“Монгол Улс–БНХАУ-ын ӨМӨЗО-ны худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа-2018” сэдэвт форумыг Гадаад харилцааны яам, Үндэсний хөгжлийн газар, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газар, Худалдааны танхим зэрэг байгууллага хамтран 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдөр зохион байгуулав.
Тус форумыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Намын хорооны нарийн бичгийн дарга, Ардын их хурлын Байнгын хорооны дарга Ли Жихөн нар нээж үг хэлэв.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлсэн үгэндээ БНХАУ нь манай улсын худалдаа, хөрөнгө оруулалтын гол түнш бөгөөд ӨМӨЗО нь Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж ирснийг тэмдэглэв. Гадаад харилцааны сайд хоёр улсын Засгийн газрууд худалдааны эргэлтийг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэх, эдийн засгийн томоохон төслийг урагшлуулах зорилтыг дэвшүүлэн ажиллаж, худалдааг хөнгөвчлөх, боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, хил, гаалийн хяналт шалгалтыг хялбаршуулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч буй нь манай улс, ӨМӨЗО-ны аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх таатай орчныг бүрдүүлж байгааг онцлон тэмдэглээд “Хөгжлийн зам” болон “Бүс ба Зам” санаачилгыг уялдуулан хэрэгжүүлэх, “Монгол-Орос”Хятадын эдийн засгийн коридор” байгуулах бүтээн байгуулалтын хүрээнд хоёр болон гурван талын хамтын ажиллагааны шугамаар хэрэгжүүлэх төслүүдэд хоёр улсын аж ахуйн нэгжүүд идэвхтэй хамтран ажиллахыг уриалав.
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Намын хорооны нарийн бичгийн дарга, Ардын их хурлын байнгын хорооны дарга Ли Жихөн хэлсэн үгэндээ сүүлийн жилүүдэд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа тасралтгүй хөгжиж байгаад ӨМӨЗО идэвхтэй үүрэг гүйцэтгэж ирснийг онцолж, Монгол Улстай дэд бүтэц, аялал жуулчлал, гэр хорооллын дахин төлөвлөлт, хөдөө аж ахуй зэрэг бүхий л салбарт бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх сонирхолтой байгааг илэрхийлэв.
Форумын үеэр УУХҮЯ, ХХААХҮЯ, ЗТХЯ, БОАЖЯ, Үндэсний хөгжлийн газраас Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, эдийн засгийн голлох салбаруудад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хамтран ажиллах боломжийн талаар танилцуулга хийв.
“Монгол Улс–БНХАУ-ын ӨМӨЗО-ны худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа-2018” форумын хүрээнд хоёр талын бизнес эрхлэгчдийн ганцаарчилсан уулзалт зохион байгуулсан бөгөөд хоёр талаас 300 орчим бизнес эрхлэгчид оролцов. Форумын үеэр хоёр талын 12 аж ахуйн нэгж, байгууллагын хооронд 400 сая орчим ам.долларын үнийн дүн бүхий хамтын ажиллагааны гэрээ хэлцэл байгуулав.