16 дугаар зүйл
- Төлөөлөгчийн газрын тэргүүний зохих зиндааны ахлалыг 13 дугаар зүйлийн дагуу чиг үүргээ гүйцэтгэж эхэлсэн он, сар, өдөр, цагаар баримтлана.
- Төлөөлөгчийн газрын тэргүүний итгэмжлэх жуух бичигт орсон өөрчлөлт түүний зиндааг өөрчлөөгүй бол ахлалын эрэмбэд нөлөөлөхгүй.
- Энэ зүйл Гэгээн Ширээт Улсын төлөөлөгчийн ахлалын талаар хүлээн авагч улсад баримталж байгаа дадлыг хөндөхгүй.
17 дугаар зүйл
Төлөөлөгчийн газрын дипломат бүрэлдэхүүний гишүүдийн ахлалын эрэмбийг төлөөлөгчийн газрын тэргүүн хүлээн авагч улсын гадаад хэргийн яам буюу харилцан тохиролцсон өөр нэг яаманд мэдэгдэнэ.
18 дугаар зүйл
Төлөөлөгчийн газрын тэргүүнийг тухайн улсад хүлээн авах журам нь зиндаа тус бүрт адилхан байна.
19 дүгээр зүйл
- Төлөөлөгчийн газрын тэргүүний орон тоо сул, эсхүл төлөөлөгчийн газрын тэргүүн үүрэгт ажлаа гүйцэтгэх чадваргүй байвал төлөөлөгчийн газрын тэргүүний үүргийг хэргийг түр хамаарагч түр гүйцэтгэнэ. Түр хамаарагчийн овог нэрийг хүлээн авагч улсын гадаад хэргийн яам буюу харилцан тохирсон өөр нэг яаманд төлөөлөгчийн газрын тэргүүн өөрөө, хэрэв тэргүүн бололцоогүй бол томилогч улсын гадаад хэргийн яам мэдэгдэнэ.
- Хүлээн авагч улсад төлөөлөгчийн газрын дипломат бүрэлдэхүүний гишүүн нэг ч хүн байхгүй бол томилогч улс хүлээн авагч улсын зөвшөөрснөөр төлөөлөгчийн газрын захиргаа-техникийн бүрэлдэхүүний аль нэг гишүүнийг төлөөлөгчийн газрын захиргааны өдөр тутмын ажил хэргийг хариуцагчаар томилж болно.
20 дугаар зүйл
Төлөөлөгчийн газар болон түүний тэргүүн томилогч улсынхаа төрийн сүлд, далбааг төлөөлөгчийн газрын тэргүүний өргөөг оролцуулан төлөөлөгчийн газрын байранд, мөн уналгадаа хэрэглэх эрхтэй.
21 дүгээр зүйл
- Томилогч улс төлөөлөгчийнхөө газарт шаардлагатай байрыг хүлээн авагч улсын нутаг дэвсгэрт түүний хуулийн дагуу олж авахад хүлээн авагч улс туслалцаа үзүүлэх буюу өөр арга замаар байр олж авахад нь туслана.
- Мөн хүлээн авагч улс шаардлагатай бол төлөөлөгчийн газруудаас гишүүддээ орон байр олж авахад нь туслана.
22 дугаар зүйл
- Төлөөлөгчийн газрын байр халдашгүй байна. Хүлээн авагч улсын эрх мэдэлтэн төлөөлөгчийн газрын тэргүүний зөвшөөрөлгүйгээр тэрхүү байранд орж үл болно.
- Хүлээн авагч улс төлөөлөгчийн газрын байранд элдвээр халдах буюу хохирол учруулахаас хамгаалах, төлөөлөгчийн газрын амгалан тайван байдлыг элдвээр алдагдуулах буюу түүний нэр төрийг доромжлохоос урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авах онцгой үүрэг хүлээнэ.
- Төлөөлөгчийн газрын байр, тавилга, бусад эд хөрөнгө, түүнчлэн төлөөлөгчийн газрын тээврийн хэрэгслийг нэгжих, албадан дайчлах, битүүмжлэх, шийдвэр гүйцэтгэлээс чөлөөлнө.
23 дугаар зүйл
- Томилогч улс болон төлөөлөгчийн газрын тэргүүн төлөөлөгчийн газрын өмчилсөн буюу түрээслэсэн байрны тодорхой төрлийн үйлчилгээний төлбөрөөс бусад улс, муж, орон нутгийн аливаа татвар, хураамжаас чөлөөлөгдөнө.
- Энэ зүйлд заасан татвар хураамжаас чөлөөлөх нь томилогч улс буюу төлөөлөгчийн газрын тэргүүнтэй гэрээ байгуулагч этгээдэд хүлээн авагч улсын хуулийн дагуу ногдуулах татвар, хураамжид үл хамаарна.
24 дүгээр зүйл
Төлөөлөгчийн газрын архив, баримт бичиг хэзээ ч, хаана ч халдашгүй байна.
25 дугаар зүйл
Хүлээн авагч улс төлөөлөгчийн газарт чиг үүргээ биелүүлэхэд нь бүх боломжийг олгоно.
26 дугаар зүйл
Улсын аюулгүй байдлын үүднээс нэвтрэн орохыг хориглосон буюу тусгай журмаар зохицуулдаг бүсийн тухай хууль, журамд нь харшлахгүй бол төлөөлөгчийн газрын бүх гишүүнийг нутаг дэвсгэрээр нь чөлөөтэй зорчих эрхийг хүлээн авагч улс хангана.
27 дугаар зүйл
- Хүлээн авагч улс төлөөлөгчийн газрын албаны харилцаа холбоог чөлөөтэй зөвшөөрч, хамгаална. Төлөөлөгчийн газар томилогч улсын засгийн газар, хаана ч байгаа бусад төлөөлөгчийн болон консулын газартай харилцахдаа дипломат элч, түүнчлэн нууц түлхүүртэй буюу шифрлэсэн мэдээ зэрэг зохистой бүх арга хэрэгслийг ашиглаж болно. Гэхдээ төлөөлөгчийн газар радио дамжуулагчийг гагцхүү хүлээн авагч улсын зөвшөөрлөөр суурилуулан ашиглаж болно.
- Төлөөлөгчийн газрын албан захидал харилцаа халдашгүй байна. Албан захидал харилцаа гэж төлөөлөгчийн газар, түүний чиг үүрэгт хамаарах бүх захидал харилцааг хэлнэ.
- Дипломат шууданг задалж буюу саатуулж үл болно.
- Дипломат шууданг бүрдүүлж байгаа бүх богц боодол гадна талдаа түүний шинжийг тодорхойлсон үзэгдэхүйц тэмдэгтэй байх бөгөөд түүнд зөвхөн дипломат бичиг баримт болон албан хэрэгцээнд зориулсан эд юмс байж болно.
- Дипломат элч өөрийн эрх зүйн байдал, авч яваа дипломат шуудангийн богц боодлын тоог заасан албан баримт бичигтэй байх бөгөөд албан үүргээ гүйцэтгэх үедээ хүлээн авагч улсын хамгаалалтад байна. Тэрбээр хувийн халдашгүй байх бөгөөд түүнийг аливаа хэлбэрээр баривчилж буюу албадан саатуулж үл болно.
- Томилогч улс буюу төлөөлөгчийн газар дипломат ad hoc элчийг томилж болно. Тийм тохиолдолд энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасныг мөн баримтлах боловч тэрхүү элч хариуцаж яваа дипломат шуудангаа зохих газарт нь хүргэмэгц дээрх дархан эрх нь дуусгавар болно.
- Дипломат шууданг нэвтрэн орохыг зөвшөөрсөн буудалд буух иргэний тээврийн нисэх онгоцны даргад хариуцуулан өгч болно. Түүнд хариуцуулсан дипломат шуудангийн богц боодлын тоог заасан албан бичиг олгох боловч түүнийг дипломат элч гэж үзэхгүй. Төлөөлөгчийн газар онгоцны даргаас дипломат шуудангаа шууд саадгүй хүлээн авахаар аль нэг гишүүнээ явуулж болно.
28 дугаар зүйл
Албан үүргээ гүйцэтгэх явцдаа төлөөлөгчийн газрын ногдуулах төлбөр хураамж бүхий л татвар, хураамжаас чөлөөлөгдөнө.
29 дүгээр зүйл
Дипломат төлөөлөгчийн бие халдашгүй байна. Түүнийг ямар ч хэлбэрээр баривчлах буюу албадан саатуулж үл болно. Хүлээн авагч улс дипломат төлөөлөгчийг зохих ёсоор хүндэтгэж, түүний бие, эрх чөлөө, нэр төрд аливаа ямарваа байдлаар халдахаас урьдчилан сэргийлэх бүхий л зохистой арга хэмжээ авна.
30 дугаар зүйл
- Дипломат төлөөлөгчийн хувийн өргөө төлөөлөгчийн газрын байрны нэгэн адил халдашгүй байна.
- Дипломат төлөөлөгчийн бүх бичиг баримт, захидал харилцаа, 31 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас бусад өмч хөрөнгө нь нэгэн адил халдашгүй байна.
31 дүгээр зүйл
- Дипломат төлөөлөгч хүлээн авагч улсын эрүүгийн хэргийн харьяаллаас чөлөөлөгдөх дархан эрх эдэлнэ. Мөн дор дурдсанаас бусад тохиолдолд иргэний болон захиргааны хэргийн харьяаллаас чөлөөлөгдөх дархан эрхийг эдэлнэ:
(a) томилогч улсын өмнөөс төлөөлөгчийн газрын хэрэгцээнд зориулан эзэмшиж байгаагаас бусад хүлээн авагч улсын нутаг дэвсгэр дээр байгаа хувийн үл хөдлөх хөрөнгөд хамаарах эд хөрөнгийн нэхэмжлэл;
(b) дипломат төлөөлөгч гэрээсийг биелүүлэгч, өвлөх эд хөрөнгийг харгалзагч, өвлөгч буюу өв залгамжлагчийн үүргийг томилогч улсын өмнөөс биш, хувь хүний тухайд гүйцэтгэж байгаа өвийн холбогдол бүхий нэхэмжлэл;
(c) дипломат төлөөлөгчөөс албан үүргийнхээ хүрээнээс гадна хүлээн авагч улсад хэрэгжүүлж байгаа мэргэжлийн буюу арилжааны аливаа үйл ажиллагаатай холбоотой нэхэмжлэл.
- Дипломат төлөөлөгч нь гэрчийн хувьд мэдүүлэг өгөх үүрэггүй.
- Энэ зүйлийн 1 дэх хэсгийн (а), (b), (c) дэд хэсэгт хамаарахаас бусад тохиолдолд дипломат төлөөлөгч хүнд ямарваа гүйцэтгэх ажиллагааны арга хэмжээ авч үл болох бөгөөд арга хэмжээ авч болох тохиолдолд түүний бие буюу өргөөний халдашгүй байдлыг зөрчихгүй байна.
- Дипломат төлөөлөгч хүлээн авагч улсын шүүхийн харьяаллаас чөлөөлөгдөх дархан эрх нь түүнийг томилогч улсын шүүхийн харьяаллаас үл чөлөөлнө.
32 дугаар зүйл
- Томилогч улс 37 дугаар зүйлийн дагуу дархан эрх эдэлж байгаа өөрийн дипломат төлөөлөгч болон бусад хүний шүүхийн харьяаллаас чөлөөлөгдөх дархан эрхээс татгалзаж болно.
- Татгалзаж байгааг ямагт тодорхой илэрхийлсэн байвал зохино.
- 37 дугаар зүйлийн дагуу шүүхийн харьяаллаас чөлөөлөгдөх дархан эрх эдэлж байгаа дипломат төлөөлөгч буюу бусад хүн нэхэмжлэл гаргах тохиолдолд тухайн үндсэн нэхэмжлэлтэй нь шууд холбоотой ямар нэгэн сөрөг нэхэмжлэл гарвал тэрбээр шүүхийн харьяаллаас чөлөөлөгдөх дархан эрхээ алдана.
- Иргэний болон захиргааны хэргийн талаар шүүхийн харьяаллаас чөлөөлөгдөх дархан эрхээс татгалзах нь шийдвэр гүйцэтгэлийн талаар эдлэх дархан эрхээс татгалзаж байгаа хэрэг биш бөгөөд энэ тухайд жич татгалзах шаардлагатай.