ЗҮҮН ХОЙД АЗИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АСУУДЛААРХ УЛААНБААТАРЫН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ САНААЧИЛГА
Монгол Улс 1980-аад оноос Зүүн хойд Азийн яриа хэлэлцээний механизмыг бий болгох саналыг тууштай дэвшүүлж ирсэн ба 2013 онд Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг дэвшүүлж, бүс нутгийн орнуудад албан ёсоор зарласан.
Санаачилгын зорилго нь Солонгосын хойгийн асуудлыг энхийн замаар шийдвэрлэх, Зүүн хойд Азид итгэлцлийг бэхжүүлэх, энх тайвныг цогцлооход дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ.
“Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын хүрээнд ЗХА-ийн аюулгүй байдлын асуудлаарх олон улсын бага хурал, Монгол Улс тус бүс нутагт итгэлцэл бэхжүүлэх хэд хэдэн арга хэмжээг зохион байгуулсан. Тухайлбал, ЗХА–ийн эмэгтэй Парламентчдын чуулга уулзалт, ЗХА-ийн хотуудын дарга нарын уулзалт, Залуучуудын уулзалт, ЗХА-ийн орнуудын шинжээчдийн түвшний “Эрчим хүчний хэлхээ холбоо” уулзалтыг тус тус зохион байгуулсан.
ЗХА-ийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ олон улсын бага хурал нь 2014 оноос эхлэн жил бүр зохион байгуулж буй байна. Өдгөө бага хурлын нэр хүнд өсөж, яриа хэлцлийн цар хүрээ өргөжин бүс нутгийн аюулгүй байдал, эрчим хүч, дэд бүтцийн сүлжээ, ногоон хөгжил, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны боломж зэрэг өргөн хүрээний асуудлыг хэлэлцдэг, дэд бүсийн бүх улсын оролцоог хангасан, албаны хүмүүс болон эрдэмтэн судлаачдын өргөн оролцоотой нээлттэй механизм болон төлөвшиж байна.
Улаанбаатарын яриа хэлэлцээ олон улсын бага хуралд жил бүр дотоод, гадаадын 200 гаруй төлөөлөгч оролцож буй ба Монгол Улс, БНХАУ, БНСУ, БНАСАУ, Япон, ОХУ зэрэг ЗХА-ийн орноос гадна АНУ, Канад, ХБНГУ, Нидерланд, Швед, Швейцар, ЕХ болон НҮБ, олон улсын бусад байгууллагын төлөөлөгчид оролцож байна.
Эл бага хурал нь 2017 оноос эхлэн Засгийн газрын төлөөлөгчид байр сууриа илэрхийлдэг албан ёсны 1 дүгээр суваг болон эрдэмтэн, судлаачдын түвшний 2 дугаар суваг хослуулан 1.5 түвшин гэсэн хэлбэрээр явагдаж байна.