ГХЯ
Гадаад харилцааны яам
Ministry of Foreign Affairs
Хэвлэлийн мэдээ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ БНСУ-ЫН ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГАТАЙ УУЛЗАВ

2026.11.241
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ БНСУ-ЫН ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГАТАЙ УУЛЗАВ

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 11 дүгээр сарын 23-ны өдөр тус улсын Үндэсний Ассамблейн Хууль зүйн байнгын хорооны дарга хатагтай Со Ён Гюутай уулзаж, хоёр орны иргэдийн солилцоог дэмжих, эрх ашгийг хамгаалах асуудлаар санал солилцлоо.

Сайд Б.Батцэцэг Монгол, Солонгосын харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд гүнзгийрэн хөгжихөд хоёр орны хууль тогтоох дээд байгууллага, Байнгын хороод, парламентын гишүүд хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцлоод энэ удаагийн айлчлалаар хоёр улсын хамтын ажиллагааны эрх зүйг орчинг сайжруулах, иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудалд анхаарал хандуулж байгааг тэмдэглэв.

Хууль зүйн байнгын хорооны дара Со Ён Гюу жилд хоёр орны 360 мянга гаруй иргэд харилцан зорчиж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд хувь нэмэр оруулж байгааг тэмдэглээд хоёр орны Засгийн газар хооронд Консулын хэлэлцээр байгуулсан нь чухал ач холбогдолтой болохыг онцлов.

Со Ён Гюу гишүүн БНСУ-д оршин суугаа гадаад иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, ялангуяа хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг хангах, эцэг эхийн оршин суух статусаас үл хамааран төрсний бүртгэл хийлгэх, улмаар эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх зорилготойгоор хуулийг санаачлан Парламентдаа өргөн барьсныг Сайд Б.Батцэцэг сайшаан тэмдэглэж, энэ нь тус улсад ажиллаж, аж төрж буй монголчууд, тэдний хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалахад нэн чухал болохыг онцлов.

Хоёр тал Монгол, Солонгосын харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө парламентын түвшинд анхаарч, дэмжиж ажиллахаар ярилцав.

1 / 4

Сэтгэгдэл бичих

Холбоотой мэдээ