Ахмад дипломатч, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Д.Баярхүү “Аварзэдээс Бат-Очир хүртэл: Дипломатчийн эгэл бус замнал” намтар судлалын цадиг номынхоо хоёр дахь хэвлэлийн дээжийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт өнөөдөр өргөн барив.
Зохиогч 2020 онд уг номынхоо эхний хэвлэлийг 11 цадиг хөргөөр төлөөлүүлэн бүтээсэн бол энэ жил тэгш тоотой ой нь тохиосон С.Равдан, М.Дүгэрсүрэн нараар нэмж 13 болгон, Орчин цагийн Дипломат албаны 111 жилийн ойдоо өргөн барихаар шийджээ.
“111” гэсэн энэ тоо (“гурвын гурван нэг”) тун өвөрмөц содон, дахин давтагдахгүй гэдгээр их бэлэгшээлтэй хэмээн зохиогч үзжээ. Монголын Дипломат албаны түүхийн судлалд нэмэр хандив болох уг ном XX зууны хоёр дахь хагасын гадаад бодлого, гадаад харилцааны түүх, тэр үеийн ГЯЯ-ны түүхийг үлэмж дэлгэрэнгүй тусгасан байна.