Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрБичиг баримтЦөмийн зэвсгээс ангид байх тухай

Цөмийн зэвсгээс ангид байх тухай

2000 оны 02 дугаар сарын 03-ны өдөрУлаанбаатар хот
Цөмийн зэвсгээс ангид байх тухай

Монгол улсын хууль

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын аюулгүй байдлыг хангахад чухал хүчин зүйл болох Монгол Улсын нутаг дэвсгэрийг бүхэлд нь, түүний дотор агаар мандал, газар, ус, газрын хэвлийг цөмийн зэвсгээс ангид байлгахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль тогтоомж

2.1. Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд  энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

З дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1. ”цөмийн зэвсэг” гэж цөмийн хянагдашгүй эрчим хүч гаргаж  дайны зориулалтаар ашиглаж болох цөмийн аливаа төрлийн тэсрэх төхөөрөмжийг;

3.1.2. ”цөмийн зэвсэггүй статус” гэж цөмийн зэвсгээс ангид байх эрх зүйн байдлыг.

4 дүгээр зүйл. Цөмийн зэвсгээс ангид байхтай холбогдуулан хориглох зүйл

4.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт хувь хүн болон хуулийн этгээд, гадаад улс цөмийн зэвсэгтэй холбогдсон дараахь үйлдэл, үйл ажиллагааг явуулах, санаачлан хэрэгжүүлэх буюу хэрэгжүүлэхэд оролцохыг хориглоно:

4.1.1. цөмийн зэвсгийг боловсруулах, үйлдвэрлэх буюу бусад аргаар олж авах, эзэмших, хяналтдаа байлгах;

4.1.2. цөмийн зэвсгийг байрлуулах буюу аливаа хэрэгслээр тээвэрлэх;

4.1.3. цөмийн зэвсгийг турших буюу хэрэглэх;

4.1.4. цөмийн зэвсгийн гаралтай тусгай ангиллын цацраг идэвхт материал, шаар болон аюултай хог хаягдлыг булшлах буюу устгах.

4.2. Цөмийн зэвсгийн зориулалтаар ашиглахаар бэлтгэгдсэн буюу үйлдвэрлэгдсэн цөмийн зэвсгийн эд анги, бүрэлдэхүүн, хаягдал болон бусад эд зүйлийг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан өнгөрүүлэхийг хориглоно.

5 дугаар зүйл. Цөмийн эрчим хүч, технологи ашиглах

5.1. Цөмийн эрчим хүч, технологийг зөвхөн цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны  байгууллагын зөвшөөрлөөр анагаах ухаан, уул уурхай, эрчим хүчний үйлдвэрлэл, судалгаа зэрэг гагцхүү энхийн зорилгоор Монгол Улсын олон улсын гэрээний дагуу олон улсын эрх зүйн хэм хэмжээ, зарчимд нийцүүлэн ашиглана.

5.2. Энэ хуулийн 5.1-д заасан зорилгоор болон Монгол Улсын хил орчимд  хүн ам, байгаль орчны аюулгүй байдалд шууд нөлөөлөх буюу алсдаа сөргөөр нөлөөлж болзошгүй цөмийн шаар, аюултай хог хаягдал булшлах буюу хадгалуулахгүй байх талаар Олон Улсын Атомын Энергийн Агентлаг /ОУАЭА/ болон олон улсын холбогдох бусад байгууллага, цөмийн хөтөлбөр бүхий улстай хамтран ажиллана.

ХОЁРДУГААР БҮЛЭГ. Хяналт

6 дугаар зүйл. Цөмийн зэвсгээс ангид байх тухай  хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих дотоодын хяналт

6.1. Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, бусад байгууллагын саналыг үндэслэн Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өөрийн чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд  дараахь үйл ажиллагааг уялдуулан зохицуулна:

6.1.1. цөмийн зэвсгээс ангид байхтай холбогдуулан Монгол Улсад хориглох болон зөвшөөрөх зүйлийн талаар төрийн нэгдмэл бодлогыг хэрэгжүүлэх;

6.1.2. Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байхтай холбогдсон эрх зүйн байдлыг олон улсын хэмжээнд баталгаажуулах;

6.1.3. олон улсын холбогдох байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, Монгол Улсад хориглох, зөвшөөрөх зүйлийн талаар мэдээлэл харилцан солилцох, дотоодын байгууллагыг мэдээллээр хангах.

6.2. Монгол Улсын эрх бүхий байгууллага нь сэжигтэй хэмээн үзсэн нисэх онгоц, галт тэрэг, автотээврийн хэрэгсэл болон хувь хүн, бүлэг этгээдийн талаар урьдчилан мэдээлэл авах, тээврийн хөдөлгөөн болон тухайн хувь хүн, бүлэг этгээдийг саатуулан шалгах эрхтэй.

6.3. Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хууль болон цөмийн зэвсэггүй статустай холбогдуулан Монгол Улсын олон улсын хэмжээнд хүлээсэн үүргийн биелэлтэд, хяналт тавина.

6.4. Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд төрийн бус байгууллага, хувь хүн хуулиар тогтоогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд олон нийтийн хяналт тавьж, санал, хүсэлтээ төрийн холбогдох байгууллагад гаргаж болно.

7 дугаар зүйл. Цөмийн зэвсгээс ангид байх тухай  хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих олон улсын хяналт

7.1. Монгол Улс нь энэ хуулийн хэрэгжилтэд олон улсын холбогдох байгууллагатай хамтран болон олон улсын гэрээ байгуулах замаар олон улсын хяналт тавина.

ГУРАВДУГААР БҮЛЭГ. Хариуцлага

8 дугаар зүйл. Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

8.1. Энэ хуулийн 4 дүгээр зүйлийг зөрчсөн гэм буруутай этгээдэд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

8.2. Энэ хуулийн 4.1-д хориглосон үйл ажиллагааг явуулахад ашигласан байр, тоног төхөөрөмж, материал, түүхий эд, тээврийн хэрэгслийг хурааж  улсын орлого болгоно.

8.3. Энэ хуулийг зөрчсөний улмаас Монгол Улсын эрх ашиг хохирч, хүн ам, байгаль орчин, эд хөрөнгөд хохирол учруулсан бол Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, олон улсын гэрээ, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээний дагуу гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

8.4. Гадаад улс энэ хуулийг зөрчих буюу зөрчсөн сэжиг илэрсэн тохиолдолд Монгол Улсын  олон улсын гэрээ, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээний хүрээнд тухайн улсад албан ёсоор мэдэгдэх, хариу тайлбар авах, үүдэн гарч болох бусад асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх, шаардлагатай гэж үзвэл Олон Улсын Атомын Энергийн Агентлаг /ОУАЭА/ болон олон улсын холбогдох байгууллагад хандах, эрх зүйн маргаан гарах тохиолдолд олон улсын шүүх болон хөндлөнгийн шүүхэд гомдол гаргах хүртэл арга хэмжээ авна.

9 дүгээр зүйл. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хуулийг хүчингүй болгох

9.1. Монгол Улсын язгуур эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу хуулийг хүчингүй болгож болно.

 

Монгол улсын их хурлын дарга Р. Гончигдорж