Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
HomeБичиг баримтВенийн 1963 оны конвенцВенийн 1963 оны конвенц 1-р бүлэг

Венийн 1963 оны конвенц 1-р бүлэг

1963 оны 04 дугаар сарын 18-ны өдөр

1-р бүлэг. Консулын харилцааны тухай нийтлэг заалт

10 дугаар зүйл

Консулын байгууллагын тэргүүнийг томилж,

үүргээ гүйцэтгэхийг нь зөвшөөрөх

  1. Консулын байгууллагын тэргүүнийг томилогч улс томилж, хүлээн авагч улс чиг үүргээ гүйцэтгэхийг нь зөвшөөрнө.
  2. Консулын байгууллагын тэргүүнийг томилж, чиг үүргээ гүйцэтгэхийг нь зөвшөөрөх ёс журмыг энэхүү конвенцийн заалтыг баримтлан томилогч улс, хүлээн авагч улсын хууль, журам, заншлаар тогтооно.

11 дүгээр зүйл

Консулын патент буюу томилолтыг мэдэгдэх бичиг

  1. Томилогч улс консулын байгууллагын тэргүүнийг томилох бүрдээ албан тушаалыг нь нотолж, овог нэр, зэрэглэл, зиндаа, консулын тойрог, консулын байгууллагын байрлах газрыг нийтлэг журмын дагуу заасан патент хэлбэрийн буюу түүнтэй адил баримт бичгийг түүнд олгоно.
  2. Томилогч улс уг патент буюу түүнтэй адил баримт бичгийг консулын байгууллагын тэргүүн нутаг дэвсгэрт нь чиг үүргээ гүйцэтгэх улсын засгийн газарт дипломат буюу өөр зохих шугамаар илгээнэ.
  3. Хэрэв хүлээн авагч улс зөвшөөрвөл томилогч улс патент буюу түүнтэй адил бичиг баримтын оронд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан агуулгатай мэдэгдэх бичгийг хүлээн авагч улсад илгээж болно.

12 дугаар зүйл

Экзекватур

  1. Консулын байгууллагын тэргүүн хүлээн авагч улсаас ямар ч хэлбэртэй байж болох экзекватур хэмээх зөвшөөрөл авснаар чиг үүргээ гүйцэтгэж эхэлнэ.
  2. Экзекватур олгохоос татгалзаж байгаа улс тийнхүү татгалзсан шалтгаанаа томилогч улсад мэдэгдэх үүрэггүй.
  3. 13, 15 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд консулын байгууллагын тэргүүн экзекватур хүлээн авахаасаа өмнө чиг үүргээ гүйцэтгэж үл болно.

13 дугаар зүйл

Консулын байгууллагын тэргүүнд үүргээ гүйцэтгэхийг түр зөвшөөрөх

Консулын байгууллагын тэргүүнд экзекватур олгохоос өмнө чиг үүргээ гүйцэтгэхийг түр зөөвшөөрч болно. Энэ тохиолдолд энэхүү конвенцийн заалтыг хэрэглэнэ.

14 дүгээр зүйл

Консулын тойргийн эрх бүхий байгууллагад мэдэгдэх

Консулын байгууллагын тэргүүнд чиг үүргээ гүйцэтгэхийг түр ч гэсэн зөвшөөрмөгц хүлээн авагч улс консулын тойргийн эрх бүхий байгууллагад нэн даруй мэдэгдэж, консулын байгууллагын тэргүүн албан тушаалынхаа дагуу чиг үүргээ гүйцэтгэх, энэхүү конвенцид заасан онцгой эрх эдлэхэд нь шаардагдах арга хэмжээ авна.

15 дугаар зүйл

Консулын байгууллагын тэргүүний чиг үүргийг түр гүйцэтгэх

  1. Хэрэв консулын байгууллагын тэргүүн чиг үүргээ гүйцэтгэх боломжгүй буюу консулын байгууллагын тэргүүний орон тоо сул байвал консулын байгууллагын тэргүүний чиг үүргийг консулын байгууллагын тэргүүний үүрэг гүйцэтгэгч түр гүйцэтгэж болно.
  2. Томилогч улсын дипломат төлөөлөгчийн газар, хэрэв уг улс хүлээн авагч улсад төөлөөлөгчийн газаргүй бол консулын байгууллагын тэргүүн буюу хэрэв тэр нь боломжгүй бол томилогч улсын эрх бүхий аливаа байгууллага консулын байгууллагын тэргүүний үүрэг гүйцэтгэгчийн овог нэрийг хүлээн авагч улсын гадаад хэргийн яаманд буюу уг яамны заасан байгууллагад мэдэгдэнэ. Нийтлэг журмын дагуу үүнийг урьдчилан мэдэгдэнэ. Консулын байгууллагын тэргүүний үүрэг гүйцэтгэгч нь томилогч улсаас хүлээн авагч улсад суугаа дипломат төлөөлөгч ч биш, консулын албан тушаалтан ч биш байвал хүлээн авагч улс зөвшөөрөл олгох болзол тавьж болно.
  3. Хүлээн авагч улсын эрх бүхий байгууллагууд консулын байгууллагын тэргүүний үүрэг гүйцэтгэгчид тусалж, түүнийг хамгаална. Тэрбээр консулын байгууллагыг тэргүүлж байгаа үед энэхүү конвенцийн заалт консулын байгууллагын тэргүүнд хамаардагийн нэгэн адил үндэслэлээр түүнд хамаарна. Гэвч консулын байгууллагын тэргүүний үүргийг түр гүйцэтгэгч гагцхүү зохих нөхцөлд тохирохгүй байгаа бол хүлээн авагч улс түүнд консулын байгууллагын тэргүүний эдэлдэг давуу эрх, эрх ямба, дархан эрхийг олгох үүрэггүй.
  4. Томилогч улсаас хүлээн авагч улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын дипломат бүрэлдэхүүний гишүүн энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу консулын байгууллагын тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр томилогдоход хүлээн авагч улс татгалзахгүй бол дипломат эрх ямба, дархан эрхээ хэвээр эдэлнэ.

16 дугаар зүйл

Консулын байгууллагуудын тэргүүнүүдийн

ахлах дараалал

  1. Консулын байгууллагуудын тэргүүнүүдийн зиндаа тус бүр дэх ахлах дарааллыг тэдэнд экзекватур олгосон он, сар, өдрөөр тогтооно.
  2. Хэрэв консулын байгууллагын тэргүүнд экзекватур олгохоос өмнө чиг үүргээ гүйцэтгэхийг түр зөвшөөрсөн бол түүний ахлах дарааллыг түр зөвшөөрөл олгосон он, сар, өдрөөр тогтоох бөгөөд энэ дарааллыг экзекватур олгосноос хойш ч баримтална.
  3. Экзекватур буюу түр зөвшөөрлийг адилхан нэг өдөр хүлээн авсан консулын байгууллагуудын хоёр буюу хэд хэдэн тэргүүний ахлах дарааллыг патент буюу патенттай адил баримт бичиг, эсхүл 11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан мэдэгдлийг хүлээн авагч улсад ирүүлсэн он, сар, өдрөөр тогтооно.
  4. Консулын байгууллагуудын тэргүүний үүрэг гүйцэтгэгчид ахлах дарааллын хувьд консулын байгууллагуудын тэргүүнүүдийн дараа орох бөгөөд тэдний өөр хоорондын ахлах дарааллыг консулын байгууллагын тэргүүний үүргийг түр гүйцэтгэж эхэлснийг 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн он, сар, өдрөөр тогтооно.
  5. Консулын байгууллагыг тэргүүлж байгаа өргөмжит консулын албан тушаалтнууд дээр дурдсан журмын дагуу тухайн зиндаа тус бүрд консулын байгууллагуудын орон тооны тэргүүнүүдийн дараа орно.
  6. Консулын байгууллагуудын тэргүүнүүд ахлах дарааллын хувьд тийм эрхийн байдал эдлэхгүй консулын албан тушаалтны түрүүнд байна.

17 дугаар зүйл

Консулын албан тушаалтан дипломат ажиллагаа явуулах

  1. Томилогч улс нь дипломат төлөөлөгчийн газаргүй бөгөөд гуравдахь улсын дипломат төлөөлөгчийн газраар төлөөлүүлээгүй улсад суугаа консулын албан тушаалтан хүлээн авагч улсын зөвшөөрснөөр консулын эрхийн байдалдаа үл нөлөөлөхүйцээр дипломат үйлдэл хийх эрх эдэлж болно. Консулын албан тушаалтан тийм үйлдэл хийх нь дипломат эрх ямба, дархан эрх эдлэх эрхийг түүнд үл олгоно.
  2. Консулын албан тушаалтан хүлээн авагч улсад мэдэгдэж засгийн газар хоорондын аливаа байгууллагын дэргэд томилогч улсаа төлөөлөн ажиллаж болно. Тийнхүү төлөөлөн ажиллахдаа олон улсын заншлын эрх зүйн дагуу буюу олон улсын гэрээгээр олгодог эрх ямба, дархан эрх эдлэх эрхтэй. Гэхдээ консулын аливаа чиг үүрэг гүйцэтгэхдээ шүүхийн харьяаллаас чөлөөлөгдөх талаар энэхүү конвенцийн дагуу консулын албан тушаалтанд олгосноос илүү дархан эрх эдлэх эрхгүй.

18 дугаар зүйл

Хоёр буюу хэд хэдэн улс нэг хүнийг

консулын албан тушаалтнаар томилох

Хоёр буюу хэд хэдэн улс хүлээн авагч улсын зөвшөөрснөөр нэг хүнийг тухайн улсад консулын албан тушаалтнаар томилж болно.

1 2 3