Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
HomeБичиг баримтВенийн 1963 оны конвенцВенийн 1963 оны конвенц 1-р бүлэг

Венийн 1963 оны конвенц 1-р бүлэг

1963 оны 04 дугаар сарын 18-ны өдөр

1-р бүлэг. Консулын харилцааны тухай нийтлэг заалт

19 дүгээр зүйл

Консулын бүрэлдэхүүний гишүүдийг томилох

  1. 20, 22, 23 дугаар зүйлийн заалтыг хэрэглэхийн хамт, томилогч улс консулын бүрэлдэхүүний гишүүдийг чөлөөтэй томилж болно.
  2. Томилогч улс консулын байгууллагын тэргүүнээс гадна консулын бүх албан тушаалтны овог нэр, зэрэглэл, зиндааг хүлээн авагч улсад тухайн улс хүсвэл 23 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрхээ эдлэхэд нь хангалттай хугацаанд мэдэгдэнэ.
  3. Томилогч улс хууль, журамдаа заасны дагуу шаардлагатай бол консулын байгууллагын тэргүүн биш консулын албан тушаалтанд экзекватур олгохыг хүлээн авагч улсаас хүсч болно.
  4. Хүлээн авагч улс хууль, журамдаа заасны дагуу шаардлагатай бол консулын байгууллагын тэргүүн биш консулын албан тушаалтанд экзекватур олгож болно.

20 дугаар зүйл

Консулын бүрэлдэхүүний тоо

Консулын бүрэлдэхүүний тоог тодорхой тохиролцоогүй бол хүлээн авагч улс консулын тойргийн нөхцөл байдал, тухайн консулын байгууллагын хэрэгцээг харгалзан уг тоог зохистой, хэвийн гэж үзсэн хэмжээнээс нь хэтрүүлэхгүй байхыг шаардаж болно.

21 дүгээр зүйл

Консулын байгууллагын консулын албан

тушаалтнуудын ахлах дараалал

Томилогч улсын дипломат төлөөлөгчийн газар, хэрэв уг улс хүлээн авагч улсад тийм төлөөлөгчийн газаргүй бол консулын байгууллагын тэргүүн нь консулын байгууллагын консулын албан тушаалтнуудын ахлах дараалал, энэ дарааллын аливаа өөрчлөлтийг хүлээн авагч улсын гадаад хэргийн яаманд буюу уг яамнаас заасан байгууллагад мэдэгдэнэ.

22 дугаар зүйл

Консулын албан тушаалтны иргэний харьяалал

  1. Консулын албан тушаалтан нь зарчмын хувьд томилогч улсын иргэн байвал зохино.
  2. Консулын албан тушаалтныг хүлээн авагч улсын тодорхой илэрхийлсэн зөвшөөрөлгүйгээр тэр улсын иргэдээс томилж болохгүй бөгөөд авсан зөвшөөрлийг хэдийд ч цуцалж болно.
  3. Томилогч улсын иргэн биш гуравдахь улсын иргэдийн хувьд хүлээн авагч улс дээрхийн нэгэн адил эрхийг эдэлж болно.

23 дугаар зүйл

Non grata гэж мэдэгдсэн хүмүүс

  1. Хүлээн авагч улс консулын аль нэг албан тушаалтныг persona non grata, эсхүл консулын бүрэлдэхүүний аль нэг гишүүнийг тааламжгүй этгээд гэж үзэж байгаагаа томилогч улсад хэдийд ч мэдэгдэж болно. Энэ тохиолдолд томилогч улс уг хүнийг эгүүлэн татах буюу консулын байгууллагад гүйцэтгэх чиг үүргийг нь зогсооно.
  2. Хэрэв томилогч улс энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлэхээс татгалзах буюу боломжийн хугацаанд биелүүлэхгүй бол хүлээн авагч улс уг хүний экзекватурыг цуцлах буюу түүнийг консулын бүрэлдэхүүний гишүүнд тооцохоо больж болно.
  3. Консулын байгууллагын ажилтнаар томилогдсон хүнийг хүлээн авагч улсын нутаг дэвсгэрт хүрэлцэн ирэхээс нь өмнө буюу хэрэв уг хүн хүлээн авагч улсад байгаа бол консулын байгууллагад чиг үүргээ гүйцэтгэж эхлэхээс нь өмнө түүнийг тааламжгүй этгээд гэж мэдэгдэж болно. Аливаа ийм тохиолдолд томилогч улс түүний томилолтыг цуцлана.
  4. Хүлээн авагч улс энэ зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэсэн учир шалтгаанаа томилогч улсад тайлбарлах үүрэггүй.

24 дүгээр зүйл

Томилогдсон, хүрэлцэн ирсэн, буцсан тухай

хүлээн авагч улсад мэдэгдэх

  1. Хүлээн авагч улсын гадаад хэргийн яаманд буюу уг яамнаас заасан байгууллагад дараахь зүйлийг мэдэгдэж байна:

(a) консулын байгууллагын гишүүд томилогдсон, консулын байгууллагад томилогдоод хүрэлцэн ирсэн, бүрмөсөн буцсан буюу чиг үүргээ зогсоосон зэрэг консулын байгууллагад ажиллаж байгаа үед нь гарч болох бөгөөд эрхийн байдалд нь нөлөөлсөн бусад өөрчлөлтийн тухай;

(b) консулын байгууллагын гишүүдтэй хамт байнга амьдран суудаг тэдний гэр бүлийн гишүүн хүрэлцэн ирсэн, бүрмөсөн буцсан, мөн зохих тохиолдолд түүний гэр бүлийн гишүүн болсон буюу гэр бүлийн гишүүн байхаа больсон тухай;

(c) гэрийн хувь ажилтан хүрэлцэн ирсэн, бүрмөсөн буцсан, мөн зохих тохиолдолд тийм ажилтан ажлаа дуусгасан тухай;

(d) хүлээн авагч улсад оршин суугч хүмүүсийг эрх ямба, дархан эрх эдлэх эрхтэй консулын байгууллагын гишүүнээр буюу гэрийн хувь ажилтнаар хөлслөн ажиллуулсан, ажлаас чөлөөлсөн тухай.

  1. Хүрэлцэн ирэх, бүрмөсөн буцах тухай аль болохоор цаг тухайд нь мэдэгдэж байна.

II анги. КОНСУЛЫН ЧИГ ҮҮРЭГ ДУУСАХ

25 дугаар зүйл

Консулын байгууллагын гишүүний чиг үүрэг дуусах

Консулын байгууллагын гишүүний чиг үүрэг inter alia дор дурдсан тохиолдолд дуусгавар болно:

(a) томилогч улс түүний чиг үүргийг дуусгасан тухайгаа хүлээн авагч улсад мэдэгдсэн;

(b) экзекватурыг нь цуцалсан;

(c) хүлээн авагч улс түүнийг консулын бүрэлдэхүүний гишүүнд тооцохоо больсон тухайгаа томилогч улсад мэдэгдсэн.

26 дугаар зүйл

Хүлээн авагч улсаас буцах

Хүлээн авагч улс консулын байгууллагын гишүүд, хүлээн авагч улсын иргэн биш гэрийн хувь ажилтан, тэдэнтэй хамт амьдран суугаа гэр бүлийн гишүүдэд үүрэгт ажлаа дуусгаснаас хойш аль болох богино хугацаанд бэлтгэж буцаж явахад нь шаардагдах цаг хугацаа, нөхцлийг тэдний иргэний харьяаллыг үл харгалзан зэвсэгт мөргөлдөөний үед ч олгож байна. Тухайлбал, шаардлагатай бол тэдэнд болон хүлээн авагч улсад олж авсан бөгөөд тухайн улсаас гаргахыг хориглосноос бусад эд хөрөнгөө тээвэрлэхэд нь шаардагдах унаа хөсөг гаргаж өгнө.

27 дугаар зүйл

Консулын байр, архив, томилогч улсын

ашиг сонирхлыг онцгой тохиолдолд хамгаалах

  1. Хоёр улсын хоооронд консулын харилцаа тасарвал:

(a) хүлээн авагч улс зэвсэгт мөргөлдөөний үед ч консулын байрыг консулын байгууллагын эд хөрөнгө, консулын архивын хамт хүндэтгэн хамгаална;

(b) томилогч улс консулын байрыг түүнд байгаа эд хөрөнгө, консулын архивын хамт хамгаалахыг хүлээн авагч улсад тохиромжтой гуравдахь улсын хамгаалалтад итгэн даалгаж болно;

(c) томилогч улс өөрийнхөө болон иргэдийнхээ ашиг сонирхлыг хамгаалахыг хүлээн авагч улсад тохиромжтой гуравдахь улсад итгэн даалгаж болно.

  1. Консулын байгууллагыг түр буюу бүрмөсөн хаавал энэ зүйлийн 1 дэх хэсгийн (а) дэд хэсэгт заасныг баримтална. Үүнээс гадна:

(a) хэрэв томилогч улс хүлээн авагч улсад дипломат төлөөлөгчийн газаргүй боловч түүний нутаг дэвсгэрт өөр консулын байгууллагатай бол хаагдсан консулын байгууллагын байр, тэнд байгаа эд хөрөнгө, консулын архивыг хамгаалах, мөн хүлээн авагч улсын зөвшөөрснөөр уг консулын байгууллагын тойрогт консулын чиг үүрэг гүйцэтгэхийг нөгөө консулын байгууллагад итгэн даалгаж болно; эсхүл

(b) хэрэв томилогч улс хүлээн авагч улсад дипломат төлөөлөгчийн газар буюу өөр консулын байгууллагагүй бол энэ зүйлийн 1 дэх хэсгийн (в), (с) дэд хэсэгт заасныг баримтална.

 

 

1 2 3