Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
HomeБичиг баримтВенийн 1963 оны конвенц 5-р бүлэг

Венийн 1963 оны конвенц 5-р бүлэг

1963 оны 04 дугаар сарын 24-ны өдөр

5-р бүлэг. Төгсгөлийн заалт

74 дүгээр зүйл

Гарын үсэг зурах

Энэхүү конвенц Нэгдсэн Үндэстний Байгууллагын буюу түүний аль нэг төрөлжсөн байгууллагын гишүүн бүх улс, эсхүл Олон улсын шүүхийн дүрэмд оролцогч улсууд, түүнчлэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас энэхүү конвенцид оролцогч болохыг урьсан аливаа бусад улс 1963 оны аравдугаар сарын 31-ний өдөр хүртэл Бүгд Найрамдах Австри Улсын Холбооны гадаад хэргийн яаманд, энэ өдрөөс хойш 1964 оны гуравдугаар сарын 31-ний өдөр хүртэл Нью-Йорк хот дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Төв байранд гарын үсэг зурахад нээлттэй байна.

75 дугаар зүйл

Соёрхон батлах

Энэхүү конвенцийг соёрхон батлана. Батламж жуух бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна.

76 дугаар зүйл

Нэгдэн орох

74 дүгээр зүйлд дурдсан дөрвөн зэрэглэлийн аль нэгд багтах аливаа улс энэхүү конвенцид нэгдэн орж болно. Нэгдэн орсон тухай баримт бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна.

77 дугаар зүйл

Хүчин төгөлдөр болох

  1. Энэхүү конвенц хорин хоёр дахь батламж жуух бичиг буюу нэгдэн орсон тухай баримт бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулахаар хүлээлгэн өгсөн өдрөөс хойш гуч дахь өдрөөс хүчин төгөлдөр болно.
  2. Хорин хоёр дахь батламж жуух бичиг буюу нэгдэн орсон тухай баримт бичгийг хадгалуулахаар хүлээлгэн өгснөөс хойш энэхүү конвенцийг соёрхон батласан буюу түүнд нэгдэн орсон улс бүрийн тухайд уг улс батламж жуух бичгээ буюу нэгдэн орсон тухай баримт бичгээ хадгалуулахаар хүлээлгэн өгснөөс хойш гуч дахь өдрөөс Конвенц хүчин төгөлдөр болно.

78 дугаар зүйл

Ерөнхий нарийн бичгийн даргын илгээх мэдээлэл

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргаас 74 дүгээр зүйлд дурдсан дөрвөн зэрэглэлийн аль нэгд багтах бүх улсад дор дурдсаныг мэдээлнэ:

(a) 74, 75, 76 дугаар зүйлийн дагуу энэхүү конвенцид гарын үсэг зурсан тухай, түүнчлэн батламж жуух бичиг буюу нэгдэн орсон тухай баримт бичгийг хадгалуулахаар хүлээлгэн өгсөн тухай;

(b) 77 дугаар зүйлийн дагуу энэхүү конвенц хүчин төгөлдөр болох он, сар, өдрийн тухай.

79 дүгээр зүйл

Адил хүчинтэй эх бичвэрүүд

Энэхүү конвенцийн англи, испани, орос, франц, хятад хэлээр үйлдсэн адил хүчинтэй жинхэнэ эхийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулах бөгөөд Ерөнхий нарийн бичгийн дарга түүний баталгаат хуулбарыг 74 дүгээр зүйлд дурдсан дөрвөн зэрэглэлийн аль нэгд багтах бүх улсад илгээнэ.

Хэмээснийг нотлон тус тусын засгийн газраас зохих ёсоор олгосон бүрэн эрх бүхий дор гарын үсэг зурсан төлөөлөгчид энэхүү конвенцид гарын үсэг зурцгаав.

Нэг мянга есөн зуун жаран гурван оны дөрөвдүгээр сарын хорин дөрөвний өдөр Вена хотноо үйлдэв.