3.1.Оршин тогтнохуйн аюулгүй байдал
Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хил хязгаарын халдашгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, монгол соёл иргэншлийн аюулгүй байдал, хүн ам, удмын сангийн аюулгүй байдлыг хангах нь оршин тогтнохуйн аюулгүй байдлын үндэс мөн.
3.1.1.Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал
3.1.1.1.Төрийн гадаад бодлого нэгдмэл байх, гадаад харилцаанд үндэсний ашиг сонирхлыг дээдлэх зарчмыг тууштай хэрэгжүүлнэ.
3.1.1.2.Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах үндсэн арга нь улс төр, дипломатын үйл ажиллагаа байна. Энэ хүрээнд олон тулгуурт гадаад бодлогын зарчмыг эрхэмлэж, дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагуудтай идэвхтэй харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлнэ.
3.1.1.3.Энхийг эрхэмлэсэн гадаад бодлогоо тууштай баримталж, энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагааг идэвхтэй дэмжинэ.
3.1.1.4.ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, өргөн хүрээтэй хамтын ажиллагааг хөгжүүлнэ. Чингэхдээ үндэсний эрх ашиг, харилцааны түүхэн уламжлалыг харгалзан бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг эрхэмлэж, бүхэлдээ тэнцвэртэй харилцахыг эрмэлзэнэ.
3.1.1.5.“Гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд өндөр хөгжилтэй ардчилсан улсуудтай улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн салбарт хоёр болон олон талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлнэ.
3.1.1.6.Хөрш хоёр орон, АНУ, НАТО-гийн гишүүн орнууд, Европын Холбоо, Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудтай аюулгүй байдал, батлан хамгаалах салбарт хоёр болон олон талын харилцаа, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлж, олон улсын энхийг дэмжих үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно.
3.1.1.7.Монгол Улсын олон улсын аюулгүй байдлыг баталгаажуулах асуудлаарх Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн тогтоолуудын үзэл санааг хэрэгжүүлэх чиглэлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн Зөвлөлийн гишүүн орнууд, олон улсын байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллана.
3.1.1.8.Ази, Номхон далайн бүс нутаг Зүүн Ази, түүний дотор Зүүн хойд Азид стратегийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, аюулгүй байдлын хамтын ажиллагааны механизм бий болгоход чиглэсэн бүс нутгийн орнуудын бодлого, үйл ажиллагааг идэвхтэй дэмжиж оролцоно.
3.1.2.Хил хязгаар, нутаг дэвсгэрийн халдашгүй, бүрэн бүтэн байдал
3.1.2.1.Нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг хангах зарчимтай уялдуулан Монгол Улсын газрын сангийн нэгдсэн бодлого, удирдлагын тогтолцоог боловсронгуй болгоно.
3.1.2.2.Орон нутгийн хамгаалалтад тулгуурласан батлан хамгаалах, зэвсэгт хүчний нэгдмэл тогтолцоог төлөвшүүлж, зэвсэгт хүчнийг мэргэжлийн чиг баримжаатай, чадварлаг болгон хөгжүүлнэ. Улсын хилийн хамгаалалтад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, урамшуулах бодлого явуулна.
3.1.2.3.Гаднын дүрвэгсэд олноор хил даван орж ирэх, гэнэтийн хяналтгүй нөхцөл байдал үүсэхээс сэргийлэх бэлэн байдлын тогтолцоог бүрдүүлж, эрх зүй, улс төр, дипломатын цогц арга хэмжээ авна.
3.1.2.4.Хилийн хамгаалалт, хяналт шалгалтын үйл ажиллагаанд мэдээллийн нэгдмэл, шуурхай байдлыг баталгаатай хангах зохион байгуулалт, техник, технологийн шинэчлэлийг хэрэгжүүлнэ.
3.1.2.5.Хил орчмын бүс нутгийн эдийн засгийг хөгжүүлэхдээ үндэсний нэгдмэл ашиг сонирхлыг дээдэлж, Монгол Улсын бүрэн эрхт байдал, хил хязгаар, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг бататгах зарчмыг үндэс болгоно.
3.1.2.6.Хил дээр боомт нээх, хаах, боомтын ажиллагааны горимд өөрчлөлт оруулах асуудлыг төрийн эрх барих дээд байгууллага шийдвэрлэнэ.
3.1.2.7.Хилийн дагуух орон нутгийн хөгжлийн бодлого, гадаад харилцаа нь төрийн нэгдсэн бодлогод захирагдана.
3.1.3.Хүн ам, удмын сангийн аюулгүй байдал
3.1.3.1.Монгол Улсын хүн амын өсөлтийг дэмжиж, монгол хүний хөгжил, амьдралын чанарт дэвшил гаргана.
3.1.3.2.Гадаадад сурч, хөдөлмөрлөж байгаа иргэддээ эх орондоо эргэн ирж ажиллаж, амьдрах таатай нөхцөл, боломжийг бүрдүүлнэ.
3.1.3.3.Гадаадад төрж тухайн улсын иргэний харьяалалтай болсон иргэд, тэдний үр хүүхдэд Монгол Улсад зорчих, оршин суух, суралцах, ажиллаж амьдрах, даатгалд хамрагдах таатай нөхцөлийг бүрдүүлнэ. Хоёрдмол харьяалал үүсч, төрөөс иргэдийн ашиг сонирхлыг хамгаалах баталгаа алдагдахаас сэргийлнэ.
3.1.3.4.Цус ойртолтыг багасгах, архидан согтууралт, мансууралтай тэмцэх ажлыг эрчимжүүлж, хүн амын удмын санд учрах сөрөг нөлөөллийг бууруулна.
3.1.3.5.Гадаадын иргэн, харьяалалгүй хүн, цагаачдын тооны зохист түвшинг хадгалж, бүртгэл, мэдээллийн тогтолцоо, эрх зүйн орчин, удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгоно.
3.1.4.Соёл иргэншлийн аюулгүй байдал
3.1.4.1.Монголын түүх, хэл, соёл, шашин, зан заншлыг хамгаалах, хөгжүүлэх, судлах ажлыг төр ивээлдээ авч, ном, сурах бичиг, кино урлагийн бүтээл туурвилыг онцгойлон урамшуулж, биет болон биет бус соёлын өвийг хамгаалан хөгжүүлнэ. Дэлхийн Монгол судлалын төвийг Улаанбаатарт байгуулж монголч эрдэмтдийг судалгааны ажлуудад татан оролцуулах, бусад оронд салбар байгуулах ажлыг зохион байгуулна.
3.1.4.2.Монгол хэл, бичгийн соёлоо хамгаалан хөгжүүлж, уламжлалт монгол бичгийн сургалт, хэрэглээг нэмэгдүүлнэ.
3.1.4.3.Хүүхэд, залуучуудад түүх, соёл, зан уламжлалаа гүнзгий таниулах, эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлэх ажлыг нийгэм, гэр бүл, боловсролын тогтолцоогоор дамжуулан хэрэгжүүлнэ.
3.1.4.4.үндэсний ёс заншил, соёл урлагийн нэртэй төлөөлөгчид, ардын авьяастнуудын уйгагүй хөдөлмөр, зүтгэлийг үнэлэх, алдаршуулах, эрдэм авьяасыг нь өвлүүлэх бодлого, үйл ажиллагааг төрөөс хэрэгжүүлнэ.
3.1.4.6.Дэлхийн бусад орон, түүний дотор гуравдагч хөрш орнуудтай соёлын салбарт өргөн харилцаа хөгжүүлж, дипломат төлөөлөл, иргэдээрээ дамжуулан монгол үндэстний соёл, түүхийг дэлхий дахинаа сурталчлах ажлыг эрчимжүүлнэ.
3.1.4.7.Түүх, соёлын үнэт зүйлс хууль бусаар гадаадад гарахаас сэргийлэх, хилийн чанад дахь монгол соёл иргэншлийн өвийг сурвалжлан олох, судлах, эх орондоо эгүүлэн залах, сэргээн засах чиглэлээр иргэдийн санал, санаачилгыг дэмжиж, гадаад оронтой идэвхтэй хамтран ажиллах эрх зүй, зохион байгуулалтын арга хэмжээ авна.
3.1.4.8.Уламжлалт Бурханы шашин, соёлыг сэргээн хөгжүүлж, сүм хийдийн үйл ажиллагааг нийгмийн оюун санааг гэгээрүүлэх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, ядуурлыг бууруулах, зовлон гамшигт нэрвэгдсэн хүн ардад туслалцаа үзүүлэх, байгаль орчныг хамгаалах үйлсэд чиглүүлэхэд төрөөс анхаарч, дэмжлэг үзүүлнэ.
3.1.4.9.Монголын ард түмний олон зуун жилийн оюуны өвийг тээж, хадгалж ирсэн Монголын Бурханы шашны өв соёлын судалгааг төрөөс онцлон дэмжинэ.
3.2. Эдийн засгийн аюулгүй байдал
Эдийн засгийн бие даасан байдлаа хангаж хөгжих, байгальд ээлтэй, хүний аюулгүй, амгалан амьдрах боломжийг бүрдүүлсэн тогтвортой хөгжлийн загварыг бий болгох нь эдийн засгийн аюулгүй байдлыг хангах үндсэн нөхцөл мөн. Эдийн засгийн олон тулгуурт, оновчтой бүтцийг бий болгох, хөрөнгө оруулалтын тэнцвэртэй бодлого явуулах, санхүүгийн салбарын аюулгүй байдлыг баталгаажуулах, эрчим хүч, эрдэс баялгийн болон гадаад худалдаа, интеграцийн асуудлаар оновчтой бодлого баримтална.
3.2.1.Эдийн засгийн олон тулгуурт бүтэц
3.2.1.1.Эдийн засгийн өөрийгөө тэтгэх чадавхийг бүрдүүлж, тодорхой салбарт олон улсын тавцанд өрсөлдөх чадвартай олон тулгуурт эдийн засгийн бүтцийг бий болгоно.
3.2.1.2.Хүн амын амьдралын үндсэн хэрэгцээ, эдийн засгийн бие даасан, хэвийн үйл ажиллагааг хангах, үндэсний орлогыг бүрдүүлэх, үндэсний аюулгүй байдлыг баталгаажуулахад стратегийн ач холбогдолтой эрдэс баялаг, хүнс, хөдөө аж ахуй, эрчим хүч, зам, тээвэр, мэдээлэл, харилцаа холбоо, санхүүгийн салбарыг олон улс, Европын Холбооны стандартад нийцүүлэн хөгжүүлнэ.
3.2.1.3.Ил тод, хариуцлагатай уул уурхай, эрдэс баялгийн салбарыг хөгжүүлж, түүнээс олох орлогыг ойрын болон дунд хугацаанд эдийн засгийн бие даасан хөгжлийг хангах олон тулгуурт бүтцийг бий болгох, хүний хөгжлийг дэмжиж, боловсрол, эрүүл мэнд, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд зарцуулна.
3.2.1.4.Дэд бүтцийн салбарын хөгжлийг үндэсний аюулгүй байдлын шаардлагад нийцүүлж, хөрөнгө оруулалтад эдийн засгийн үр ашгийг шалгуур болгоно. Төмөр замын сүлжээг байгуулахдаа Монгол Улсын үндэсний ашиг сонирхлыг эрхэмлэнэ.
3.2.1.5.Монгол орны цэвэр байгаль, оюуны нөөц, газар зүйн давуу талд түшиглэсэн, олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай, агаарын тээвэр, мэдээллийн технологи ашиглан экспортлох боломжтой өндөр өртөг бүхий бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээг түлхүү дэмжин хөгжүүлнэ.
3.2.1.6.Боловсролын салбарт олон улсын стандартыг мөрдүүлж, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын үйл ажиллагааны уялдаа холбоог хангаж, хүний хөгжлийг дээшлүүлэхэд чиглүүлнэ.
3.2.1.7.Шинжлэх ухааны шинжилгээ, судалгаа, инновацийг стратегийн ач холбогдолтой салбаруудад төвлөрүүлж, эдийн засгийн бүтээмж, өрсөлдөх чадавхийг нэмэгдүүлнэ.
3.2.1.8.Өндөр технологийн хөгжлийг дэмжиж, нанотехнологи, биотехнологи, мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарт олон улсын тавцанд өрсөлдөх чадавхийг хөгжүүлнэ.
3.2.1.9.Дотоодын хөдөлмөрийн зах зээлээ хамгаалж, иргэдээ ажлын байраар найдвартай хангах замаар ядуурлыг арилгах тууштай бодлого хэрэгжүүлнэ.
3.2.2.Хөрөнгө оруулалтын тэнцвэртэй бодлого
3.2.2.1.Үндэсний хөрөнгө оруулагчдын эдийн засаг дахь хувь, оролцоог нэмэгдүүлэх, хамгаалах бодлого хэрэгжүүлж, бизнесээ өргөжүүлэх, олон улсын тавцанд өрсөлдөх чадвараа дээшлүүлэх, улмаар улс орны эдийн засгийн аюулгүй байдал, хөгжил дэвшилд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх боломжийг бүрдүүлнэ.
3.2.2.2.Гадаадын аль нэг орноос хийгдэх хөрөнгө оруулалтын хувь, хэмжээг гадаадын нийт хөрөнгө оруулалтын гуравны нэгээс хэтрэхгүй байлгах бодлого баримтална. Гадаадын төрийн өмчит компанийн хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, стратегийн ач холбогдолтой салбарт хөрш орон, өндөр хөгжилтэй бусад орноос оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг тэнцвэртэй байлгах бодлого баримтална.
3.2.2.3.Монгол Улсын үнэ цэнэтэй аж ахуйн нэгжүүдийн хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээлд борлуулахдаа гадаадын хөрөнгө оруулалтын чиглэлээр баримтлах бодлогын зарчим алдагдахгүй байх эрх зүйн орчин, нөхцөлийг бүрдүүлнэ.
3.2.2.4.Гадаадын хөрөнгө оруулалтыг өрсөлдөх чадвар, санхүү, менежментийн үр өгөөжийг дээшлүүлэх, шинэ технологи нэвтрүүлэх, урт хугацааны хөгжлийн үндсийг тавих чухал хөшүүрэг, арга хэрэгсэл болгоно.
3.2.2.5.Гадаад худалдааны дамжин өнгөрөх тээврийн нөхцөлөөс хэт хараат байдлыг бууруулж, далайд гарцгүй орны хувьд тээврийн салбарт хөрш орнуудтай хоёр болон гурван талын урт хугацааны, харилцан ашигтай хэлэлцээр байгуулна. Эскпортын бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах далайн боомтуудтай болох, боомт хүртэл тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулах, Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.