3.2.3.Төсөв, санхүүгийн салбарын аюулгүй байдал
3.2.3.1.Эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, урт хугацааны өсөлт хөгжлийг дэмжих эрүүл, тогтвортой, сахилга баттай санхүүгийн салбарыг төлөвшүүлнэ.
3.2.3.2.Засгийн газрын авах зээл нь бодит эдийн засгийн салбарт чиглэгдэх бөгөөд эдийн засгийн аюулгүй байдлыг хангасан, зохистой харьцаанд байна.
3.2.3.3.Гадаад валют, алтны нөөцийг үндэсний импортын нэг жилийн хэрэгцээг хангах хэмжээнээс багагүй түвшинд байлгана. Цаашид нөөцийг нэмэгдүүлэх, удирдлагыг боловсронгуй болгох урт хугацааны арга хэмжээг хэрэгжүүлнэ.
3.2.3.4.Мөнгөний бодлогын үр дүнг дээшлүүлж, үндэсний мөнгөн тэмдэгтийн худалдан авах, хөрвөх чадварыг сайжруулж, тогтворжуулна. Дотоодын гүйлгээ, төлбөр, тооцоонд зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтийг хэрэглэж, үндэсний мөнгөн тэмдэгтийн дотоодын зах зээлд эзлэх хувь, хэмжээг зохистой хэмжээнд байлгана.
3.2.3.5.Банк дундын эрсдлийн сан байгуулж, санхүүгийн байгууллагын буруугаас үүдсэн аливаа хохирлыг төр хариуцах зарчмаас татгалзана.
3.2.3.6.Гадаад, дотоод томоохон төлбөр, тооцоо, зээл, аккредитивийн хөдөлгөөнд хяналт тавих, эдийн засаг, санхүүгийн салбарын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, шалгаж шийдвэрлэх тогтолцоог хөгжүүлнэ.
3.2.4.Эрчим хүч, эрдэс баялгийн салбарын бодлого
3.2.4.1.Эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэхдээ үндэсний аюулгүй байдлын баталгааг хангахыг чухалчилж, түүхий эдийн хавсарга, гадаад, дотоодын улс төр, бизнесийн ашиг сонирхлын сөргөлдөөний талбар болох, байгаль орчныг доройтуулахаас сэргийлнэ. Уул уурхайн ил тод, хариуцлагатай байдлыг дээшлүүлж, орлогод тавих хяналтыг сайжруулна.
3.2.4.2.Эрчим хүчний дотоодын гол эх үүсвэр болох нүүрсийг импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх, орон нутагт үйлдвэрлэлийг дэмжиж, ажлын байраар хангах зорилгоор өргөнөөр ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ. Байгаль орчинд сөрөг нөлөө багатай, хямд эрчим хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлж, 2020 он гэхэд нүүрс болон дотоодын бусад эх үүсвэрээр түлш, эрчим хүчний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангана.
3.2.4.3.Газрын тосны бүтээгдэхүүнээр нэг орноос шууд хараат байдлыг багасгаж, улмаар 2020 он гэхэд дотоодын үйлдвэрлэлээр хэрэгцээгээ бүрэн хангана. Үнийн хэт хэлбэлзэлд өртөх эрсдэлээс сэргийлж, улсын нөөцийг түүхий нефтээр 6 сараас доошгүй хэмжээнд байлгана.
3.2.4.4.Цөмийн эрчим хүчний салбарыг үндэсний ашиг сонирхол, энхийн зорилгоор ашиглах зарчимд нийцүүлэн хөгжүүлнэ. Цөмийн циклийг хөгжүүлж, цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалт, боловсруулалт, хөрвүүлэлт, баяжуулалт, эрчим хүчний үйлдвэрлэлийг бий болгож, бэхжүүлнэ.
3.2.5.Гадаад худалдаа, интеграцийн бодлого
3.2.5.1.Цөөн зах зээл, цөөн нэр төрлийн бүтээгдэхүүний экспорт, импортоос хэт хамааралтай үндэсний эдийн засгийн эмзэг байдлыг бууруулна.
3.2.5.2.Гадаад худалдааны алдагдлыг багасгаж, тарифын болон тарифын бус арга хэрэгслийг дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор зохистой хэрэглэнэ. Стратегийн бараа, түүхий эдээр үндэсний үйлдвэрлэлийг найдвартай хангаж, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн импортын таатай нөхцөлийг бүрдүүлнэ.
3.2.5.3.Нэг орноос худалдан авах бараа бүтээгдэхүүн нийт импортод хэт давамгайлахаас сэргийлэх бодлого баримтална.Түүхий эд бэлтгэл, бөөний болон жижиглэн худалдаанд үнийн зохиомол хэлбэлзэл, монополь, шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулна. Дотоодын үйлдвэрлэл, зах зээлийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно.
3.2.5.4.Бүс нутгийн болон олон улсын интеграцид нэгдэх, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудлыг эдийн засгийн аюулгүй байдал, хөгжлийн шаардлагыг харгалзан, судалгаа, тооцоонд тулгуурлан, шат дараатай, сонголттойгоор хэрэгжүүлнэ.
3.3.Дотоод аюулгүй байдал
Хүний эрх, эрх чөлөөг хангаж, үндсэн хуульт байгууллыг бататгаж, хууль дээдлэх ёс, Монгол төрийн залгамж чанар, үндэсний эв нэгдлийг сахин дээдэлж, төрийн удирдлагыг бэхжүүлж, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, чөлөөт хэвлэл мэдээллийн төлөвшлийг дэмжиж, нийгмийн дэг журам, тогтвортой байдлыг хангах нь дотоод аюулгүй байдлын үндэс мөн.
3.3.1.Үндсэн хуульт байгууллыг бататган бэхжүүлэх
3.3.1.1.Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон төрийн удирдлагын болон байгууламжийн хэлбэр, төрийн эрх мэдлийн хуваарилалт, ардчилал, эрх зүйт ёс, үндэсний эв нэгдлийг хангах зарчмыг тууштай хэрэгжүүлнэ.
3.3.1.2.Нутаг дэвсгэрийн хуваарь, сонгуулийн тогтолцоог үндэсний нийтлэг ашиг сонирхол, улс үндэсний нэгдмэл хөгжлийн зорилгод нийцүүлнэ.
3.3.1.3.Төрийн эрх мэдлийг Үндсэн хуулийн бус аргаар авахыг завдсан аливаа оролдлоготой шийдвэртэй тэмцэнэ. Энэ чиглэлд иргэний сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулж, сонгууль хараат бусаар явагдах нөхцөлийг хангана.
3.3.1.4.Гадаадын аливаа хүчний зүгээс Монгол Улсын сонгуулийн үр дүнд нөлөөлөх оролдлого гаргахаас сэргийлэх, илрүүлж таслан зогсоох эрх зүй, зохион байгуулалтын үндсийг бэхжүүлнэ.
3.3.1.5.Хүний эрх, эрх чөлөөг хангах үндэсний тогтолцоог бэхжүүлж, энэ чиглэлд институц хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулна.
3.3.1.6.Хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх эрх мэдлийн байгууллагын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангана.
3.3.1.7.Иргэн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх үзэл санааг дээдэлсэн хараат бус, хариуцлагатай шүүхийг төлөвшүүлнэ. Шүүгчийн хараат бус байдлыг бэхжүүлэх эдийн засгийн баталгаа бий болгоно.
3.3.2.Монгол төрийн залгамж чанар, төрийн удирдлагыг бэхжүүлэх
3.3.2.1.Иргэдэд адил тэгш, хүртээмжтэй үйлчилдэг, ил тод, хариуцлагатай төрийн албыг бэхжүүлж, төрийн албыг мэргэшсэн, чадварлаг хүмүүсээр бүрдүүлэх бодлого баримтална. Цахим засгийг хөгжүүлэх замаар төрийн алба, үйлчилгээг иргэндээ хандсан, үр нөлөөтэй, шуурхай, хэмнэлттэй болгоно.
3.3.2.2.Авлигатай хийх тэмцлийг үндэсний хэмжээнд өрнүүлж, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагын идэвхтэй оролцоог хангана. Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлж, авлигыг үл тэвчих үзлийг нийгэмд төлөвшүүлнэ.
3.3.2.3.Төрийн бодлогын залгамж чанарыг хангах эрх зүй, зохион байгуулалтын үндсийг бүрдүүлнэ.
3.3.2.4.Бодлогын оновчтой арга, хэрэгслээр дамжуулан эдийн засгийн зохицуулалт хийх төрийн удирдлагын чадавхийг сайжруулна.
3.3.2.5.Төрөөс стратегийн ач холбогдолтой эдийн засгийн салбар дахь зайлшгүй үйл ажиллагаанаас бусад бизнест оролцохыг хязгаарлаж, аж ахуйн шинжтэй чиг үүргүүдийг иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх бодлого баримтална.
3.3.2.6.Төрийн албан хаагчид тавигдах ёс зүй, мэдлэг, чадварын шалгуурыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, цалин, хангамжийг нэмэгдүүлж, тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.
3.3.2.7.Төрийн албан хаагчид аюулгүй байдлын мэдлэг олгож, мэргэжлийн ур чадвараа байнга дээшлүүлэх, шударгаар өрсөлдөх боломж, нөхцөлийг бүрдүүлж, сонирхлын зөрчлийг хуулиар хязгаарлана.
3.3.2.8.Эх орноосоо урван тэрсэлсэн, үндэсний ашиг сонирхлыг хохироосон төрийн албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгоно.
3.3.3.Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх
3.3.3.1.Нийгмийн ёс суртахуун, сэтгэл зүйн төлөвшил, үнэт зүйлсийн нэгдмэл байдлыг хангах нь үндэсний аюулгүй байдал, эв нэгдэл, зөвшилцлийг хангах суурь болно.
3.3.3.2.Эх орон, үндэс угсаа, ололт дэвшлээрээ бахархах, үндэсний ашиг сонирхол, ёс зүй, хууль, төрт ёсны үзлийг дээдлэх үнэт зүйл бүхий нийгмийн сэтгэл зүйг төлөвшүүлэх бодлогыг төр, иргэн, хэвлэл мэдээллийн салбар хамтран хэрэгжүүлнэ.
3.3.3.3.Үндэсний аюулгүй байдал, хөгжил дэвшлийн баталгаа болсон үндэсний эв нэгдэл, нийгмийн зөвшилцлийг бэхжүүлж, улс орон, нийгмийг хагалан бутаргах, дотоодын зөрчил, тэмцэлд хүргэх аливаа үйл явдлаас урьдчилан сэргийлнэ.
3.3.3.4.Иргэдийг үндэс угсаа, шашин шүтлэг, үзэл бодлоор ялгаварлан гадуурхах, нутгархах үзлийг дэврээх, энэ шалтгаанаар хүний эрх, эрх чөлөөг зөрчих, улмаар үндэсний эв нэгдлийг сарниулж, дотоодын тогтворгүй байдалд хүргэж болох илрэлтэй хатуу тэмцэл хийнэ.
3.3.3.5.Төв, орон нутгийн бүх түвшинд үндэсний нийтлэг ашиг сонирхол, төрийн бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг дээдэлнэ. Монгол Улсын нутаг дэвсгэрт төрийн албан хэргийг монгол хэлээр хөтлөн явуулна.
3.3.4.Нийгмийн тогтвортой байдал
3.3.4.1.Ардчилсан тогтолцооны тулгуур болох улс төрийн намуудын төлөвшил, дотоод ардчиллыг дэмжиж, улс үндэстэн хийгээд нийгмийн өмнө хүлээх үүрэг, хариуцлагыг нь өндөржүүлнэ. Үндэсний язгуур эрх ашгийн үүднээс улс төрийн намын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, зөвшилцөлд хүрэх механизмыг хөгжүүлнэ.
3.3.4.2.Төрийн бодлого боловсруулах, төрд хяналт тавихад төрийн бус байгууллагын тэгш оролцоо, зөвшилцлийг хангах замаар иргэний нийгмийн төлөвшлийг дэмжинэ. Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг дэмжсэн эрх зүйн орчныг бүрдүүлж, төр-иргэний нийгмийн хамтын ажиллагааны бүтээлч арга, хэлбэрүүдийг хөгжүүлнэ.
3.3.4.3.Хэвлэл мэдээллийн хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлж, хариуцлагатай, мэргэшсэн сэтгүүл зүй, сэтгүүлчийн ёс зүйн хэм хэмжээг төлөвшүүлж, нийгмийн тогтвортой байдлыг хангана.
3.3.4.4.Нийгэмд хууль ёс, дэг журам, сахилга, хариуцлага суларч эмх замбараагүй байдал бий болохоос сэргийлнэ.
3.4.Хүний аюулгүй байдал
Монгол хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, амьдрах орчин, орон байрны аюулгүй нөхцөлийг баталгаажуулах, гэмт хэрэг, халдлагын золиос болохоос хамгаалах нь хүний аюулгүй байдлыг хангах үндэс мөн.
3.4.1.Эрүүл амьдрах нөхцөлийг бүрдүүлэх
3.4.1.1.Нийгмийн эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжиж, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх, иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх ажлыг бүх шатны боловсролын байгууллага, хэвлэл мэдээллээр дамжуулан хэрэгжүүлнэ.
3.4.1.2.Нийтийн биеийн тамир, спортоор хичээллэх, бие бялдраа чийрэгжүүлэх орчин, нөхцөлийг хүүхэд, залуучууд, иргэн бүрт хүртээмжтэй хэлбэрээр хөгжүүлнэ.
3.4.1.3.Хүн амын дунд хоол тэжээлийн зохистой хэрэглээг төлөвшүүлж, зонхилох халдварт бус өвчнөөс сэргийлэн бичил тэжээлийн дутлыг бууруулна.
3.4.1.4.Өргөн тархалттай, шинэ болон сэргэж байгаа халдварт өвчний тандалт судалгааг өргөжүүлж, халдварыг эрт илрүүлэх, тархалтаас сэргийлэх арга хэмжээ авна.
3.4.1.5.Халдварт өвчний нийтийг хамарсан тархалт, гамшгийн үед авах арга хэмжээний бэлэн байдлыг хангаж, урьдчилан сэргийлэх эм, тарилга, вакцин, биобэлдмэлийн улсын нөөцийг бүрдүүлнэ.
3.4.1.6.Хорт хавдар болон бусад зонхилон тохиолдох халдварт бус өвчнийг эрт илрүүлж, оношлох, эмчлэх, осол гэмтэл, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийг бууруулах арга хэмжээ авч, хүн амын дундаж наслалтыг нэмэгдүүлнэ.
3.4.1.7.Эх нялхсын эндэгдлийг бууруулж, төрөлхийн хөгжлийн гажгийг эрт оношлох арга хэмжээ авна.
3.4.1.8.Хүн амд эрүүл мэндийн анхан шатны багц тусламж, үйлчилгээ, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх тогтолцоог бэхжүүлж нийтэд тэгш, хүртээмжтэй болгоно.
3.4.1.9.Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгож иргэдийг эмнэлгийн тусламж, үйлчилгээний улмаас үүсэх санхүүгийн эрсдэлээс хамгаална.
3.4.1.10.Эмнэлгийн тусламж, үйлчилгээ болон эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэлтгэх тогтолцоонд олон улсын стандартыг мөрдүүлж, оношлогоо, эмчилгээний олон улсын дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлнэ.
3.4.1.11.Гамшиг, онцгой нөхцөл байдлын үед шаардлагатай эмнэлгийн тусламжийг хүн амд шуурхай хүргэх чадавхийг байнга дээшлүүлнэ.
3.4.1.12.Эмнэлгийн хэрэгсэл, эм, вакцин, биобэлдмэлийн үйлдвэрлэл, худалдаа, экспорт, импортод тавих стандартын шаардлага, хяналт, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгож, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлж, биотехнологийн цогцолбор байгуулах замаар чанар, аюулгүй байдлыг хангана.