УИХ-ЫН ГИШҮҮН, ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДЭД ДАРГА НАМ ИН СҮНТЭЙ УУЛЗАВ

Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийж буй УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2026 оны 11 дүгээр сарын 23-нд тус улсын Үндэсний Ассамблейн дэд дарга хатагтай Нам Ин Сүнтэй уулзав.
Сайд Б.Батцэцэг Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засгийг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан улс төр, нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт өргөжин хөгжиж байгааг тэмдэглэв. Тэрээр хоёр орны Стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцолж, УИХ-ын дарга С.Бямбацогтын дотно мэндчилгээг Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг-т уламжилж өгөхийг хүсэв.
Ассамблейн дэд дарга Нам Ин Сүн сүүлийн 2 жилийн хугацаанд БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг нар тус тус Монгол Улсад айлчилсны зэрэгцээ Монгол, Солонгосын парламентын бүлэг, гишүүд хооронд ойр дотно, нягт хамтран ажиллаж байгааг тэмдэглэв. Эдгээр айлчлал, яриа хэлэлцээний үеэр тохиролцсон ажлуудыг бодит ажил хэрэг болгох, хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, Эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээрийг байгуулах замаар хоёр талд харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг чиглэлээр монголын талтай үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.
Талууд БНСУ-ын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүд болон эрчим хүч, дэд бүтэц, байгаль орчин, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, соёл, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцож, эдгээр ажлуудын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд хоёр улсын парламентын зүгээс зохих дэмжлэгийг үзүүлж ажиллахаа тэмдэглэв.
Сайд Б.Батцэцэг БНСУ-ын Үндэсний Ассамблей тус улсад оршин сууж буй гадаад иргэдийн эрх ашгийг хамгаалах, хүүхдүүдийн сурч боловсрох, эрүүл аюулгүй орчинд өсөж торних боломжийг бүрдүүлэхийн төлөө хууль, эрх зүйн орчныг сайжруулахаар ажиллаж байгаад талархал илэрхийлж, хоёр улсын иргэдийн харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх хамтарсан замын зураглалыг боловсруулан хэрэгжүүлэх, БНСУ-д оршин суугаа монгол хүүхдүүдийн эх хэл, соёлоо сурах боломж нөхцөлийг сайжруулах, хоёр улсын Засгийн газар хооронд 2006 онд байгуулсан Нийгмийн хамгааллын хэлэлцээрийг шинэчлэх асуудалд БНСУ-ын парламентын зүгээс анхаарал хандуулж, дэмжлэг үзүүлэхийг хүсэв.
Мөн БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА) НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Монгол Улсын шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг дэмжих, эмэгтэйчүүд, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх нь” төсөл үр дүнтэй хэрэгжиж буйг сайшаан тэмдэглэв.
Үндэсний Ассамблейн дэд дарга Нам Ин Сүн Монгол Улс эмэгтэйчүүдийн улс төр, нийгэм, эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх, жендэрийн тэгш байдлыг хангах асуудалд анхаарал хандуулж, олон улсын хурал, арга хэмжээний цуврал болгон энэ онд “Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт”-ыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсанд баяр хүргэв.
Мөн энэ өдөр сайд Б.Батцэцэг БНСУ-ын Үндэсний Ассамблейн Хууль зүйн байнгын хорооны дарга Со Ён Гюутай уулзаж, тус улсад суугаа монгол иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг хангах асуудлаар ярилцав. Хууль зүйн байнгын хорооны дарга Со Ён Гюу нь БНСУ-д оршин сууж буй гадаад хүүхдүүд эцэг эхийн оршин суух статусаас үл хамааран төрсний бүртгэл хийлгэх, улмаар эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх зорилготойгоор хууль санаачлан парламентад өргөн мэдүүлээд байна.

Сэтгэгдэл бичих
Холбоотой мэдээ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ БНСУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД ХАН СОН СҮГТ БАРААЛХАВ
2026.11.24
МОНГОЛ, СОЛОНГОСЫН ТАЛУУД КОНСУЛЫН ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛАВ
2026.11.24
МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД НАР АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ
2026.11.24
