагааны стратегийн загвар

Яамны үйл ажиллагааны стратегийн загварыг дор дурдсанаар тодорхойлж байна:

Гадаад харилцааны яамны үйл ажиллагааны ерөнхий загвар

ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүрэг

3.1.Бүтцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад баримтлах зарчим

Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дараах зарчмыг баримтлав.

3.1.1.яамны стратегийн зорилтыг бүтцэд тусгасан байх зарчим (тухайн яамны үйл ажиллагааны бүтцийн тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь түүний үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх);

3.1.2. эрх мэдлийн ялгаа, зааг нь тодорхой, итгэл хүлээхүйц байх зарчим (бүтцийн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байхын зэрэгцээ сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагын зорилт, чиг үүрэгтэй давхардахгүй байх);

3.1.3.үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим (байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын үйл ажиллагааны дүр төрх харагдахуйц байх, тухайлбал яамны бүтэц, бүтцийн нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх);

3.1.4.бүтцийн хувьд энгийн байх зарчим (яамны Төрийн нарийн бичгийн даргаас хамгийн доод нэгжээ хүртэл гурваас дээшгүй шат дамжлагатай байх);

3.1.5.тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим (байгууллагын үйл ажиллагааны стратеги, бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн зорилтыг аль болох оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүн хүчний болон бусад нөөцийг зөв хуваарилан хэрэглэгчийнхээ хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдүүлсэн байх);

3.1.6.улс төрийн хувьд төвийг сахисан байх зарчим (тухайн яамны албан хаагч нь эрхэлсэн сайд, Засгийн газар, бусад үйлчлүүлэгч буюу хэрэглэгчид төвийг сахисан, өндөр мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй байх);

3.1.7.хангалттай чадавх, мерит тогтолцоо, гүйцэтгэлийн менежментэд тулгуурласан бодитой үйл ажиллагааны зарчим (үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхиа бүрэн илрүүлэхэд чиглэсэн, хэрэгжихүйц бөгөөд ажиллах чадвартай байх);

3.1.8.бүтцийн чиг үүргийн ялгаа, зааг нь тодорхой, төвлөрсөн, давхцалгүй, орхигдохгүй, үйл ажиллагааны бүтээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн, төсөв хөрөнгийг хэмнэлттэй зарцуулах зарчмыг баримтласан байх бөгөөд, энэхүү зарчмыг цаашид ажлын байрны тодорхойлолтыг батлахад баримтлах.

3.2.Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар

Дээр дурдсан зарчим болон яамны үйл ажиллагааны стратегийн загварыг үндэслэн тус яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо дараах загвартай байна:

3.3.Зохион байгуулалтын бүтэц

Яамны үйл ажиллагааны стратегийн загвараас зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүргийг дараах байдлаар тодорхойлж байна:

3.3.1.бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

Энэ нэгж нь гадаад бодлогын нэгдсэн төлөвлөлт, зохицуулалт, удирдамжаар хангахад Гадаад харилцааны сайдад дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэг хүлээж, гадаад бодлого, урт, дунд, богино хугацааны стратегийн төслийг боловсруулах, бодлогын удирдамжаар хангах; улсын хэмжээнд гадаад бодлого, харилцаа, хамтын ажиллагааны хэрэгжилт, үйл ажиллагааг нэгдсэн зохицуулалтаар хангах; гадаад бодлого, харилцаа, хамтын ажиллагаатай холбогдох гэрээ, хэлэлцээрийн төсөл боловсруулах, хэлэлцээ хийх, байгуулах ажлыг уялдуулан зохион байгуулах; өндөр, дээд түвшний уулзалт, яриа хэлэлцээнд орчуулга хийх, гэрээ, хэлэлцээрийг орчуулж албажуулах чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд орчуулгын асуудал хариуцсан нэгж ажиллана. Энэ орчуулгын асуудал хариуцсан нэгж нь дээд, өндөр түвшний айлчлал, арга хэмжээний үеэр аман болон бичгийн орчуулга хийх, шаардлагатай тохиолдолд орчуулагчийг томилох, гадаад бодлогын суурь баримт бичиг, бусад байгууллагын захиалгаар олон улсын арга хэмжээнд орчуулга хийх, яамны үйл ажиллагааны талаарх мэдээллийг шаардлагатай хэлнээ орчуулах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь гадаад бодлого, олон улсын харилцааны тодорхой асуудлаарх Монгол Улсын байр суурийг тодорхойлох, Гадаад харилцааны яамны үйл ажиллагааг Улсын Их Хурал, Засгийн газар болон бусад төрийн болон орон нутгийн байгууллагуудын үйл ажиллагаатай уялдуулан зохицуулах, шуурхай хэлхээ холбоог хангах, гадаад бодлого, бүс нутаг, олон улсын харилцааны асуудлаарх Монгол Улсын байр суурийг тодорхойлох ажлыг яамны хэмжээнд зохион байгуулах, яамны үйл ажиллагааны төлөвлөгөө, өндөр дээд түвшний айлчлалын төлөвлөгөөг гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүд, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдаж буй эсэхэд дүгнэлт хийж, зөвлөмж боловсруулах зэрэгт чиглэгдэнэ. Мөн энэ нэгж нь Улсын Их Хурал, түүний Байнгын хороо, Засгийн газрын танхимыг сайдын эрхлэх асуудлын хүрээний талаарх шаардлагатай мэдээллээр хангах, Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хууль тогтоомжийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэх бүх шатанд тайлбар, зөвлөгөө, лавлагаа өгөх, сайдаас Улсын Их Хурлын чуулганд хийх мэдээлэл болон Улсын Их Хурлын гишүүнээс тавьсан асуулт, асуулгын хариултын төслийг бэлтгэх зэргийг зохион байгуулна. Мөн энэ нэгж нь дипломат албаны үйл ажиллагааг нийтэд мэдээлэх, яамны цахим хуудсанд тавих мэдээллийг бэлтгэх, хэвлэл, мэдээллийн байгууллагуудтай харьцах, тэднийг яаманд болж байгаа арга хэмжээг сурталчлах ажилд оролцуулах болон хэвлэлийн бага хурал хийх ажлыг зохион байгуулах, дотоод гадаадын өдөр тутмын хэвлэлийн тойм бэлтгэж яамны удирдлага, ажилтнуудад түгээх, мэдээллийн сан бүрдүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, яамд, Засгийн газрын агентлаг, Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, Монгол Улсад суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн газар, Олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, шууд бус хэрэглэгч нь аймаг, нийслэлийн Засаг дарга, тэдгээрийн Тамгын газар болон бусад хэрэглэгч байна.

3.3.2.хоёр болон олон талын харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүрэг

Эдгээр нэгжүүд нь гадаад улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны бодлогын хэрэгжилтийг төрөлжсөн зохицуулалтаар хангах үндсэн үүрэг хүлээж, тодорхой бүс нутгийн улс орнууд болон олон улсын байгууллагатай харилцах, хамтран ажиллах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

3.3.2.1.хөрш орнуудтай харилцах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

Энэ нэгж нь Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улстай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх бодлогыг боловсруулах, төлөвлөх, хэрэгжилтийг хангах үндсэн үүргийг хүлээж, Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний хөгжилд таатай гадаад орчин бүрдүүлэх эрхэм зорилгыг хэрэгжүүлэхдээ дор дурдсан нийтлэг чиг үүрэг, үйл ажиллагааг эрхлэн явуулна:

·   хөрш орнуудтай бүх талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн хэмжээг зохих түвшинд байлгах, харилцааны үр ашгийг нь дээшлүүлэх;

·   улс төр, соёл, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, батлан хамгаалах зэрэг бүх салбарын хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээр, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцох;

·   хоёр талын харилцааны асуудлаар бүс нутгийн болон дэлхий нийтийн хөгжлийн хандлага, улс төр, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан Засгийн газрын байр суурийг боловсруулах;

·   хөрш орнуудад суугаа дипломат төлөөлөгчийн газруудыг бодлогын удирдамж, чиглэлээр хангах, үйл ажиллагаанд нь үнэлэлт, дүгнэлт өгөх.

3.3.2.2.Европын орнуудтай харилцах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

Энэ нэгж нь Монгол Улсаас Европын орнуудтай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх бодлогыг боловсруулах, төлөвлөх, хэрэгжилтийг хангах үндсэн үүргийг хүлээж, Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний хөгжилд таатай гадаад орчин бүрдүүлэх эрхэм зорилгыг хэрэгжүүлэхдээ дор дурдсан нийтлэг чиг үүрэг, үйл ажиллагааг эрхлэн явуулна.

• тухайн бүс нутгийн орнуудтай бүх талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, түншлэлийн түвшинд хүргэх, худалдаа, хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн хэмжээг нэмэгдүүлэх, харилцааны үр ашгийг нь дээшлүүлэх;

• улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, батлан хамгаалах зэрэг бүх салбарын хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээр, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцох;

• хоёр талын харилцааны асуудлаар бүс нутгийн болон дэлхий нийтийн хөгжлийн хандлага, улс төр, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан Засгийн газрын байр суурийг боловсруулах;

• Европын орнуудад суугаа Дипломат төлөөлөгчдийн газруудын үйл ажиллагааг удирдан, бодлогын удирдамж, чиглэлээр хангаж, ажилд нь үнэлэлт, дүгнэлт өгөх.

3.3.2.3.Ази, Номхон далайн орнуудтай харилцах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

Энэ нэгж нь Монгол Улсаас Ази, Номхон далайн орнуудтай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх бодлогыг боловсруулах, төлөвлөх, хэрэгжилтийг хангах үндсэн үүргийг хүлээж, Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний хөгжилд таатай гадаад орчин бүрдүүлэх эрхэм зорилгыг хэрэгжүүлэхдээ дор дурдсан нийтлэг чиг үүрэг, үйл ажиллагааг эрхлэн явуулна:

·      тухайн бүс нутгийн орнуудтай бүх талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, түншлэлийн түвшинд хүргэх, худалдаа, хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн хэмжээг нэмэгдүүлэх, харилцааны үр ашгийг нь дээшлүүлэх;

·      улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, батлан хамгаалах зэрэг бүх салбарын хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээр, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцох;

·      хоёр талын харилцааны асуудлаар бүс нутгийн болон дэлхий нийтийн хөгжлийн хандлага, улс төр, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан Засгийн газрын байр суурийг боловсруулах;

·      Ази, Номхон далайн орнуудад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын үйл ажиллагааг удирдан, бодлогын удирдамж, чиглэлээр хангаж, ажилд нь үнэлэлт, дүгнэлт өгөх.

3.3.2.4.Америк, Ойрхи дорнод, Африкийн орнуудтай харилцах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

Энэ нэгж нь Монгол Улсаас Америк, Ойрхи дорнод, Африкийн орнуудтай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх бодлогыг боловсруулах, төлөвлөх, хэрэгжилтийг хангах үндсэн үүргийг хүлээж, Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний хөгжилд таатай гадаад орчин бүрдүүлэх эрхэм зорилгыг хэрэгжүүлэхдээ дор дурдсан нийтлэг чиг үүрэг, үйл ажиллагааг эрхлэн явуулна:

• тухайн бүс нутгийн орнуудтай бүх талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, түншлэлийн түвшинд хүргэх, худалдаа, хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн хэмжээг нэмэгдүүлэх, харилцааны үр ашгийг нь дээшлүүлэх;

• улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, батлан хамгаалах зэрэг бүх салбарын хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээр, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцох;

• хоёр талын харилцааны асуудлаар бүс нутгийн болон дэлхий нийтийн хөгжлийн хандлага, улс төр, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан Засгийн газрын байр суурийг боловсруулах;

• Монгол Улсаас Америк, Ойрхи дорнод, Африкийн орнуудад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын үйл ажиллагааг удирдан, бодлогын удирдамж, чиглэлээр хангаж, ажилд нь үнэлэлт, дүгнэлт өгөх.

3.3.2.5.олон талт хамтын ажиллагааны асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

Энэ нэгж нь Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний системийн болон олон улсын Засгийн газар хоорондын бусад байгууллага, олон улс, бүс нутгийн яриа хэлэлцээний механизмын хүрээнд явуулах бодлогыг боловсруулах, олон талт үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх үндсэн үүргийн хүрээнд дор дурдсан чиг үүрэг, үйл ажиллагааг эрхлэн явуулна :

• Нэгдсэн Үндэстний Байгууллага болон олон улсын бусад байгууллагатай улс төр, нийгэм, эдийн засаг, хүмүүнлэгийн бүхий л салбарт харилцах өдөр тутмын ажлыг гүйцэтгэж, тэдгээрийн өмнө манай улсын хүлээсэн үүргийг биелүүлэх;

• олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах чигийг тодорхойлж, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, үр өгөөжийг нь дээшлүүлэх;

• олон улсын байгууллагуудын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, тэдгээрийн шугамаар зохиогдож байгаа хурал, чуулганд төлөөлөгчид оролцуулах, баримтлах удирдамж боловсруулах, байр сууриа илэрхийлэх;

• бүс нутаг, олон улсын аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн хамтын ажиллагаанд манай улсын оролцоог нэмэгдүүлэх;

• Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний системийн байгууллагуудын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газруудын үйл ажиллагааг удирдан бодлогын удирдамж, чиглэлээр хангаж, ажилд нь үнэлэлт, дүгнэлт өгөх.

Хоёр болон олон талын харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, Монгол Улсад суугаа гадаад улсын Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь яамд, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, тэдгээрийн Тамгын газар болон бусад хэрэглэгч байна.

3.3.2.6.гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

Энэ нэгж нь гадаад орнуудтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах таатай орчныг бүрдүүлэх бодлогыг төлөвлөх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ:

·      гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бодлого, урт, дунд, богино хугацааны стратеги, үндсэн чиглэл, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг төлөвлөх, бодлогын удирдамжаар хангах, гадаад бодлогын нэгдсэн зохицуулалтын хүрээнд хэрэгжилтийг нь зохион байгуулах, зохицуулах;

·      гадаадын хөрөнгө оруулалтын урт, дунд, богино хугацааны бодлого боловсруулах, гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, эрх зүйн орчныг сурталчлах, хөрөнгө оруулалтыг татах таатай орчныг бүрдүүлэх бодлогыг төлөвлөх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

·      гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бодлогыг хэрэгжүүлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох, олон улсын эдийн засаг, банк, санхүүгийн чиглэлийн байгууллагатай харилцахад дэмжлэг үзүүлэх;

·      худалдаа, эдийн засгийн бүс нутгийн интеграцид Монгол Улс нэгдэх, оролцох чиглэлээрх бодлого боловсруулах, хэрэгжилтийг хангах, зохион байгуулах, хяналт тавих, хил орчмын худалдааны бодлогыг төлөвлөх, бодлогын удирдамжаар хангах;

·      худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаатай холбогдсон асуудлаар зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх.

Энэ нэгжийн үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, Монгол Улсад суугаа гадаад улсын Дипломат төлөөлөгчийн газар, Олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь яамд, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, тэдгээрийн Тамгын газар, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон аж ахуйн нэгжүүд байна.

3.3.2.7.олон улсын гэрээ, эрх зүйн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

Энэ нэгж нь олон улсын гэрээ, эрх зүйн бодлогыг боловсруулах, төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, хүний эрх болон хилийн бодлогыг хэрэгжүүлэх үндсэн үүрэг хүлээж, олон улсын гэрээ, эрх зүйн бодлогыг боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, зохицуулах, гадаад харилцаа, хамтын ажиллагааны бодлого, зорилтыг олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээнд нийцүүлэн хэрэгжүүлэхэд мэргэжлийн туслалцаа үзүүлэх, хоёр болон олон талт бүхий л салбарын гэрээний төсөл боловсруулах, байгуулахад эрх зүйн дэмжлэг үзүүлэх, олон улсын гэрээнд нэгдэн орох асуудлыг судалж санал боловсруулах, нэгдэн орсон гэрээний биелэлтийн тухай илтгэл, мэдээлэл нэгтгэн боловсруулж гаргах, түүнчлэн хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад чиглэсэн олон улсын гэрээнд нэгдэн орох, хэрэгжилтийн тайланг нэгтгэж гаргах, тайлагнах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Монгол Улсын олон улсын гэрээ байгуулах ажлыг үндэсний хэмжээнд аргачлал, хяналтаар хангах, хэлэлцээ хийх, ёсчлон бэлтгэх, батлуулах, бүртгэх, архивт хадгалуулах, үндэсний хууль тогтоомж болон олон улсын гэрээний эрх зүйн уялдааг хангах, орчуулгыг хянан баталгаажуулах, олон улсын гэрээний бүртгэл хөтлөх, хэвлэн нийтлүүлэх, биелэлтэд нь ерөнхий хяналт тавих, олон улсын эрх зүйн зөвлөгөө өгөх, мэдээллээр хангахад чиглэгдэнэ.

Энэ нэгж нь хүний эрхийн асуудал хариуцсан нэгж, хилийн асуудал эрхэлсэн нэгжтэй байна. Хүний эрхийн асуудал эрхэлсэн нэгж нь Монгол Улсын хүний эрхийг хамгаалах үйл ажиллагааг олон улсын эрх зүйд нийцүүлэх, тайлагнах, үндэсний хэмжээнд аргачлал, хяналтаар хангах, хэлэлцээ хийх, үндэсний хууль тогтоомж болон олон улсын гэрээний эрх зүйн асуудлаар зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах үйл ажиллагааг эрхэлнэ. Хилийн асуудал хариуцсан нэгж нь хөрш орнуудтай хил, хилийн дэглэм, хилийн боомтын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, Монгол-Орос, Монгол-Хятадын хилийн харилцааны гэрээний биелэлтийг хангуулах, хил орчмын тулгамдсан асуудлыг эрх зүйн хүрээнд зохицуулах, улсын хил шалгалтын ажилд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг эрхлэн явуулна.

Энэ нэгжийн үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс, яамд, Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар, Монгол Улсад суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн газар, Олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газар, төрийн өмчит болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, бусад хэрэглэгч, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд

оролцогч гол түнш нь Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, бусад холбогдох яамд, Засгийн газрын агентлаг байна.

3.3.2.8.консулын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

Энэ нэгж нь консулын албаны бодлогыг боловсруулах, төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах үндсэн үүрэг хүлээж, иргэд, аж ахуйн нэгж, хуулийн этгээдэд консулын үйлчилгээг шуурхай хүргэх, хилийн чанад дахь Монгол Улсын иргэд, харьяат, уугуул иргэд, хувийн хэвшлийн эрх ашиг, ашиг сонирхлыг хамгаалах, иргэдэд туслах сангийн ажлыг хариуцах, хилийн чанадад зорчиж байгаа монгол иргэд болон хилээр нэвтэрч байгаа гадаад, дотоод иргэдийн бүртгэл, судалгааг хийх, нэгтгэх, консулын асуудлаар байгуулагдсан гэрээ, хэлэлцээр, протоколын хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих, иргэд хилийн харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, дипломат, албан зэргийн виз олгох, гадаадын иргэдийн асуудлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт зохицуулах, тэдэнд консулын үйлчилгээ үзүүлэх, нотариатын үйл ажиллагаа явуулах, консулын тайлан гаргах, хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газар болон Өргөмжит консулуудыг консулын холбоотой асуудлаар мэргэжлийн удирдлага, бодлогын удирдамж, чиглэлээр хангах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, үйлчилгээ үзүүлэх хэрэглэгч нь Монгол Улсын иргэд, гадаад орнуудаас Монгол Улсад зорчиж байгаа иргэд, консул, өргөмжит консул байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Монгол Улсаас гадаад оронд суугаа Дипломат төлөөлөгчийн газар Өргөмжит консул, Монгол Улсад суугаа гадаад орны Дипломат төлөөлөгчийн газар, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газар, төрийн өмчит болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байна.

3.3.2.9.гадаад сурталчилгаа, соёлын харилцааны асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

Энэ нэгж нь гадаад сурталчилгаа, соёлын гадаад харилцааны бодлогыг боловсруулах, төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах үндсэн үүрэг хүлээж, Монгол Улсыг хилийн чанадад сурталчлах, Монгол Улсын талаар хилийн чанадад эерэг ойлголт түгээх, соёлын гадаад харилцааг хөгжүүлэх чиг үүргийн хүрээнд дор дурдсан үйл ажиллагааг явуулна:

• гадаад сурталчилгаа, соёлын гадаад харилцааг хөгжүүлэх, нэгдсэн зохицуулалтаар хангах замаар гадаад бодлого, Монгол Улсын түүх, соёл, ёс заншил, хөгжил дэвшлийн бодит байдал, ардчиллын ололт амжилтыг гадаадын улс орнуудад үнэн зөвөөр сурталчлан таниулах;

• хилийн чанад дахь монгол сургууль, цэцэрлэг, холбоо, нийгэмлэгийн үйл ажиллагаанд бодит дэмжлэг үзүүлэх;

• гадаад сурталчилгааг эрчимжүүлэх замаар аялал жуулчлалын салбарын хөгжилд дэмжлэг үзүүлэх.

Энэ нэгжийн үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, Монгол Улсад суугаа гадаад улсын Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын Төлөөлөгчийн газар, Монгол Улсын яамд, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, тэдгээрийн Тамгын газар болон бусад хэрэглэгч байна

3.3.2.10. дипломат ёслолын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

Энэ нэгж нь дипломат ёслолын бодлогыг боловсруулах, төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах үндсэн үүрэг хүлээж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд нарын гадаад оронд хийх албан ёсны айлчлал болон гадаадын дээд, өндөр хэмжээний зочин төлөөлөгчдийн айлчлалын бэлтгэлийг хангах, гадаадын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барих, гадаадын зочин төлөөлөгчид төр, засгийн удирдагч нарт бараалхах, Улаанбаатар дахь дипломат төлөөлөгчийн газруудын эрх ямба, халдашгүй дархан эрхтэй холбогдсон асуудал, дипломат корпусыг баяр ёслолын арга хэмжээнд урьж оролцуулах зэрэг дипломат ёслолтой холбогдсон харилцааны талаар зөвлөгөө өгөх, зохицуулах, үйлчилгээ үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь яамд, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газар, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцогч гол түнш нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн ёслолын алба, тэдгээрийн ажилтнууд, төрийн хамгаалалтын ажилтнууд байна.

3.3.3.төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

Энэ нэгж нь төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах үндсэн үүрэг хүлээж, сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргаас шийдвэр гаргахад шаардлагатай хууль, эрх зүй, шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаагаар хангах, бүх талын дэмжлэг үзүүлэх, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах, захиргааны удирдлагаар хангах, хүний нөөцийн бодлогыг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, төрийн захиргаанд хууль дээдлэх ёсыг хэвшүүлэх, ил тод байдлыг дэмжих, удирдлагаар хангах, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв боловсруулах, зарцуулахад бүх талын дэмжлэг үзүүлэх, шилэн дансны хуулийг мөрдүүлэх, хяналт тавих, гадаад харилцааны төв архивын үйл ажиллагааг эрхлэх, салбарын мэдээллийн технологийн үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулах чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд дор дурдсан үйл ажиллагааг эрхэлнэ:

• хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хүний нөөцийн бодлогыг төлөвлөх, хэрэгжүүлэх, мерит тогтолцоог нэвтрүүлэх, гүйцэтгэлийн бодит, найдвартай шалгуур үзүүлэлтийг боловсруулах, төгөлдөржүүлэх, сурталчлах, хөтөлбөр хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт тавих;

• сайдаас гаргах шийдвэр болон төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв боловсруулах, зарцуулалтад бүх талын дэмжлэг үзүүлэх, хяналт тавих, яамны үйл ажиллагааг төсөвтэй уялдуулах;

• хилийн чанадад байгаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар, үл хөдлөх хөрөнгө авах, түрээслэх, Улаанбаатар болон бусад хот, аймгийн төвд гадаадын Дипломат төлөөлөгчийн газар байгуулахад дэмжлэг үзүүлэх, тэдгээрт газар олгох, үл хөдлөх хөрөнгө авах бололцоог урт, богино хугацаагаар төлөвлөн мэдээлэх, газрыг тусгай хэрэгцээнд авах, дипломат төлөөлөгчийн газрын байрны үйлчилгээний асуудлыг хүлээн авч шийдвэрлэх, газар, үл хөдлөх хөрөнгийн төлбөрөөс харилцан чөлөөлөх хэлэлцээр байгуулах асуудлыг санаачлан яриа хэлэлцээ явуулах;

• яамны үйл ажиллагаанд орчин үеийн техник технологи нэвтрүүлэх, аюулгүй байдлыг хангах, төрийн нууцыг хадгалах, хамгаалах, бичиг харилцааны хөтлөлтийг эрхлэх, яамны нэгжүүдийн хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, тэдэнд бүх талын дэмжлэг үзүүлэх, яамны үйл ажиллагаанд удирдлага, зохион байгуулалтын тэргүүний туршлага, шинэлэг арга барилыг нэвтрүүлэх;

• яамны ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг гаргах, тэдэнтэй үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээ байгуулах, дүгнэх, хөдөлмөрийн сахилга бат, дотоод дэг журмыг чанд мөрдүүлэх, мэдээ тайланг гаргуулах, шагнаж урамшуулах, хариуцлага тооцох тогтолцоог оновчтой бүрдүүлэх, хүний нөөцийн бодлогыг төлөвлөх, хэрэгжүүлэх, албан хаагчдын давтан сургалтын тогтолцоог бүрдүүлэх, дотоод сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах, ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх;

• дипломат төлөөлөгчийн газар болон төр, засгийн байгууллага хоорондын харилцааг дэмжих чиглэлээр нэгдсэн зохицуулалт, үйлчилгээгээр хангах.

Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд хуулийн нэгж, санхүү, эдийн засгийн нэгж, гадаад харилцааны төв архив ажиллана. Хуулийн асуудал эрхэлсэн нэгж нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргаас шийдвэр гаргахад шаардлагатай хууль, эрх зүй, шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаагаар хангах, бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах, Монгол Улсын хууль тогтоомжийн төсөлд санал өгөх, авлигаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаарх хуулийн хэрэгжилтийг хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн нэгж нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан санхүү, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны хэрэгжилтийг хангах, санхүү, хөрөнгө оруулалтын бодлого боловсруулж, хууль тогтоомжид заасны дагуу төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөл боловсруулах, төсвийг захиран зарцуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Гадаад харилцааны төв архив нь архивын бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг хангах, байгууллага, иргэдэд архивын хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх, Монгол Улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаатай холбоотой болон тус яамны үйл ажиллагааны явцад үүсч бүрдсэн баримт бичгүүдийг хууль тогтоомжийн дагуу төвлөрүүлэн хадгалах, түүх, улс төр, эдийн засаг, эрдэм шинжилгээний ач холбогдолтой материалуудыг цуглуулах, сан хөмрөгийг бүрдүүлэх, баяжуулах, хосгүй үнэт баримт бичгүүдийг сэлбэн засах, нөхөн сэргээх, тоо бүртгэл хөтлөх, эрдэм шинжилгээ, мэдээллийн лавлагааны сан үүсгэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, сайдын эрхлэх ажлын хүрээний байгууллага, Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, Монгол улсад суугаа гадаад улсын Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь яамд, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, тэдгээрийн Тамгын газар, иргэд болон хуулийн этгээд байна.

3.3.4.хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

Энэ нэгж нь гадаад бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд хууль тогтоомж, гадаад улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны бодлого, хөтөлбөр, төсөл, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих, дүн шинжилгээ, хяналт-шинжилгээ хийх, үнэлгээний үр дүнд тулгуурлан санал үндэслэл боловсруулах; сайдын эрхлэх асуудлын хүрээний зорилт, үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих, дүн шинжилгээ, хяналт-шинжилгээ, дотоод аудит хийж үнэлгээ өгөх, зөвлөмж боловсруулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь гадаад харилцаанд холбогдох хууль тогтоомж, бодлогын баримт бичгүүд, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд гадаад харилцааны талаар тусгагдсан зорилт, арга хэмжээ, Улсын Их Хурал, Засгийн газраас баталсан хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын үнэлгээний мэдээллийн системд байршуулж, тайланг холбогдох байгууллагуудад хүргүүлэх, яамны нээлттэй, ил тод, шударга байдлын үнэлгээг хийж, тайлагнаж, Шилэн дансны тухай хуульд заасан мэдээллийг холбогдох нэгдсэн цахим хуудсанд үнэн зөв, цаг хугацаандаа байршуулж байгаа эсэхэд хяналт тавьж, хариуцсан асуудлаар Дипломат төлөөлөгчдийн газруудыг удирдлага заавраар хангаж үйл ажиллагааг нь үнэлэн дүгнэх замаар хэрэгжинэ.

Энэ нэгжийн үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь яамд, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, тэдгээрийн Тамгын газар байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцогч гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар байна.

 

-оОо-