18.Үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, эдийн засгийн аюулгүй байдлыг баталгаажуулах, хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд гадаад харилцааны үр нөлөөг нэмэгдүүлэх нь эдийн засгийн гадаад харилцааны бодлогын зорилго мөн.
19.Эдийн засгийн гадаад харилцааг хөгжүүлэхдээ эрх тэгш, харилцан ашигтай байх зэрэг нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээг чанд мөрдөнө. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын заалтыг үндэс болгон эдийн засгийн аюулгүй байдлыг бүх талаар хангахыг эрмэлзэж, аль нэг улсаас хэт хараат байдалд орохоос сэрэмжилнэ.
20.Эдийн засаг, худалдааны чөлөөт бүс, хамтарсан буюу гадаадын дагнасан хөрөнгө оруулалттай аж ахуйн томоохон нэгж байгуулах, концесс олгох, дэд бүтэц шинээр бий болгох зэрэг эдийн засгийн хөгжилд үлэмж нөлөө үзүүлэх төсөл, арга хэмжээг үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгод нийцүүлэн хэрэгжүүлнэ.
21.Эдийн засгийн гадаад харилцааны бодлогыг дараах чиглэлээр хэрэгжүүлнэ. Үүнд:
21.1.эдийн засгийн салбаруудад тэргүүний технологи, менежмент нэвтрүүлж, ажил, үйлчилгээ, бүтээгдэхүүний чанар, стандартыг олон улсын жишиг, түвшинд ойртуулан нийцүүлэх замаар өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэх, экспортын хэмжээг өсгөхийг дэмжих;
21.2.уул уурхай, хөдөө аж ахуйн түүхий эдийг бүрэн боловсруулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн гаргах, импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажлын байр нэмэгдүүлэх, түүнчлэн мэдлэгт суурилсан үйлдвэрлэл хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
21.3.түлш, эрчим хүч, зам, тээвэр, харилцаа холбоо зэрэг дэд бүтцийн салбарыг хөгжүүлэхэд дөхөм үзүүлэх;
21.4.олон улс, бүс нутгийн эдийн засгийн интеграц болон дэд бүтцийн сүлжээнд нэгдэхийг эрмэлзэх, далайн боомт хүрэх, дамжин өнгөрөх зам, тээврийн таатай нөхцөл бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
21.5.монгол орны байгаль, түүх, соёлын өв санд түшиглэн аялал жуулчлал хөгжүүлэх, үйлчилгээг нь олон улсын түвшинд хүргэх, олон улсын сүлжээнд хамрагдах, соёлын бүтээгдэхүүнийг гадаадад борлуулахад дэмжлэг үзүүлэх;
21.6.гадаад худалдааг эдийн засгийн өсөлт, хүн амын эрэлт хэрэгцээг хангахад чиглүүлж, үр ашгийг нь дээшлүүлэх, гадаад худалдааны тааламжтай нөхцлүүдийг олох замаар өөрийн бараа, үйлчилгээний зах зээлийг тэлэх нөхцөл бүрдүүлэх;
21.7.бизнесийн таатай орчин бүрдүүлж, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг тэнцвэртэй нэмэгдүүлэхийн зэрэгцээ үндэсний аж ахуйн нэгж гадаадад хөрөнгө оруулах, дэлхийн санхүү, хөрөнгийн зах зээлд нэвтрэх нөхцөл бүрдүүлэхийг эрмэлзэх;
21.8.”Ногоон”, “Цэнхэр” эдийн засгийг хөгжүүлэх, уул уурхайн нөөц баялгийг ашиглах явцад байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг багасгахад дэмжлэг үзүүлэх;
21.9.экологийн аюулгүй байдлыг хангах, тэнцвэрийг хадгалах, байгаль орчныг хамгаалах, ялангуяа цөлжилттэй тэмцэх чиглэлээр хоёр талын болон олон талын хүрээнд хамтын ажиллагаа хөгжүүлэх, гадаад улс, олон улсын байгууллагаас буцалтгүй тусламж авах талаар идэвхтэй ажиллах;
21.10.далайд гарцгүй хөгжиж байгаа улсуудын эрх ашгийг Нэгдсэн Үндэстний Байгууллага болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамгаалах ажилд ахиц гаргах, их далайн нөөцөөс ашиглах боломжийг эрэлхийлэх.