Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрБичиг баримтТав. Соёл, хүмүүнлэгийн гадаад харилцааны бодлого

Тав. Соёл, хүмүүнлэгийн гадаад харилцааны бодлого

Дугаар 61

Монгол улсын их хурлын тогтоол

24.Соёл, хүмүүнлэгийн гадаад харилцааны бодлогын зорилго нь үндэсний соёл иргэншил, өвөрмөц өв уламжлалаа дэлхийн соёлын нийтлэг ололттой хослуулан хөгжүүлэх, түүх, соёлын үнэт зүйлээ хамгаалах, сэргээх, түүхэн шалтгаанаар гадаадад гарсан эд өлгийн зүйлийг сурвалжлан олоход чиглэсэн хамтын ажиллагаа хөгжүүлэх, нийгэм, хүмүүнлэгийн салбарын шууд харилцаанд тус дөхөм үзүүлэх явдал мөн.
25.Соёл, хүмүүнлэгийн салбарын гадаад бодлогыг дараахь чиглэлээр хэрэгжүүлнэ:

25.1.Түүх, соёлын дурсгалт болон үнэт зүйл, байгалийн өвийг хамгаалах, сэргээх талаар гадаад улс, ЮНЕСКО, олон улсын холбогдох бусад байгууллагатай хамтран ажиллаж, дэлхийн соёлын болон байгалийн өв сангийн бүртгэлд өөрийн биет, биет бус өвийг хамруулахыг зорих;

25.2.Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээг олон улсын жишиг, шаардлагад ойртуулан сайжруулах, энэ талаар ахиц дэвшилд хүрсэн улсуудын туршлагыг судалж хэрэгжүүлэхэд дөхөм үзүүлэх;
25.3.Үндэсний хөгжилд нэн шаардлагатай мэргэжилтнүүдийг хөгжингүй улсуудад бэлтгэх, гадаадын өндөр мэргэшлийн багш, эрдэмтдийг ирүүлж ажиллуулах нөхцөл бүрдүүлэх, сургууль, судалгааны байгууллага байгуулах зэрэг боловсролын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
25.4.Боловсрол, соёл, урлаг, спорт, олон нийт, мэдээллийн олон улсын байгууллагатай идэвхтэй харилцах, шаардлагатай гэрээнд нэгдэн орох, ижил төрлийн байгууллагуудын хооронд шууд харилцаа, солилцоо хөгжүүлэх, соёл, урлаг, спортын олон улсын арга хэмжээнд оролцох, ийм төрлийн арга хэмжээг эх орондоо зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх;

25.5.Бусад улс дахь монгол туургатнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хэл, соёл, уламжлалаа хадгалан хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх.

Монгол улсын их хурлын дарга