Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ МЯНГАНЫ СОРИЛТЫН КОРПОРАЦЫН КОМПАКТ ГЭРЭЭНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ХАРИУЦСАН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ МЯНГАНЫ СОРИЛТЫН КОРПОРАЦЫН КОМПАКТ ГЭРЭЭНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ХАРИУЦСАН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд, Монголын Мянганы сорилтын сангийн удирдах зөвлөлийн дарга Б.Батцэцэг 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр АНУ-ын Мянганы сорилтын корпорацын Компакт гэрээний үйл ажиллагаа хариуцсан Дэд ерөнхийлөгч Камерон Алфордыг хүлээн авч уулзав.

Уулзалтаар талууд Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх Хоёр дахь Компакт гэрээний хүрээнд баригдах хоёр дахь бүтээн байгуулалт болох Улаанбаатар хотын ус хангамжийн асуудлыг шийдвэрлэх Ус дахин боловсруулах үйлдвэрийн шав тавих ёслолын арга хэмжээ өнөөдөр амжилттай болсныг харилцан тэмдэглэв.

Сайд Б.Батцэцэг манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг, Стратегийн түншлэлийг бататгах түүхэн төсөл, хөтөлбөрийн нэг болох энэхүү Компакт гэрээг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов.

Дэд ерөнхийлөгч К.Алфорд Мянганы сорилтын корпорацын зүгээс Улаанбаатар хотын усны хангамжийг нэмэгдүүлэх, хүрээлэн буй орчин, экологийн тогтвортой байдлыг хангах, улмаар Монгол Улсын эдийн засгийн урт хугацааны өсөлтийг хангахад чухал ач холбогдолтой энэхүү Компакт гэрээг цаг хугацаанд нь амжилттай хэрэгжүүлэх, санхүүжилт, барилга угсралт, бүтээн байгуулалтын ажлуудыг төлөвлөгөөний дагуу хэвийн явуулах нь чухал болохыг онцлон тэмдэглэв.

Компакт гэрээний ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр хэрэгжсэнээр Улаанбаатар хотын урт хугацааны ус хангамжийг одоогийнхоос 64 сая шоо метр буюу өнөөгийн түвшнээс 83 хувиар нэмэгдүүлж, нийслэл хотын хүн амын унд-ахуйн усны хурдтай өсөн нэмэгдэж буй хэрэгцээг урт хугацаанд, тогтвортой хангах, эдийн засгийн ирээдүйн өсөлтийг дэмжих таатай нөхцөлийг бий болгох юм.