Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
HomeБичиг баримтВенийн 1963 оны конвенц 4-р бүлэг

Венийн 1963 оны конвенц 4-р бүлэг

2021 оны 04 дугаар сарын 24-ны өдөр

4-р бүлэг. Нийтлэг заалт

69 дүгээр зүйл

Консулын байгууллагын тэргүүн биш консулын төлөөлөгч

  1. Томилогч улсаас консулын байгууллагын тэргүүнээр томилогдоогүй консулын төлөөлөгчийн тэргүүлсэн консулын төлөөлөгчийн газрыг байгуулах, хүлээн авах эсэхээ улс бүр чөлөөтэй шийдвэрлэнэ.
  2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан консулын төлөөлөгчийн газраас үйл ажиллагаа явуулах нөхцөл, түүнийг хариуцаж байгаа консулын төлөөлөгчийн эдэлж болох эрх ямба, дархан эрхийг томилогч улс болон хүлээн авагч улс хоорондоо тохиролцож тогтооно.

70 дугаар зүйл

Дипломат төлөөлөгчийн газар консулын

чиг үүрэг гүйцэтгэх

  1. Дипломат төлөөлөгчийн газар консулын чиг үүрэг гүйцэтгэхэд энэхүү конвенцийн заалт утгаараа тохирч буй түвшинд хамаарна.
  2. Консулын хэлтэст ажиллахаар томилогдсон буюу консулын чиг үүрэг гүйцэтгэхийг өөр хэлбэрээр даалгасан дипломат төлөөлөгчийн газрын гишүүдийн овог нэрийг хүлээн авагч улсын гадаад хэргийн яаманд буюу уг яамнаас заасан байгууллагад мэдэгдэнэ.
  3. Дипломат төлөөлөгчийн газар консулын чиг үүргээ гүйцэтгэхдээ дараахь байгууллагатай харилцаж болно:

(a) консулын тойргийн орон нутгийн байгууллагууд;

(b) хүлээн авагч улсын хууль, журам, заншил буюу холбогдох олон улсын гэрээгээр зөвшөөрсөн бол хүлээн авагч улсын төв байгууллагууд.

  1. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан дипломат төлөөлөгчийн газрын гишүүдийн эрх ямба, дархан эрхийг дипломат харилцааны тухай олон улсын эрх зүйн хэм хэмжээгээр үргэлжлүүлэн зохицуулна.

71 дүгээр зүйл

Хүлээн авагч улсын иргэд, уг улсад байнгын оршин суугчид

  1. Хэрэв консулын албан тушаалтан хүлээн авагч улсын иргэн буюу уг улсад байнга оршин суугч бөгөөд хүлээн авагч улс түүнд нэмэлт давуу эрх, эрх ямба, дархан эрх олгоогүй бол тэрбээр чиг үүргээ гүйцэтгэхтэй холбогдсон албан үйл ажиллагааны тухайд гагцхүү шүүхийн харьяаллаас чөлөөлөгдөх дархан эрх, хувийн халдашгүй эрх, мөн 44 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрх ямбыг эдэлнэ. Хүлээн авагч улс эдгээр консулын албан тушаалтны хувьд 42 дугаар зүйлд заасан үүргийг мөн биелүүлнэ. Хэрэв уг консулын албан тушаалтны эсрэг эрүүгийн хэрэг үүсгэвэл түүнийг баривчилсан буюу албадан саатуулснаас бусад тохиолдолд байцаан шийтгэх ажиллагааг явуулахдаа консулын чиг үүргээ гүйцэтгэхэд нь саад учруулахаас аль болохоор зайлсхийнэ.
  2. Хүлээн авагч улсын иргэн буюу уг улсад байнга оршин суугч консулын байгууллагын бусад гишүүн, тэдний гэр бүлийн гишүүд, мөн энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан консулын албан тушаалтны гэр бүлийн гишүүд гагцхүү хүлээн авагч улсаас тэдэнд олгосон түвшинд давуу эрх, эрх ямба, дархан эрх эдэлнэ. Консулын байгууллагын гишүүний гэр бүлийн гишүүд, гэрийн хувь ажилтнууд хүлээн авагч улсын иргэн буюу уг улсад байнга оршин суугч бол гагцхүү хүлээн авагч улсаас тэдэнд олгосон түвшинд давуу эрх, эрх ямба, дархан эрх эдэлнэ. Гэхдээ хүлээн авагч улс эдгээр хүнд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхдээ консулын байгууллагын чиг үүрэг гүйцэтгэхэд нь саад учруулахгүй байна.

72 дугаар зүйл

Алагчилан үзэхгүй байх

  1. Хүлээн авагч улс энэхүү конвенцийн заалтыг хэрэглэхдээ улсуудыг алагчилан үзэж үл болно.
  2. Гэвч доорхи тохиолдолд алагчилан үзсэн гэж тооцохгүй:

(a) томилогч улсын нутаг дэвсгэрт байгаа хүлээн авагч улс консулын байгууллагын тухайд энэхүү конвенцийн аль нэг заалтыг хязгаартай хэрэглэсний хариуд хүлээн авагч улс уг заалтыг хязгаартай хэрэглэсэн бол;

(b) хоёр улс бие биедээ энэхүү конвенцид зааснаас илүү таатай дэглэм олгохоор тохиролцсон буюу тэгж заншсан бол.

73 дугаар зүйл

Энэхүү конвенц олон улсын бусад хэлэлцээрт нөлөөлөх эсэх

  1. Энэхүү конвенцийн заалтууд оролцогч улсуудын хооронд мөрдөж буй олон улсын бусад хэлэлцээрт нөлөөлөхгүй.
  2. Улсууд энэхүү конвенцийн заалтуудыг бататгасан, түүнд нэмэлт оруулсан, дэлгэрүүлсэн буюу өргөтгөсөн олон улсын хэлэлцээр байгуулахад Конвенцийн нэг ч заалт саад болохгүй.