Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх

Монгол Улс, Евразийн Эдийн засгийн холбооны Чөлөөт худалдааны хэлэлцээр

ОХУ, Казахстан, Беларусийн төрийн тэргүүн нар 2014 оны 5 дугаар сарын 29-нд Алма-Атад уулзахдаа хуучин гаалийн холбоог өргөтгөх замаар Евразийн эдийн засгийн холбоог байгуулж, холбогдох баримт бичигт гарын үсэг зурсан, түүнд  2015 онд Армен, Киргиз улсууд нэгдсэн байна.

ЕАЭЗХ нь гишүүн улсуудын хоорондын эдийн засгийн хамтын ажиллагаа, өрсөлдөөний орчныг сайжруулах, улсуудын амьжиргааны түвшинг дээшлүүлэн иж бүрэн, тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор байгуулагдсан бүс нутгийн интеграцийн нэг хэсэг болж байна.

Евразийн эдийн засгийн холбооны дээд байгууллага нь гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарын уулзалт болох бөгөөд Евразийн эдийн засгийн холбооны интеграцчиллын өдөр тутмын үйл ажиллагааг Евразийн комиссоос удирдаж байна. Комиссын бүрэлдэхүүнд Армен, Беларусь, Казахстан, ОХУ, Киргизийн төлөөлөгчид ордог.

Евразийн эдийн засгийн холбоо нь 2015.1.15-аас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Хамтын ажиллагааны механизмууд нь дараах орнуудад байрлаж байна:

  • Евразийн санхүүгийн удирдлага- Казахстаны Алма-Ата хотод
  • Евразийн эдийн засгийн удирдлагын төв нь-Оросын Москва хотод
  • Евразийн шүүх-Беларусьын Минск хотод байрлаж байна.

Мөн Евразийн эдийн засгийн холбооны бүрэлдэхүүнд мөн Евразийн Өндөр технологийн төв, Евразийн биотехнологийн улс хоорондын хөтөлбөр, Евразийн хямралын эсрэг сан, Евразийн хөгжлийн банк орж, үйл ажиллагаагаа явуулдаг.

Евразийн эдийн засгийн холбоо нь нийт 20 сая гаруй км2 газар нутагтай буюу хуурай газрын газрын 15%-ийг хамарч, энд 182,1 сая хүн амьдарч,  2 411,2  тэрбум ам. долларын ДНБ, түүний дотор 1,3 их наяд ам. долларын үйлдвэрийн бүтээгдэхүүн  үйлдвэрлэж,  байгаа бол тэдний худалдааны эргэлт 2014 онд 877,6 тэрбум ам. доллар байжээ[1].

Евразийн эдийн засгийн холбоо нь 2015 онд үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш ерөнхийдөө төлөвшиж, нэр хүнд нь өсч, олон орны сонирхлыг татаж байгаа бловч зарим бэрхшээлүүд байсаар байна.

Нэгдсэн гадаад тариф /common external tariff/. Евразийн гаалийн холбоо нь ОХУ-ын тарифыг бусад орнуудын хувьд хэрэглэх тариф болгон авсан нь илүү либерал бодлого баримталж байсан Казахстан, Киргиз, Тажикстаны тарифын хэмжээг нэмэгдүүлэхэд хүрчээ. Казахстан бүр эхний жилд тарифынхаа хэмжээг дунджаар 6,7%-иас 11,1% болгож бараг нэг дахин нэмэгдүүлэхэд хүрч байсан[2].

Техникийн саад тотгор. Гаалийн холбооны үед стандартын асуудлыг зөв шийдэж чадаагүйгээс болоод олон маргаан гарч байсан байна. Өнгөрсөн үед ОХУ, Беларусьын хооронд сүү, мах, автобус, шар айраг зэрэг  бараа бүтээгдэхүүнд тавигдах стандартаас болоод маргаан үүсч байсан[3] бол, ОХУ, Казахстаны хувьд техникийн саад тотгор, эрүүл мэнд, эрүүл ахуйн хорио цээрийн асуудлаас болж маргаанууд байнга гарч байсан[4] байдаг.

Худалдааг хөнгөвчлөх асуудал. Евразийн гаалийн холбоо байгуулагдсан цагаас хойш хил, гаалийн хүнд суртлыг багасгаж, дэд бүтцийн зохицон ажиллах явдлыг нэлээд сайжруулж чадсан байна. Үүний үр дүнд худалдаа хийх хугацаа богиносож, зардал буурч байгаа ажээ.

Евразийн ЭЗХ-ны гишүүн орнуудаас хоёр талын шугамаар бусад улс оронтой байгуулсан хэлэлцээрийн хувьд гэвэл, гол төлөв барааны худалдааны салбарт ЧХХ байгуулсан байна. Гишүүн орнуудаас байгуулсан ЧХХ-ийн жагсаалтыг хавсралт 1-ээс  үзнэ үү.

Гадаад хамтын ажиллагаа. Евразийн Комисс нь ЮНКТАД, Европын эдийн засгийн комисс, Ази, Номхон далайн нийгэм, эдийн засгийн комисс, Евразийн хөгжлийн банктай хамтран ажиллаж, ЮНКТАД-д ажиглагчийн статустай болсон. Хятад, Монгол,  ЮНКТАД, НҮБ-ын Европын эдийн засгийн комисс, МЕРКОСУР-той хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан, БРИКС, АСЕАН-тай энэ талаар ярилцаж байна.

ЕАЭЗХ нь илүү өргөн хүрээний Евразийн эдийн засгийн холбоог бий болгох үүднээс бусад улс орныг нэгдэн ороход нээлттэй байх бодлоготойг онцлох нь зүйтэй. Ази, Латин Америк, Арабын Хятад,Энэтхэг, Египет, Израил, Сири, Солонгос, Индонейз, Монгол, Тайланд, Камбож зэрэг нийт 40 гаруй улс ЕАЭЗХ-той  худалдааны чөлөөт бүсийг бий болгох сонирхлоо илэрхийлээд байна[5].

ЕАЭЗХ нь ЧХХ байгуулах асуудлаар Египет, Израиль, Энэтхэгтэй хамтарсан судалгааг хийж, хэлэлцээг явуулж байгаа ба Вьетнамтай 2015 онд хэлэлцээрт гарын үсэг зурсан. ЕАЭЗХ нь 2015 оны 12 дугаар сард болсон АСЕАН-ы эдийн засгийн комиссын хурлын дараагаар АСЕАН-ы орнуудтай худалдааны харилцаагаа өргөтгөх тал дээр идэвхтэй ажиллаж байна. АСЕАН-ны гишүүдээс Тайланд нь Вьетнамын дараагаар ЕАЭЗХ-той ЧХХ байгуулах орон болно гэсэн хүлээлттэй байна.

ЕАЭЗХ-ын гишүүн орнууд, Монгол Улс хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа

ЕАЭЗХ-ны зах зээл бол Монгол улсын хувьд экспортын гол зах зээлүүдийн нэг юм. Нэн ялангуяа ОХУ болон Казахстан улс нь Монгол улсын хувьд экспортын өндөр багтаамж /export potential/ бүхий зах зээлд тооцогддог.

Монгол улс нь Евразийн Комисстой албан ёсны хамтын ажиллагааг  2015 онд эхлүүлж, “Хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын тухай санамж бичиг”-т гарын үсэг зурсан. Дээрх Санамж бичгийг хэрэгжүүлэх үүднээс ЕАЭЗ-ын Комисс болон Монгол Улсын Засгийн газрын хоорондын хамтын ажиллагааны ажлын хэсэг байгуулагдсан[6].

Монгол улс, ЕАЭЗХ-ийн хооронд ЧХХ байгуулахад холбогдох орнуудын макроэдийн засгийн болон худалдаанд гарах нөлөөллийг тооцсон судалгааг  ГХЯ-ны захиалгаар 2016 онд гүйцэтгэсэн бөгөөд тус судалгааны үр дүнд  дараах дүгнэлтийг хийсэн болно. Үүнд:

  • Монгол Улсаас ЕАЭЗХ-той ЧХХ байгуулах нь монголын бараа бүтээгдэхүүний хувьд зах зээлийг тэлж, үндэсний үйлдвэрлэл хөгжих, уул уурхайн бус салбарт ГШХО нэмэгдэх таатай нөхцлийг бүрдүүлэх болно. Дээрх зах зээлд монголын бараа бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгааг харуулсан. Хэрвээ бид үйлдвэрлэлийн хүчин чадлаа бүрэн ашиглаж, нэмүү өртөг шингэсэн илүү бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадах юм бол монголчуудын ашиг илүү нэмэгдэх боломжтой.
  • Монгол Улсаас ЕАЭЗХ-той ЧХХ байгуулах тохиолдолд Монголд дотоодын баялаг 6,5%-иар өсөхөөр дүн гарсан нь импортын бүтээгдэхүүн нэмэгдснээс, дотоодод үйлдвэрлэл хөгжснөөс бүтээгдэхүүний үнэ буурах, орлого нэмэгдэх зэрэг замаар ард түмэн ашиг хүртэхийг харуулсан. Харин ЕАЭЗХ-ны гишүүдийн хувьд баялагийн нөлөөлөлд төдийлөн өөрчлөлт ороогүй.
  • Монгол Улс ЕАЭЗХ-той ЧХХ байгуулах нөхцөлд ДНБ-ний өсөлт 1 хувиас хэтрэхгүй өөрчлөлт гарахаар тооцоо гарсан. Гэвч энэхүү үзүүлэлт нь ЧХХ байгуулахад гардаг дэлхийн хэмжээний дундач үзүүлэлт болж байгаа.
  • Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд Холбоонд нэгдэхдээ худалдааны тариф буурснаас ашиг гаргах биш, харин тарифын бус хүчин зүйл, техникийн саад тотгорыг арилгах замаар гол ашгийг гаргана гэж тооцжээ. Үүнд нь тарифын бус хүчин зүйл, техникийн саад тотгорын асуудлыг Евразийн эдийн засгийн Комисс-т хариуцуулсан, жижиг орнууд энд ОХУ-тай адил нэг саналтай, тооны хувьд олон байгаад голлон найдаж байгаа ажээ. Эдгээр хүчин зүйлүүд нь Монголын хувьд нэгэн адил үйлчилж байгаа.

Монгол Улсын олон улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа үндсэндээ нэг орноос хэт хамаарах болсныг өөрчлөх цорын ганц зам нь ЕАЭЗХ-той ЧХХ байгуулах зам гэж дүгнэсэн болно.

[1] Eurasian Economic Integration: Facts and Figures, 2015, p 12-13

[2] David G.Tarr, Eurasian Economic Union among Russia, Belarus, Kazakhstan, Armenia and the Kyrgyz Republic: Can succeed where is predecessor failed?  2015, р 30http://papers.ssrn.com/sol3/papers.cfm?abstract_id=2185517

[3][3] Petrovskaya, Galina, Belorus, Russia, Ukraine: Doomed for trade conflicts, www.dw.de/dw/article/0,,16023176,00.html

[4] Boguslavska, The First Step of EEU: Disputes, initiatives and Results, 2015, Center for Security Studies, ETH, Zurih,

[6] Eurasian Economic Commission  www.eurasiancommission.org