Гадаад Харилцааны яамны Хөрөнгө оруулалтын судалгааны төв НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Зүүн болон Зүүн Хойд Азийн хэлтэстэй хамтран “Эдийн засгийн коридорын менежментийг сайжруулах нь” сэдэвт цахим сургалтыг 2021 оны 01 дүгээр сарын 19-нээс 20-ний өдрүүдэд зохион байгуулав.
Тус сургалтын үеэр “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг” амжилттай хэрэгжүүлэхэд жишээ болохуйц бусад улсын сайн жишээ, сургамж, олон улсын байгууллагуудаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, эдийн засгийн коридорын менежментийг хэрхэн үр дүнтэй зохион байгуулах талаар НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг улсуудын асуудал хариуцсан газар, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг байгууллагын мэргэжилтнүүд танилцуулга хийж, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгөв.
Сургалтад ГХЯ-ны холбогдох газрын төлөөлөл, Бангкокт суугаа ЭСЯ-ны төлөөлөл, ЗТХЯ, ҮХГ, ГЕГ, МХЕГ, УБТЗ ХНН, Алтанбулаг болон Замын-Үүдийн чөлөөт бүсийн ажлын алба, МУИС болон судлаачид, “Монгол тээвэр нэгдэл” зэрэг байгууллагаас нийт 50 орчим төлөөлөгч оролцож, “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т туссан төслүүдийг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх асуудлаар санал солилцов.