Япон Улсын Засгийн газрын төслийн бус буцалтгүй тусламжаар хэрэгжих “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих төсөл”, буцалтгүй тусламжаар хэрэгжих “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн талаарх “Засгийн газар хоорондын солилцох ноот бичиг”-үүдэд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад харилцааны сайд Дамдины Цогтбаатар, Японы Улсын Засгийн газрыг төлөөлж Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки нар гарын үсэг зурав. Гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Их хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Эрүүл мэндийн яам, Монгол Улс дахь Япон Улсын Элчин сайдын яамны холбогдох албаны хүмүүс байлцав.
Сайд Д.Цогтбаатар дэлхийн улс орнууд “COVID-19” коронавируст халдварын тархалттай тасралтгүй тэмцэж буй энэ цаг үед манай Стратегийн түнш Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад хоёр талын болон олон улсын байгууллагуудын хүрээнд бодит дэмжлэг, туслалцаа үзүүлж байгаад талархал илэрхийлээд эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн төслийн бус буцалтгүй тусламжийн хүрээнд 1 тэрбум иенийн эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн тусламж үзүүлж байгаа нь цаг үеэ олсон тусламж болохыг онцлов.
Япон Улсын Засгийн газрын “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр” нь зах зээлийн эдийн засагт шилжсэн улс орнуудын хүний нөөцийн хөгжлийг дэмжих зорилготой бөгөөд улс орны хөгжилд хувь нэмэр оруулах ирээдүйтэй залуу төрийн албан хаагчдыг Япон Улсын их дээд сургуульд суралцуулж, мэдлэг олгодог нэн ач холбогдолтой хөтөлбөр юм.
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр” Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2020-2024 онуудад хэрэгжих бөгөөд хөтөлбөрийн хэрэгжилтэд зориулж 2020 оны санхүүгийн жилд 249.0 (хоёр зуун дөчин есөн) сая иенийн буцалтгүй тусламж олгоно. Хөтөлбөрийн хүрээнд 2020 онд хууль, эдийн засаг, төрийн удирдлага зэргийн мэргэжлүүдээр 16 төрийн болон хувийн хэвшлийн албан хаагч магистр, докторын сургалтад хамрагдах юм.
Монгол Улс энэхүү хөтөлбөрт 2001 оноос хамрагдаж эхэлсэн бөгөөд нийт 20 төсөл хэрэгжиж, 360 оюутан Япон Улсын нэр хүндтэй их дээд сургуулиудад хууль, эрх зүй, төрийн удирдлага, эдийн засаг, бизнесийн удирдлага, олон улсын харилцаа, мэдээллийн технологийн зэрэг чиглэлээр суралцаж, эх орныхоо хөгжилд чухал хувь нэмэр оруулж байна.