Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
Нүүрсоёлын элч“ХОТУЛУН ГҮНЖ” КИНО BERLINALE EFM-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦОВ

“ХОТУЛУН ГҮНЖ” КИНО BERLINALE EFM-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦОВ

Шүүдэр продакшн, VОО-н хамтын бүтээл Хотулун гүнж түүхэн, тулаант уран сайхны кино энэ оны 2 дугаар сарын 10-20-ны өдрүүдэд ХБНГУ-ын Берлин хотноо зохион байгуулагдсан 72 дахь удаагийн Berlinale олон улсын кино фестивалийн “Eвропын кино зах зээл” /Berlinale European Film Market – EFM/ хөтөлбөрт амжилттай оролцов.

“Berlinale” нь жил бүрийн 2 дугаар сард Берлин хотноо болдог дэлхийн 3 том А зэрэглэлийн кино наадмын нэг бөгөөд энэ удаагийн арга хэмжээнд нийт 62 орны 600 орчим оролцогч Berlinale-EFM платформыг ашиглан үйл ажиллагаагаа танилцуулж, 1.300 орчим зах зээлийн үзүүлбэр /market screening/, 827 кино үзүүлсний дотор 600 гаруй нь зах зээлийн нээлт /market premiere/-ээ хийж, үүнд Монголоос Хотулун гүнж кино багтсан байна.

Berlinale-EFM нь дэлхийн кино, контентын салбар, түүний эдийн засгийн хөгжилд  чухал түлхэц үзүүлдэг бөгөөд энэ удаа “Хөгжлийн өөрчлөлт” сэдвээр олон улсын кино ба бүтээлч үйлдвэрлэлийн салбарын мэргэжилтнүүд хэлэлцүүлэг зохион байгуулав. Тус байгууллагын захирал Деннис Руу /Dennis Ruh/ уг арга хэмжээ нь шинэ кино, контент олж авах хүсэл эрмэлзэл, лиценз эрхийн арилжааны эрэлт хэрэгцээ өссөн нь хүчтэй мэдрэгдэж байсныг дурдаад, улмаар Монгол, Коста Рика, Малайз, Уругвай зэрэг улсын төлөөлөл, компаниуд анх удаа оролцож буйг онцлов.

Шүүдэр продакшн нь үзэсгэлэн худалдааны виртуал орон зай авч үйл ажиллагаа, шинэ бүтээлээ танилцуулан, улмаар 2 дугаар сарын 11, 14, 16-ны өдрүүдэд 3 удаа screening үзүүлбэр хийв. Монгол Улсын ГХЯ, Соёлын яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулах багт Шүүдэр продакшны продюсер, зохиолч Б.Шүүдэрцэцэг, VOO-гийн контент продюсер доктор Д.Цэнгэл, Соёл, урлаг, хэвлэл, мэдээллийн төслийн менежмент зөвлөгөө ТББ /AMPMC NGO/, Монгол Улсын Соёлын Элч О.Оюунтуяа нар амжилттай хамтран ажиллав.

3Хотулун гүнж3 кино нь олон улсын кино фестивалиудын урилга, дистрибьютер, худалдан авалтын саналуудыг хүлээн авсаар байгаа бөгөөд Монголын шинэ кино бүтээлүүдийг олон улсын кино зах зээл, фестивалиудад мэргэжлийн өндөр түвшинд тогтмол танилцуулах нь кино үйлдвэрлэлийн салбарын эдийн засгийн хөгжилд  чухал ач холбогдолтой болно.