22.Орчин үеийн шинжлэх ухаан-технологийн үндэсний чадавхийг сайжруулах, эдийн засаг, нийгмийн хөгжлийг хурдасгахад дөхөм үзүүлэх нь шинжлэх ухаан-технологийн гадаад харилцааны бодлогын зорилго мөн.
23.Шинжлэх ухаан-технологийн гадаад харилцааны бодлогыг дараахь чиглэлээр хэрэгжүүлнэ:
23.1.эрдэс болон хөдөө аж ахуйн түүхий эдийг гүнзгий боловсруулах, дэвшилтэт арга технологийг сонгон нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
23.2.эдийн засаг, нийгмийн салбарт инновац нэвтрүүлэх, цөмийн технологийг энхийн зорилгоор ашиглах чиглэлээр хамтын ажиллагааг идэвхжүүлэх, сэргээгдэх эрчим хүч ашиглах төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тус тус дэмжлэг үзүүлэх;
23.3.мэдээллийн технологийн салбарт гадаадын хөрөнгө оруулалт, орчин үеийн ололтыг нэвтрүүлэх, шинжлэх ухаан-технологийн үндэсний мэдээллийн сүлжээг өргөтгөн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
23.4.эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэлээр туршилт, сорилт явуулах бааз суурийг бэхжүүлэх, мэргэшсэн судлаач бэлтгэхэд гадаадын тусламж, дэмжлэгийг нэмэгдүүлэхийг эрмэлзэх;
23.5.олон улсад Монгол судлал өргөжин хөгжихийг дэмжиж, гадаадад Монгол судлалын төв байгуулахад туслалцаа үзүүлэх;
23.6.шинжлэх ухаан-технологи, оюуны өмчийн салбарт хоёр талын болон олон талын үндсэн дээр хамтын ажиллагаа хөгжүүлэх.