НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Иргэний бүртгэл, хүн амын статистикийн асуудлаарх Сайд нарын II бага хурал 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Тайландын Хаант Улсын Бангкок хотноо болон цахим хэлбэрээр болов.
Бага хуралд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Ж.Мохаммед, НҮБ-ын АНДЭЗНК-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Сальсиа Алисжабана, Тайландын Дотоод хэргийн дэд сайд Надхапит Снидвонгс, Хүүхдийн эрхийн хорооны дарга Микико Отани, Майкл Блүүмберг нар оролцож, үг хэлэв.
Тус хурлаар Ази, Номхон далайн бүсд иргэний бүртгэл, хүн амын статистикийн үйл ажиллагааны хэрэгжилтийг сайжруулахад гарсан ахиц дэвшил, тулгамдаж буй асуудлаас гадна эрүүл мэндийн салбар, тэр дундаа КОВИД-19 цар тахлын эсрэг тэмцэх үеийн иргэний бүртгэл, хүн амын статистикийн гүйцэтгэлийн талаар тус тус хэлэлцэв. Түүнчлэн иргэний бүртгэл болон хүн амын статистикт тулгуурлан “Тогтвортой хөгжил 2030” хөтөлбөрийг хэрэгжүүлэх болон Олон улсын халдварт өвчний ангиллын стандартын дагуу иргэдийн өвчний онош, нас баралтыг оновчтой тогтоох асуудлыг хэлэлцэж сайд нарын тунхаглал гаргав.
НҮБ-ын АНДЭЗНК-ийн Иргэний бүртгэл, хүн амын статистикийн асуудлаарх Сайд нарын II бага хурлыг Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайд бөгөөд НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч А.Төмөр даргаллаа.