Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Мөнхтүшиг Улаанбаатар хотноо болж буй Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад оролцож буй ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Энэтхэг, Номхон далайн асуудал эрхэлсэн Төрийн сайд Кэтрин Вэстийг 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Мөнхтүшиг Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камероны 2024 оны 4 дүгээр сард манай улсад хийсэн албан ёсны айлчлал нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг онцолж, Монгол, Британийн харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх, “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр” байгуулах зорилтоо үр дүнтэй хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.
Мөн дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг нэмэгдүүлэх, хөгжлийн бодлогын хэрэгжилтэд хувь нэмрээ оруулах, багш, мэргэжилтнүүдийн англи хэлний чадавхыг дээшлүүлэхэд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх талаар ярилцлаа.