Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСАГ, ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНИКИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ МОНГОЛ, ВЬЕТНАМЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН ЭЭЛЖИТ XIX ХУРАЛДААН ХАНОЙ ХОТНОО БОЛОВ

ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСАГ, ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНИКИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ МОНГОЛ, ВЬЕТНАМЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН ЭЭЛЖИТ XIX ХУРАЛДААН ХАНОЙ ХОТНОО БОЛОВ

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 19 дүгээр хуралдаан 2024 оны 11 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын нийслэл Ханой хотноо зохион байгуулагдлаа.

Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Монголын хэсгийн дарга Ж.Энхбаяр, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд, Вьетнамын хэсгийн дарга Ле Минь Хоан нар ахалж, хоёр улсын холбогдох яам, байгууллагын албаны хүмүүс оролцов.

Талууд хоёр улсын нийгэм, эдийн засгийн байдлын талаар мэдээлэл солилцож, Монгол, Вьетнам хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, зам тээвэр, хөдөө аж ахуй, байгаль орчин, соёл, боловсрол, аялал жуулчлал, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны асуудлуудын талаар хэлэлцэв.

Хуралдааны эхэнд талууд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг хоёр талдаа ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж буйг сайшааж, энэ хүрээнд зохион байгуулж буй Засгийн газар хоорондын комиссын хуралдаан нь Монгол, Вьетнамын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулах, худалдаа, эдийн засаг, хүнс, хөдөө аж ахуй, мал эмнэлэг зэрэг бүхий л салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийллээ.

Манай хоёр улсын Ерөнхийлөгч нарын түвшинд харилцан хэрэгжсэн төрийн айлчлал нь Монгол, Вьетнамын харилцаа, хамтын ажиллагааны өнөө цагийн шинэ эхлэлийг тавьж, ирээдүйн 70 жилийн хэтийн төлөв, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлсон түүхэн айлчлал болсныг талууд онцлов.

Сайд нар дээд түвшний айлчлалын үеэр тохирсон ажлыг эрчимжүүлж, бодит ажил хэрэг болгох, бие биеэ нөхсөн, харилцан ашигтай, иж бүрэн, цогц хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тус комисс чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэлээ.

Талууд Монгол, Вьетнамын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх хүрээнд хоёр орны давуу тал бүхий бараа, бүтээгдэхүүнийг хоёр улсын зах зээлд харилцан нийлүүлэх чиглэлд нягт хамтран ажиллах, ялангуяа Монгол Улсаас Вьетнам Улсад хонь, ямааны мах, Вьетнам Улсаас Монгол Улсад сайн чанарын цагаан будаа нэн түрүүнд нийлүүлэх ажлыг эрчимжүүлэхээр тохирлоо.

Мөн хоёр улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын хамтын ажиллагааны хүрээнд байгуулсан “Бизнесийн зөвлөл”-ийн ач холбогдол, үүргийг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчид хооронд хэлхээ холбоо тогтоох, мэдээллээр хангахад дэмжлэг үзүүлэх, аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих зэргээр хамтран ажиллахаар боллоо.

Талууд хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр”-ийг эцэслэн тохирох ажлыг эрчимжүүлэхээр тогтов.

Вьетнамын тал Хөрөнгө оруулалтын Зөвлөл байгуулах, түүний дотор “Мах үйлдвэрлэлийн зөвлөл” байгуулах саналыг дэвшүүлэхэд монголын тал саналыг дэмжиж, бодит ажил хэрэг болгоход хамтран ажиллахаа илэрхийллээ.

Талууд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, бараа бүтээгдэхүүний экспорт, импортыг дэмжихэд тээвэр, логистикийн асуудлыг шийдвэрлэхийн чухлыг онцлон тэмдэглэв. Энэ хүрээнд Монгол, Орос, Хятад гурван улсын байгуулсан “Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Вьетнам Улсыг нэгдэн ороход Монгол Улс дэмжлэг үзүүлэх, Монгол, Вьетнам, Хятад гурван улсын хооронд бараа бүтээгдэхүүн тээвэрлэх механизмыг байгуулах тухай асуудлыг үргэлжлүүлэн судалж, холбогдох талуудтай яриа хэлэлцээ өрнүүлэх, дамжин өнгөрөх тээвэр, агаарын тээвэр, төмөр зам болон далайн тээврийн салбарт үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаар тогтов.

Хоёр улсын хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэн Монгол, Вьетнамын харилцааны тулгуур багана, үлгэр жишээ салбар болгох боломж бий гэдэгт санал нэгдэж, хоёр улсын нэрийн хуудас болохуйц хамтарсан томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, түүний дотор махны хамтарсан үйлдвэр байгуулах боломжийг эрэлхийлэхээр болов.

Талууд хөдөө аж ахуйн салбарт баримталж буй хөгжлийн бодлого, цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээнүүдийн талаарх мэдээллийн урсгалыг нэмэгдүүлэх, цагаан будааны тогтвортой нийлүүлэлтийг хангах, хөдөө аж ахуйн гаралтай бараа, бүтээгдэхүүний экспортын эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, хөдөө аж ахуйн салбар дахь дэвшилтэт технологийг судалж, хэрэглээнд нэвтрүүлэх зэрэг чиглэлд харилцан дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

Мөн “Монгол Улсаас БНСВУ-д экспортлох хонь, ямааны махны олон улсын мал эмнэлгийн гэрчилгээний загвар”-ыг 2023 онд харилцан баталсан ажлын хүрээнд Вьетнамын Мал эмнэлгийн мэргэжилтнүүд болон үнэлгээний багийг Монгол Улсад ажиллуулж, мах, махан бүтээгдэхүүнийг ханган нийлүүлэх ажлыг шуурхай эхлүүлэхээр харилцан тохиров.

Талууд хоёр орны ард иргэдийн найрамдал, нөхөрлөл, харилцан ойлголцлыг бататгах зорилгоор соёл, спорт, аялал жуулчлалын салбарт хамтарсан соёлын өдрүүд зэрэг арга хэмжээг зохион байгуулах, соёлын өвийн салбарт хамтран ажиллах, хоёр улсын аялал жуулчлалын давуу тал, нөөц бололцоог харилцан сурталчлах зэрэг ажлыг эрчимжүүлж, идэвхтэй хамтран ажиллахаар болов.

Энэ хүрээнд Монгол дахь Вьетнам судлал, Вьетнам дахь Монгол судлалын үйл ажиллагааг дэмжин ажиллах болон мэдээлэл, харилцаа холбоо, цахим технологийн шинэ салбарт талууд хамтран ажиллахаар тохирч, холбогдох баримт бичгийг байгуулахаар тогтов.

Талууд өнгөрсөн онд байгуулсан визийн шаардлагаас харилцан чөлөөлөх хэлэлцээр нь иргэд харилцан зорчих урсгалыг нэмэгдүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлснийг онцлоод Улаанбаатар-Хочиминь чиглэлийн шууд, тогтмол нислэгийг энэ оны 12 дугаар сараас эхлүүлж буй нь хоёр орны иргэдийн солилцоог нэмэгдүүлэх, бизнес, аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтойг сайшаан тэмдэглэв.

Мөн хоёр улсын хөдөлмөрийн зах зээлд хэрэгцээтэй салбарт ажиллах хүч нийлүүлэх, хүлээн авах боломжийн талаар үргэлжлүүлэн судлахаар тохиров.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд монголын хөрсөнд тохирсон мод тарих судалгаа хийх ажлыг эхлүүлж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчноо хамгаалахад чиглэсэн олон улсын хүчин чармайлтад талууд хувь нэмрээ оруулахаа илэрхийллээ.

Энэ удаагийн Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 19 дүгээр хуралдаан ажил хэрэгч, халуун дотно уур амьсгалд болж, талууд хуралдааны дүнгээр эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, зам тээвэр, аялал жуулчлал зэрэг бүхий л салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд хөгжүүлэх тухай протоколд гарын үсэг зурав.

Хуралдааны хүрээнд тус комиссын Монголын хэсгийн дарга Ж.Энхбаяр Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам, Хөдөө аж ахуй, хөгжлийн сайд Ле Минь Хоан нартай тус тус хоёр талын уулзалт хийж, Монгол, Вьетнамын харилцаа, хамтын ажиллагааны талаар найрсаг, халуун дотно уур амьсгалд санал солилцов.

Мөн энэ хүрээнд БНСВУ-ын Ханой хотноо зохион байгуулагдсан олон улсын хөдөө аж ахуйн “Aгро Вьет-2024” үзэсгэлэнд Монголын Засгийн газрын төлөөлөгчид болон манай 10 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож, холбогдох компаниуд хооронд Вьетнам Улсад мах экспортлох тухай санамж бичигт гарын үсэг зурав.