Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
HomeБичиг баримтҮндэсний аюулгүй байдлыг бүрэлдэхүүн хэсэг, хангах арга зам

Үндэсний аюулгүй байдлыг бүрэлдэхүүн хэсэг, хангах арга зам

Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал

3.6.Мэдээллийн аюулгүй байдал

Мэдээллийн салбарт үндэсний ашиг сонирхлыг хамгаалах, төр, иргэн, хувийн хэвшлийн мэдээллийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлыг баталгаажуулах нь мэдээллийн аюулгүй байдлыг хангах үндэс мөн.

3.6.1.Мэдээллийн салбарт үндэсний ашиг сонирхлыг хамгаалах

3.6.1.1.Үндэсний аюулгүй байдлыг хангах, улс орны хөгжлийг дэмжих, үндэсний үнэт зүйлийг хэвшүүлэх, нийгмийн оюун санааг төлөвшүүлэхэд мэдээлэл, мэдээллийн аюулгүй байдал нэн чухал ач холбогдолтой.

3.6.1.2.Нийгмийн сэтгэл зүй, тогтвортой байдал, хувь хүний ухамсар, ёс зүйд хөндлөнгөөс нөлөөлөх оролдлогыг хязгаарлана. Дайсагнал, ялгаварлан гадуурхах үзэл, үзэн ядалтыг сурталчилсан, дэмжсэн сурталчилгаа, мэдээллийг таслан зогсоох, саармагжуулах чадавхийг бий болгож, үл зөвшөөрөх сэтгэхүйг нийгэмд төлөвшүүлнэ.

3.6.1.3.Үндэсний мэдээллийн дэд бүтцэд халдах аюулаас хамгаалах, эдийн засаг, нийгмийн чадавхийг сулруулах оролдлоготой тэмцэх чадавхийг бий болгоно.

3.6.1.4.Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалттай хэвлэл мэдээллийн хэрэгсэл үндэсний аюулгүй байдалд харшилсан үйл ажиллагаа явуулбал үйл ажиллагаа явуулах эрхийг нь хязгаарлаж болно. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэмшил, харьяалал нь ил тод байх бөгөөд үйл ажиллагаа нь бодитой, тэнцвэртэй, хариуцлагатай байна. Мэдээллийн хэрэгслээр үндэсний үнэт зүйлийг түлхүү нийтлэх, сурталчлахыг дэмжиж, гадны шашин, соёл, төрийн бодлогыг сурталчилсан агуулгатай мэдээллийг зохистой түвшинд хязгаарлана.

3.6.1.5.Мэдээллийн аюулгүй байдлын үндэсний хэмжээний бодлого, эрх зүйн зохицуулалт, стандарт, удирдлага, зохион байгуулалт, сургалтын тогтолцоог бий болгож нийгэм дэх ойлголт, мэдлэгийг төлөвшүүлнэ.

3.6.1.7.Төр, хувийн хэвшлийн байгууллагад мэдээллийн аюулгүй байдлын бодлого, дэг, эрсдэлийн удирдлага, дотоод аудит, үнэлгээний чадавхийг бий болгоно.

3.6.1.8.Мэдээллийн аюулгүй байдлын орчин үеийн дэвшилтэт, өртөг багатай шийдлийг зөвхөн эрсдэлийн үнэлгээний үндсэн дээр сонгон ашиглана. Төрийн байгууллага, онц чухал дэд бүтцийн объектын мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг өндөр түвшинд бэлтгэгдэж, итгэмжлэгдсэн үндэсний мэргэжилтнээр гүйцэтгүүлнэ.

3.6.1.9.Өрсөлдөх чадвартай мэдээлэл, харилцаа холбооны систем, техник хэрэгсэл, программ хангамжийн үндэсний үйлдвэрлэл болон мэдээллийн аюулгүй байдлын шийдэл боловсруулах ажиллагааг дэмжин хөгжүүлж технологийн хараат байдлыг бууруулна.

3.6.1.10.Мэдээлэл, харилцаа холбооны технологи, мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр үндэсний суурь болон хавсарга судалгаа, шинжилгээ, сургалтыг онцгойлон дэмжинэ.

3.6.1.11.Кибер орчин дахь гэмт явдалтай тэмцэх, аливаа гэмт хэргийг илрүүлэх, нотлоход тооцоолох хэрэгслийн криминалистик техникийн шинжилгээ ашиглах үндэсний чадавхийг бий болгоно.

3.6.1.12.Мэдээллийн аюулгүй байдлыг хангах, мэдээллийн орчинд сөргөлдөх аюулаас сэргийлэх, кибер орчин дахь гэмт явдалтай тэмцэх чиглэлд олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлнэ.

3.6.2.Мэдээллийн бүрэн бүтэн байдал

3.6.2.1.Мэдээлэл, мэдээллийн орчин, түүний дэд бүтцэд хууль бусаар нөлөөлөх, өөрчлөх үйлчлэлээс хамгаалснаар мэдээллийн бүрэн бүтэн байдал хангагдана.

3.6.2.2.Төрийн мэдээллийн бүрэн бүтэн байдлыг хангахын тулд үнэн, бодитой, цаг үеэ олсон, шаардлагатай мэдээллийг төрийн мэдээллийн санд төвлөрүүлж, эрх бүхий этгээд хамтран ашиглах, солилцох нөхцөлийг бүрдүүлнэ.

3.6.2.3.Хуулиар зөвшөөрсөн, өөрөө зөвшөөрснөөс бусад тохиолдолд хувь хүний тухай мэдээллийг цуглуулах, хадгалах, ашиглах, бусдад шилжүүлэхийг хориглоно.

3.6.2.4.Үндэсний мэдээллийн орчин, дэд бүтцийн эмзэг байдлыг бууруулах тогтолцоог бүрдүүлнэ.

3.6.2.5.Цахим мэдээллийн бүрэн бүтэн байдлыг хангахын тулд тоон гарын үсгийн нийтийн түлхүүрийн дэд бүтцийг хөгжүүлэх, сүлжээ, систем, веб сайтын эмзэг байдлыг бууруулах, адилтган таних бат бэх систем, хортой кодоос хамгаалах удирдлага, өөрчлөлтийн удирдлагыг нэвтрүүлэх замаар дэд бүтэц, харилцаа холбоо, дамжуулалт, хандалтын нууцлал, хамгаалалтыг бүрдүүлнэ.

3.6.2.6.Мэдээллийн аюулгүй байдлын дэд бүтцийг хөгжүүлэхэд төр-хувийн хэвшлийн түншлэлийн зарчмуудыг ашиглах, мэдээллийн аюулгүй байдлын дотоод аутсорсингийг дэмжих бодлого хэрэгжүүлнэ.

3.6.3.Мэдээллийн нууцлал

3.6.3.1.Мэдээлэл, түүний бүрдэл хэсэгт хууль бусаар хандах, халдах, задрахаас хамгаалагдсанаар нууцлал хангагдана.

3.6.3.2.Төрийн мэдээллийн ангилал, нууцын зэрэглэлийг оновчтой болгож, нууц хамгаалалтыг шинэ түвшинд гаргах эрх зүйн орчин, удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгоно.

3.6.3.3.Төрийн өгөгдөл мэдээллийг ангилж, үнэ цэнийг тогтоох, бүртгэх, хадгалах, дамжуулах, шилжүүлэх, хяналт тавих эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгож мөрдөнө.

3.6.3.4.Харилцаа холбооны шугам, сувгаас мэдээлэл алдагдах, гадагш урсахаас урьдчилан сэргийлэх, төрийн сүлжээ, өгөгдөл солилцооны хамгаалагдсан дэд бүтцийг байгуулах, утасгүй холбооны аюулгүй байдлыг хангана.

3.6.3.5.Төрийн байгууллага, онц чухал дэд бүтцийн объектод чиг үүрэгт суурилсан хандалтын удирдлага, сүлжээний хяналт-шинжилгээ хийх, халдлагыг илрүүлж таслан зогсоох чадварыг бий болгоно.

3.6.3.6.Төрийн байгууллага, онц чухал дэд бүтцийн объектын цахим өгөгдлийг дамжуулах, хадгалахдаа шифрлэлт, тоон гарын үсэг, аюулгүй холболт ашиглана.

3.6.3.7.Үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд хувийн болон гэр бүлийн нууц, захидал харилцаа, мэдээллийн нууц, нэр төрөө хамгаалах эрх, эрх чөлөөнд халдахыг хориглоно.

3.6.4.Мэдээллийн хүртээмжтэй байдал

3.6.4.1.Хуулиар хориглоогүй мэдээллийг чөлөөтэй хайх, олж авах, үүсгэх, дамжуулах, түгээх эрх, эрх чөлөөг хангах, мэдээллийн дэд бүтэц, түүний бүрдэл хэсэг, үйлчилгээнд чөлөөтэй хандах боломжийг бүрдүүлснээр мэдээллийн хүртээмжтэй байдал хангагдана.

3.6.4.2.Улс үндэстний өмнө тулгамдаж байгаа аюул, заналхийлэл, эрсдэлийн талаар төрийн бодлого боловсруулагчид, нийт иргэн, ард түмэн өргөн мэдээлэл, нэгдмэл ойлголттой байх нь үндэсний аюулгүй байдлыг хангах суурь нөхцөл болно.

3.6.4.3.Үндэсний аюулгүй байдлын мэдээллийн сан бүрдүүлж, Улсын Их Хурал, орон нутгийн иргэдийн төлөөллийн байгууллага, хэвлэл мэдээллээр дамжуулан иргэдийг үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлуудаар өргөн хүрээтэй мэдээллээр хангах механизмыг бий болгоно. Төрийн мэдээллийн нээлттэй нөөцийг бүрдүүлэх ажиллагааг эрчимжүүлж, тэдгээрийг цахим засгийн үйлчилгээнд үр нөлөөтэй ашиглах боломжийг бүрдүүлнэ.

3.6.4.4.Нийгэмд мэдээллийг хүртээмжтэй, түргэн, шуурхай хүргэх мэдээллийн хэрэгсэл, дэд бүтцийн хөгжлийг дэмжиж найдвартай ажиллагааг хангана.

3.6.4.5.Хэвлэл мэдээллийн байгууллагад хуулиар хориглоогүй мэдээллийг эрэн сурвалжилж олж авах, нийгэмд түгээхэд таатай эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

3.6.4.6.Үндэсний мэдээллийн дэд бүтцийн бэлэн байдал, халдлагыг сөрөн зогсох, даван гарах чадварыг бий болгож, тасралтгүй ажиллагааг хангах, сэргээн ажиллуулах төлөвлөлтийг хэвшүүлж, сүлжээний хяналт шинжилгээ, анхааруулгын төв байгуулж, компьютерын онцгой байдлын үед хариу үйлдэл хийх үндэсний тогтолцоог дэмжин хөгжүүлнэ.

1 2 3 4