Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Суреш Бабуг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Гадаад харилцааны сайдаар томилогдож, үүрэгт ажилдаа орсонтой нь холбогдуулан сайд Д.Цогтбаатарт Элчин сайд Суреш Бабу баяр хүргээд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Сушма Сваражийн баярын мэндчилгээг гардуулав.
Сайд Д.Цогтбаатар түүхэн болон соёлын хэлхээ холбоо, ардчиллын нийтлэг үнэт зүйлст суурилсан Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг урагшлуулан хөгжүүлэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллана гэв.
Талууд улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалахын салбарт хамтын ажиллагаа ахицтай хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд худалдаа, хөрөнгө оруулалт, соёл, боловсролын чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг эрчимжүүлэхээр ярилцав. Түүнчлэн олон улс, бүс нутгийн талбарт Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийг гүнзгийрүүлэхээр тохиролцов.