Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохМОНГОЛ УЛС, БНХАУ, ОХУ-ЫН ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ НАЙМДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО

МОНГОЛ УЛС, БНХАУ, ОХУ-ЫН ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ НАЙМДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО

Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар тэргүүтэй төлөөлөгчид 2016 оны 9 дүгээр сарын 2-4-нд БНХАУ-ын Эрээн хотноо зохион байгуулагдсан Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны VIII чуулга уулзалтанд оролцов.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Шадар сайдын Ажлын албаны дарга Б.Энх-Амгалан, Шадар сайдын Ажлын албаны зөвлөх Р.Алтангэрэл, Монголын үндэсний худалдаа, Аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав нар оролцов.

Чуулганы нээлтийн ёслолын арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг гардуулж, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ БНХАУ болон ОХУ-тай эрх тэгш, найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байдаг. Монгол, Хятад, Орос гурван улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө Хятадын тал хүчин чармайлт гаргаж, энэхүү чуулга уулзалтыг уламжлал болгон зохион байгуулж ирсэнд талархал илэрхийлж, гурван талын хэлэлцэн тохиролцсон зарим асуудлууд амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байгааг илэрхийлэв.

Мөн гурван улсын Төрийн тэргүүн нар Монгол, Хятад, Оросын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг тохирч, нэн тэргүүнд хэрэгжүүлэх 32 төслийн жагсаалтыг баталсан тухай дурьдаад, энэ хүрээнд хил дамнасан төмөр зам, авто замын сүлжээг бий болгох, дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, монголын экспортын бараа, түүний дотор мал аж ахуй, газар тариалан, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнд гаалийн татварын хөнгөлөлт үзүүлэх, тарифын бус хориг саадыг арилгах зэрэг өргөн хүрээтэй асуудлуудыг хэрэгжүүлэхээр тусгасан тухай онцлон тэмдэглэв.

Түүнчлэн Өрнө, Дорныг холбосон өвөрмөц байршилтай, энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого явуулдаг, ардчилсан улсын хувьд Монгол Улсын Засгийн газар улс төрийн тогтвортой байдал, гадаад бодлогын залгамж чанар, бүс нутаг, олон улсын хөгжил цэцэглэлтэнд хувь нэмэр оруулахад чиглэсэн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох байр суурийг баримталдаг бөгөөд Монгол Улсын ашиг сонирхлыг дээдэлсэн, хөрш орнуудаа хүндэтгэсэн, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн нэгдмэл улс төрийн бодлого  хэрэгжүүлэхээ илэрхийлэв.

Мөн энэхүү чуулга уулзалт, үзэсгэлэнгийн арга хэмжээ нь гурван улсын хил залгаа аймаг, хотууд, бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлж, шинэ шатанд гаргах, олон аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд шинэ боломж, шинэ зах зээл, шинэ түншлэл бий болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж чуулга уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүсэв.

Чуулга уулзалтын хүрээнд төлөөлөгчид  БНХАУ-ын ӨМӨЗО-ны дэд дарга Юнь Гуанжун, Хятадын Олон улсын худалдааг дэмжих хорооны дэд дарга Ван Зиньжэнь, ӨМӨЗО-ны Эрээн хотын Намын хорооны дарга Луо Цин нарыг тус тус хүлээн авч уулзаж, гурван улсын худалдаа, эдийн засгийн чуулга уулзалтын үйл ажиллагааг сайшааж, Монгол Улс, БНХАУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хил, гааль, хорио цээр зэрэг хяналт, шалгалтын байгууллагуудын үйл ажиллагааг шуурхай болгох, бизнес эрхлэгчдийг дэмжих, хөнгөлөлт эдлүүлэх, тус хотын хилийн худалдааны бүсэд үйл ажиллагаа эрхэлж буй монголын бизнес эрхлэгчдэд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэж өгөхийг хүсэв.

Төлөөлөгчид Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотноо суугаа Консулын газрын ажил байдалтай танилцаж, чуулга уулзалтын үзэсгэлэнгийн танхимууд, Эрээн хотын Хилийн иргэдийн худалдааны бүсэд зочлов.

Энэ удаагийн чуулга уулзалтанд Монгол Улсын 100 гаруй аж ахуйн нэгж оролцож, өөрсдийн боловсруулж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг танилцуулж, сурталчилсан байна.

image2

image4