Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрБичиг баримтВенийн 1963 оны конвенц 3-р бүлэг

Венийн 1963 оны конвенц 3-р бүлэг

1963 оны 04 дугаар сарын 24-ны өдөр
Венийн 1963 оны конвенц 3-р бүлэг

3-р бүлэг. Өргөмжит консулын албан тушаалтан, тэдний тэргүүлсэн консулын байгууллагад хамаарах дэглэм

58 дугаар зүйл

Давуу эрх, эрх ямба, дархан эрхэд холбогдох нийтлэг заалт

  1. 28, 29, 30, 34, 35, 36, 37, 38, 39 дүгээр зүйл, 54 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 55 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийн заалт өргөмжит консулын албан тушаалтны тэргүүлсэн консулын байгууллагад хамаарна. Мөн ийм консулын байгууллагын давуу эрх, эрх ямба, дархан эрхийг 59, 60, 61, 62 дугаар зүйлээр зохицуулна.
  2. 42, 43 дугаар зүйл, 44 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 45, 53 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалт өргөмжит консулын албан тушаалтанд хамаарна. Мөн тэдгээр албан тушаалтны давуу эрх, эрх ямба, дархан эрхийг 63, 64, 65, 66, 67 дугаар зүйлээр зохицуулна.
  3. Энэхүү конвенцид заасан эрх ямба, дархан эрх өргөмжит консулын албан тушаалтны гэр бүл буюу өргөмжит консулын албан тушаалтны тэргүүлсэн консулын газарт ажилладаг консулын албан хаагчийн гэр бүлийн гишүүдэд хамаарахгүй.
  4. Өөр өөр улсад суугаа өргөмжит консулын албан тушаалтнуудын тэргүүлсэн консулын байгууллагууд хүлээн авагч хоёр улсын зөвшөөрөлгүйгээр хоорондоо консулын шуудан солилцохыг үл зөвшөөрнө.

59 дүгээр зүйл

Консулын байрыг хамгаалах

Хүлээн авагч улс өргөмжит консулын албан тушаалтны тэргүүлсэн консулын байгууллагын консулын байранд элдвээр халдах буюу хохирол учруулахаас хамгаалах, консулын байгууллагын амгалан тайван байдлыг элдвээр алдагдуулах, буюу түүний нэр төрийг доромжлохоос урьдчилан сэргийлэх талаар шаардлагатай бүх арга хэмжээг авна.

60 дугаар зүйл

Консулын байрыг татвар, хураамжаас чөлөөлөх

  1. Өргөмжит консулын албан тушаалтны тэргүүлсэн бөгөөд томилогч улсын өмчилсөн буюу түрээслэсэн консулын байгууллагын консулын байрыг тодорхой төрлийн үйлчилгээний хөлсөөс бусад улс, муж, орон нутгийн бүх татвар, хураамжаас чөлөөлнө.
  2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу татвар, хураамжаас чөлөөлөх нь томилогч улстай гэрээ байгуулсан хүн хүлээн авагч улсын хууль, журмын дагуу ногдуулах татвар, хураамжинд үл хамаарна.

61 дүгээр зүйл

Консулын архив, баримт бичгийн

халдашгүй байдал

Өргөмжит консулын албан тушаалтны тэргүүлсэн консулын байгууллагын консулын архив, баримт бичиг нь консулын байгууллагын тэргүүн, түүнтэй хамт ажиллаж байгаа аль ч хүний хувийн захидал, мөн тэдний мэргэжил, эрхэлсэн ажилтай холбогдох материал, ном, баримт бичиг зэрэг бусад баримт бичгээс тусдаа байгаа бол хэдийд ч, хаана ч халдашгүй байна.

62 дугаар зүйл

Гаалийн татвараас чөлөөлөх

Хүлээн авагч улс өргөмжит консулын албан тушаалтны тэргүүлсэн консулын байгууллагын гагцхүү албан хэрэгцээний дараахь эд юмсыг хадгалах, тээвэрлэх болон адилтгах үйлчилгээний хураамжаас бусад гаалийн бүх татвар, хураамж, холбогдох төлбөрөөс чөлөөлж оруулахыг өөрөө тогтоох хууль, журмын дагуу зөвшөөрнө: төрийн сүлд, далбаа, хаяг, тамга, тэмдэг, ном, албаны хэвлэмэл материал, бичиг хэргийн тавилга, бичиг хэргийн тоног хэрэгсэл болон консулын байгууллагад томилогч улсаас хангаж байгаа буюу шаардан авсан бусад эд зүйл юм.

63 дугаар зүйл

Эрүүгийн хэрэг

Хэрэв өргөмжит консулын албан тушаалтны эсрэг эрүүгийн хэрэг үүсгэвэл тэрбээр эрх бүхий байгууллагад хүрэлцэн очих ёстой. Чингэхдээ шүүх ажиллагааны үед түүний албан байдлыг харгалзан хүндэтгэж, түүнийг баривчилсан буюу албадан саатуулснаас бусад тохиодолд консулын чиг үүргээ гүйцэтгэхэд нь саад учруулахаас аль болохоор зайлсхийнэ. Өргөмжит консулын албан тушаалтныг албадан саатуулах шаардлага гарвал хэргийг аль болох богино хугацаанд үүсгэнэ.

64 дүгээр зүйл

Өргөмжит консулын албан тушаалтныг хамгаалах

Хүлээн авагч улс өргөмжит консулд түүний албан тушаалд нь шаардагдах хамгаалалт үзүүлэх үүрэгтэй.

65 дугаар зүйл

Гадаадын иргэдийн бүртгэл, оршин суух

зөвшөөрөл авахаас чөлөөлөх

Хүлээн авагч улсад хувийн ашиг олохоор мэргэжлийн болон арилжааны үйл ажиллагаа эрхлэгчдээс бусад өргөмжит консулын албан тушаалтан гадаадын иргэдийн бүртгэл, оршин суух зөвшөөрөл авах талаар хүлээн авагч улсын хууль, журамд заасан бүх үүргээс чөлөөлөгдөнө.

66 дугаар зүйл

Татвар, хураамжаас чөлөөлөх

Өргөмжит консулын албан тушаалтны консулын чиг үүрэг гүйцэтгэж байгаагийн тухайд томилогч улсаас авч байгаа цалин хөлс, мөнгөн шагналыг бүх татвар, хураамжаас чөлөөлнө.

67 дугаар зүйл

Иргэний дайчилгаа, төлбөрөөс чөлөөлөгдөх

Хүлээн авагч улс өргөмжит консулын албан тушаалтнуудыг иргэний болон улсын албан журмын дайчилгаанаас тэдгээрийн шинж чанарыг үл харгалзан, түүнчлэн хөрөнгө дайчлах, дайны татвар ногдуулах, орон байранд нь цэрэг байрлуулах зэрэг цэргийн албан журмын үүргээс чөлөөлнө.

68 дугаар зүйл

Өргөмжит консулын албан тушаалтныг

ажиллуулах сайн дурын шинж чанар

Улс бүр өргөмжит консулын албан тушаалтныг томилох буюу хүлээн авах эсэхээ өөрсдөө чөлөөтэй шийдвэрлэнэ.