Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
HomeБичиг баримтНэг. Нийтлэг үндэслэл

Нэг. Нийтлэг үндэслэл

Дугаар 61

Монгол улсын их хурлын тогтоол

1.Монгол Улсын гадаад бодлого нь Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тодорхойлон заасан үндэсний ашиг сонирхолд тулгуурлах бөгөөд тус улсын гадаад, дотоод нөхцөл байдал нь гадаад бодлогын зорилго, зарчим, чиглэлийг тодорхойлох үндэс болно.

2.Монгол Улсын гадаад бодлогын зорилго нь дэлхийн улсуудтай найрсаг харилцаатай байж, улс төр, эдийн засгийн болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын хамтын нийгэмлэгт байр сууриа бэхжүүлэх, хөгжил дэвшлийг хурдасгах замаар улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах явдал мөн.

3.Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхлыг олон улсын эрх зүйн хүрээнд улс төр-дипломатын аргаар хангах нь гадаад бодлогын тэргүүлэх зорилт мөн.

4.Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого явуулна.

5.Гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангаж, залгамж чанарыг хадгална. Гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангах, төрийн захиргааны төв болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн гадаад харилцааг уялдуулан зохицуулах, хяналт тавих үүргийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гүйцэтгэнэ.

6.Монгол Улс бусад улстай харилцахдаа бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хилийн халдашгүй дархан байдал, өөртөө засан тогтнох бүрэн эрхийг харилцан хүндэтгэх, дотоод хэрэгт үл оролцох, маргаантай асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, эрх тэгш, харилцан ашигтай хамтран ажиллах зэрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дүрэмд тодорхойлж, нийтээр хүлээн зөвшөөрсөн олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээ, түүнчлэн хоёр талын харилцааны үндсэн баримт бичгүүдэд заасан бусад зарчмыг удирдлага болгоно.

7.Дэлхий, бүс нутагт нөлөө бүхий улсуудтай харилцаа, хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэхийг зорихын хамт аль нэг улсаас хэт хамааралтай буюу хараат байдалд орохоос сэрэмжилнэ.

8.Олон улсын харилцааны хөгжил, дэлхийн болон бүс нутгийн улс төрийн нөхцөл байдалтай уялдуулан гадаад бодлогын чиглэл, зорилтыг уян хатан тогтооно.

9.Монгол Улсын гадаад бодлого нь улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан-технологи, соёл, хүмүүнлэгийн гадаад бодлого, гадаадад байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах, гадаад сурталчилгаа, олон нийттэй харилцах бодлого гэсэн харилцан уялдаа бүхий үндсэн хэсгүүдээс бүрдэнэ. Улс төрийн гадаад харилцааны бодлого тодорхойлогч шинжтэй байна.

Монгол улсын их хурлын дарга