Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
HomeБичиг баримтҮндэсний аюулгүй байдлыг бүрэлдэхүүн хэсэг, хангах арга зам

Үндэсний аюулгүй байдлыг бүрэлдэхүүн хэсэг, хангах арга зам

Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал

3.4.2.Хүнсний аюулгүй байдал

3.4.2.1.Хүнсний хангамжийн баталгаат байдлыг хангаж, физиологийн зохистой нормд нийцсэн хүнсний бүтээгдэхүүнээр хүн амыг жигд, тогтвортой, хүртээмжтэй хангах нөхцөлийг бүрдүүлнэ.

3.4.2.2.Монгол хүний амьдралын зайлшгүй хэрэгцээт хүнсний бүтээгдэхүүний 70-аас доошгүй хувийг дотоодын үйлдвэрлэлээр тогтвортой хангах техник, эдийн засгийн арга хэмжээ авна.

3.4.2.3.Стратегийн хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийг баталгаажуулах урт хугацааны тогтвортой гэрээ байгуулах, гамшгийн үед хэрэглэх стратегийн хүнсний бүтээгдэхүүний улсын нөөц, хот, суурин газрын хүн амын хүнсний эрэлт нийлүүлэлтийг тогтвортой байлгах улирлын нөөцийг бүрдүүлэх замаар хүнсний хангамжийн баталгааг хангана.

3.4.2.4.Хүн амыг ундны усаар хүртээмжтэй хангах, чанар, аюулгүй байдалд тавих хяналтыг өндөржүүлэх арга хэмжээ авна.

3.4.2.5.Хүнсний түүхий эд бэлтгэл, үйлдвэрлэл, худалдаа-үйлчилгээ, хадгалалтын бүх үе шатуудад чанарын удирдлага, хяналт, баталгаажуулалтын нэгдмэл тогтолцоог бий болгоно.

3.4.2.6.Мал эмнэлгийн тогтолцоог шинэчилж, малын халдварт өвчинтэй тэмцэх чадавхийг дээшлүүлж, халдвар, хамгаалал, биоаюулгүй байдлыг хангах тогтолцоог боловсронгуй болгоно. Монгол малын удмын сан, үр тарианы нутагшмал сортыг хамгаална. Байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хүнсний сав, баглаа боодол, бордоо, ургамал хамгааллын бодис ашиглах хяналтыг сайжруулах бодлого хэрэгжүүлнэ.

3.4.2.7.Хүнсний чанар, аюулгүй байдлын техникийн шаардлагыг олон улсын стандарттай нийцүүлэн шинэчилж, хяналтын тогтолцоог бэхжүүлэн, олон улсын итгэмжлэлд хамруулах арга хэмжээ авна.

3.4.2.8.Хүнсний бүтээгдэхүүнийг зөвхөн аж ахуйн нэгж, байгууллагаар дамжуулан импортлох тогтолцоог бүрдүүлж, импортын хүнсний бүтээгдэхүүнд чанарын урьдчилсан хяналт, бүртгэлжүүлэлт, баталгаажуулалтын нэгдмэл тогтолцоо бий болгох, импортлох үеийн чанарын баталгаат байдалд эрсдэлийн үнэлгээ хийх замаар чанар, аюулгүй байдлын баталгааг хангана.

3.4.2.9.Нанотехнологи, биотехнологийн эрсдэлийг үнэлэх, хянах, түүний хор хөнөөлөөс хамгаалах арга хэмжээ авна.

3.4.3.Амьдрах орчны аюулгүй байдал

3.4.3.1.Иргэдийн амьдрах, ажиллах орчны аюулгүй байдлыг хангах, гамшгийн эрсдэлийг бууруулах нь хүний аюулгүй байдлыг баталгаажуулах чухал үндэс болно.

3.4.3.2.Нийслэлийн хүн амын төвлөрлийг тархаан байршуулах зорилгоор дагуул хотуудыг төлөвлөж, нийслэл орчмын бүс нутгийг өндөр хурдны авто зам, эрчим хүч, инженерийн барилга байгууламжаар найдвартай хангаж холбоно.

3.4.3.3.Хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг иргэдийн аюулгүй ажиллаж амьдрах нөхцөлийг бий болгох зорилтод нийцүүлэн шинэчилж, хот байгуулалтад төлөвлөлтийг хатуу мөрдөх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно.

3.4.3.4.Томоохон хот, суурин газарт агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулж, ариун цэврийн байгууламжийн бүтээмжийг нэмэгдүүлж, хог хаягдлын менежментийг боловсронгуй болгоно.

3.4.3.5.Орон сууц, үйлдвэрлэл, үйлчилгээний барилга, инженерийн байгууламжийн газар хөдлөлтийн тэсвэрлэлтэд үнэлгээ өгч, 8 баллын газар хөдлөлтийг тэсвэрлэх шаардлага хангахгүй барилга, байгууламжийг хүчитгэх, буулгаж шинээр барих зохицуулалт хийнэ.

3.4.3.6.Барилга, барилгын материалын чанар, эрүүл ахуйн стандартыг олон улсын стандартын түвшинд нийцүүлж, чанарын хяналтыг мэргэжлийн холбоод, хөндлөнгийн хяналтын байгууллагаар хийлгэх тогтолцоонд шилжинэ.

3.4.3.7.Амьдрах орчныг эрүүлжүүлэхэд иргэдийн үүрэг, хариуцлага, оролцоог нэмэгдүүлнэ.

3.4.4.Иргэдийг үндэстэн дамнасан гэмт хэргээс хамгаалах

3.4.4.1.Иргэдийн терроризм, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, хүчирхийллээс хамгаалагдах нөхцөлийг сайжруулна.

3.4.4.2.Хүүхэд, эмэгтэйчүүд, иргэдийг хүн худалдах гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоохтой холбогдсон эрх зүйн орчныг боловсронгуй болгож энэ чиглэлд бэхжүүлнэ.

3.4.4.3.Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисын эргэлтэд хяналт тавих, хууль бус хэрэглээтэй тэмцэх үндэсний чадавхийг бэхжүүлнэ.

3.4.4.4.Нийгэмд эдгээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаархи сургалт, сурталчилгааг эрчимжүүлж, олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлнэ.

3.5.Хүрээлэн байгаа орчны аюулгүй байдал

Байгаль орчны тэнцвэрийг хадгалж, усны нөөцийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын сөрөг үр дагаврыг зөөлрүүлэх, биологийн олон янз байдлын хомсдлоос сэргийлэх, орчны бохирдол, байгалийн аюулт үзэгдэл, гамшгийн эрсдэлийг бууруулах нь хүний эрүүл оршин амьдрах, хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хангах үндэс мөн.

3.5.1.Усны нөөцийн хомсдлоос сэргийлэх

3.5.1.1.Усны салбарын бүтэц, зохион байгуулалт, хяналтын механизмыг боловсронгуй болгож, ашиглагч нь хамгаалах, хариуцлага хүлээх тогтолцоог бий болгож, хүн амын ундны ус хангамж, үйлдвэрлэлийн усны хэрэгцээг хүртээмжтэй, тогтвортой хангах нөхцөлийг бүрдүүлнэ.

3.5.1.2.Усны үнэлэмжийг нэмэгдүүлэх, нөөцийг хамгаалах, өсгөх ажлыг санхүүжүүлэх механизмыг тодорхой болгох, улсын төсвийн хөрөнгөөр хийсэн усны эрэл, хайгуулын зардлыг эргэн төлүүлэх чиглэлээр эрх зүйн зохицуулалт хийнэ.

3.5.1.3.Газрын доорх усны нөөцийг шинэчлэн тогтоох усны эрэл, гидрогеологийн зураглалын ажлыг улсын төсвийн хөрөнгөөр хийж нөөцийг бүртгэлжүүлж мэдээллийн сан, хяналт-шинжилгээний сүлжээ, судалгаа шинжилгээний байгууллагын чадавхийг бэхжүүлнэ.

3.5.1.4.Газрын доорх цэнгэг усны томоохон ордууд, гол мөрний урсац бүрэлдэх эхийг улсын тусгай хамгаалалтад авах, цэвэр усны нөөц бүхий томоохон нуурын сав газарт аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах замаар усны нөөцийг хамгаална.

3.5.1.5.Усны сав газрын менежментийн тогтолцоог нэвтрүүлж, тухайн сав газрын хэмжээнд экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүйгээр ашиглах боломжтой гадаргын болон газрын доорх усны нөөцийг тогтоож, ашиглалтыг тогтоосон хэмжээнд нь хатуу барина. Аль нэг ашиглагчид давуу эрх олгохгүй байх эрх зүйн зохицуулалт бий болгоно.

3.5.1.6.Хангай, Хэнтийн нурууны усны эх, Хөвсгөл нуур орчмын газрыг Үндэсний парк байгуулах замаар улсын нөөцөд авч, уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

3.5.1.7.Гадаргын усны ашиглалтыг сайжруулах үүднээс томоохон гол, мөрөнд урсацын тохируулга хийж, бороо, цас, мөсний усыг хуримтлуулж нөөцлөх усан санг ууршил багатай, эрчим хүчний нөөц ихтэй бүс нутагт байгуулж, говь, тал хээрийн ууршил ихтэй бүсэд усыг нөөцлөх, дамжуулах далд систем барьж байгуулна.

3.5.1.8.Усны хэмнэлттэй хэрэглээ, технологийг нэвтрүүлэх, ус, эрчим хүчний ашиглалтын үр ашгийг нэмэгдүүлэх, газар тариалангийн усалгаанд газрын доорх усыг ашиглах болон хүнсний бус үйлдвэрлэлийн салбарт ундны цэвэр усыг ашиглах явдлыг хязгаарлах, хаягдал усыг дэвшилтэт технологиор цэвэршүүлэх, цэвэршүүлсэн хаягдал ус болон саарал усыг дахин ашиглахыг бодлогоор дэмжинэ.

3.5.2.Уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын үр дагаврыг бууруулах

3.5.2.1.Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтөд дасан зохицох, сөрөг үр дагаврыг зөөлрүүлэх бодлого тодорхойлох, чадавхийг бүрдүүлэх, уг бодлогын хэрэгжилтийг зохицуулах үндэсний бүтцийг бий болгох, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд олон улсын санхүүгийн механизмыг өргөн ашиглах, бүх талын оролцоог хангах арга хэмжээ авна.

3.5.2.2.Бэлчээр ашигласны төлбөр тогтоох, эзэмшүүлэх, хамгаалах болон нөхөн сэргээх хариуцлага хүлээлгэх чиглэлээр эрх зүйн орчныг бүрдүүлж, бэлчээрийн одоогийн төлөв байдал, цаашдын хандлагад суурилсан бэлчээрийн даацыг бүс нутаг бүрээр шинэчлэн тогтоож малын тоо толгой, төрөл, сүргийн бүтцийн зохистой харьцааг хангана.

3.5.2.3.Бэлчээрийн нөөц газар, Мэнэнгийн тал, говийн баянбүрд, заган ойг улсын тусгай хамгаалалтад авч тал хээрийн эмзэг бүс нутгийн хөрс, ургамал өөрөө нөхөн төлжих боломжийг бий болгох, хөрсний үржил шим, чийгийг хамгаалах нөөц бололцоо бүрдүүлнэ.

3.5.2.4.Газар тариаланд хөрс хамгаалах, тордох, ойн зурвас байгуулах, усалгааны хэмнэлттэй, үр ашигтай дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх замаар тус салбараас үүдэх газрын бүрхэвчийн доройтлыг бууруулна.

3.5.2.5.Бэлчээрийн мал аж ахуй, малчдын ахуй амьдралд шинжлэх ухаан, технологийн ололтыг нэвтрүүлэх, уламжлалт сэтгэлгээ, арга хэвшлийг сэргээж, хурдацтай явагдаж байгаа экосистемийн өөрчлөлтийг мэдэрч түүнд тохирсон, дасан зохицсон амьдралын хэв маяг, аж ахуй эрхлэх менежментийн арга барилыг боловсруулж заан сургах, туршин нэвтрүүлэх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж, олон нийтэд хүргэх сургалт, сурталчилгааг өргөжүүлнэ.

3.5.2.6.Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газар, газрын хэвлийг ашиглагч нь хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр эрх зүйн зохицуулалтыг үр дүнтэй болгоно.

3.5.2.7.Байгаль орчны боловсролыг олон нийтэд системтэйгээр олгож, газар дэлхий, уул усаа хайрлан хамгаалж ирсэн ардын болон шашны зан уламжлалыг түгээн дэлгэрүүлэх ажлыг сүм хийд, иргэний нийгмийн байгууллагын оролцоотойгоор хэрэгжүүлнэ.

3.5.3.Биологийн олон янз байдлыг хадгалах, нөөцийн хомсдлоос сэргийлэх

3.5.3.1.Ой, амьтан, ургамал зэрэг байгалийн нөөц баялгийг судлах, хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхэд чиглэсэн арга хэмжээг шинжлэх ухааны үндэслэлтэй цогц байдлаар шийднэ.

3.5.3.2.Байгалийн баялгийн менежментэд экологийн үр дагаврыг нарийн тооцож байх зарчим баримталж хүрээлэн байгаа орчны тогтвортой байдлыг хангана. Байгалийн нөөц баялгийн экологи-эдийн засгийн үнэлгээг бодитой тогтоож, хохирол барагдуулах хариуцлагын тогтолцоог бий болгоно.

3.5.3.3.Байгалийн ургамал, ойн дагалт нөөцийн экспорт болон ойн үндсэн ашиглалтын огтлолтыг бүрэн хориглож, ойн сангийн нөөцийг 2 хувиар нэмэгдүүлнэ.

3.5.3.4.Мод орлох технологи нэвтрүүлэхийг дэмжих, энэ төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж түлшний асуудлыг цогц байдлаар шийдэх, мод, модон бүтээгдэхүүний импортыг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлнэ.

3.5.3.5.Нэн ховор, ховор болон экосистемд онцгой үүрэгтэй амьтан, ургамал бүхий газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авч, тэдгээрийн амьдрах орчныг тэтгэхэд биотехникийн аргыг түлхүү хэрэглэнэ. Нэн ховор, ховор амьтан, ургамал болон бичил биетний омог, эд, эсийн өсгөврийн сан байгуулна.

3.5.3.6.Харь зүйлийн амьтан, ургамал, бичил биетнийг нутагшуулахдаа биологийн олон янз байдлын удмын санд өөрчлөлт гарахаас сэргийлэх, хяналт тавих тогтолцоог бүрдүүлнэ.

3.5.3.7.Хувиргасан амьд организмтай холбоотой харилцааг зохицуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгож, биоаюулгүй байдлыг хангах, эрсдэлийг үнэлэх, хянах чадавхийг бэхжүүлнэ.

3.5.3.8.Байгаль орчныг хамгаалах талаар бодлогын чанартай шийдвэр гаргах, үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэхэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, ялангуяа ойжуулах, нэн ховор, ховор, ховордож болзошгүй амьтан, ургамлыг хамгаалах, тарималжуулах, нөхөн сэргээх, хяналт-шинжилгээ хийх ажилд иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшил, нутгийн иргэдийг түлхүү татан оролцуулах зарчим баримтална.

3.5.4.Хүрээлэн байгаа орчны бохирдлыг бууруулах

3.5.4.1.Бохирдуулагч нь төлбөр төлөх, учруулсан хохирлоо барагдуулах хариуцлага хүлээх механизмыг хэрэгжүүлж, бохирдлын эх үүсвэрт хаягдлын хязгаарлалт тогтоож, байгальд халтай, хаягдал ихтэй техник, технологийг хориглож, хог хаягдлыг бууруулсан дэвшилтэт технологийг дэмжинэ.

3.5.4.2.Хил дамжсан агаар, усны бохирдлын асуудлаар олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, орчны чанарын хяналт-шинжилгээний чадавхийг бэхжүүлнэ.

3.5.4.3.Хог хаягдлаас эрчим хүч, нөөц баялаг, түүхий эд бий болгох технологи бүхий үйлдвэрлэлийг бодлогоор дэмжинэ. Аюултай хог хаягдлын менежментийг боловсронгуй болгож хортой, аюултай хаягдал хуримтлагдахаас сэргийлнэ.

3.5.4.4.Түүхий нүүрсийг дулааны аргаар гүн боловсруулах, хийжүүлэх, шингэрүүлэх замаар эрчим хүч, дулааны үйлдвэрлэл, ахуйн хэрэглээний цэвэр түлш үйлдвэрлэх, аливаа үйлдвэрлэлийн технологид хэмнэлттэй, дэвшилтэт байх шаардлагыг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр дамжуулан тавина. Нар, салхины сэргээгдэх эрчим хүч ашиглалтыг нэмэгдүүлж, цөмийн эрчим хүчийг ашиглана.

3.5.4.5.Химийн хорт болон аюултай бодис, биологийн гаралтай материал, ионжуулагч цацрагийн үүсгүүр, цацраг идэвхт ашигт малтмалтай холбогдсон харилцааг зохицуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгож, хяналтын чадавхийг бэхжүүлнэ.

3.5.5.Байгалийн аюулт үзэгдэл, гамшгийн эрсдэлийг бууруулах

3.5.5.1.Байгалийн болон хүний хүчин зүйл, техникийн гаралтай гамшгийн төрөл тус бүрээр эрсдэлийн үнэлгээ хийж, эрсдэлийг бууруулах арга хэмжээ авна.

3.5.5.2.Гамшгийн менежментийн тогтолцоог бэхжүүлж эмзэг байдлыг бууруулах ажлыг үндэсний хэмжээнд зохион байгуулж, төв, орон нутгийн төрийн байгууллага, мэргэжлийн байгууллага, хувийн хэвшил, иргэдийн оролцоог хангаж ажиллах нөхцөлийг бүрдүүлж, чадавхийг бэхжүүлнэ.

3.5.5.3.Байгалийн аюулт үзэгдэл, болзошгүй гамшгийг тандан судлах, урьдчилан мэдээлэх арга, технологи нэвтрүүлэх, хяналт-шинжилгээний сүлжээний тасралтгүй ажиллагааг хангах техник хэрэгсэл, хүний нөөцийг системтэйгээр бэлтгэж, мэдээллийг хэрэглэгчид шуурхай хүргэх арга замыг боловсронгуй болгон эртнээс сэрэмжлүүлэх чадавхийг бүрдүүлнэ.

1 2 3 4