Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрБичиг баримтВенийн 1963 оны конвенц 2-р бүлэг

Венийн 1963 оны конвенц 2-р бүлэг

2021 оны 04 дугаар сарын 24-ны өдөр
Венийн 1963 оны конвенц 2-р бүлэг

2-р бүлэг. Консулын байгууллага, орон тооны консулын албан тушаалтан болон консулын байгууллагын бусад гишүүний давуу эрх, эрх ямба, дархан эрх

37 дугаар зүйл

Нас барсан, асран хамгаалагч буюу харгалзан дэмжигч томилсон, хөлөг онгоц болон нисэх онгоц осолдсон тухай мэдэгдэх

Хүлээн авагч улсын эрх бүхий байгууллага зохих мэдээлэлтэй байгаа бол дор дурдсаныг гүйцэтгэх үүрэгтэй:

(a) томилогч улсын иргэн нас барсан бол түүний нас барсан тойргийг хамаарах консулын байгууллагад энэ тухай нэн даруй мэдэгдэх;

(b) асран хамгаалагч буюу харгалзан дэмжигчийг томилох нь томилогч улсын харьяат насанд хүрээгүй буюу эрхийн бүрэн чадамжгүй иргэний ашиг сонирхолд нийцэх аливаа тохиолдлын тухай эрх бүхий консулын байгууллагад нэн даруй мэдэгдэх. Гэхдээ ийм мэдээлэл уламжлах нь уг томилолтын талаар хүлээн авагч улсын хууль, журмыг хэрэглэхэд хохирол учруулахгүй байвал зохино;

(c) томилогч улсын харьяалал бүхий хөлөг онгоц хүлээн авагч улсын нутгийн буюу дотоодын усанд осолдсон буюу хайртсан, эсхүл томилогч улсад бүртгэлтэй нисэх онгоц хүлээн авагч улсын нутаг дэвсгэрт осолдсон бол энэ тухай осол гарсан газарт хамгийн ойр консулын байгууллагад нэн даруй мэдэгдэх.

38 дугаар зүйл

Хүлээн авагч улсын эрх бүхий байгууллагатай харилцах

Консулын албан тушаалтан чиг үүргээ гүйцэтгэхдээ:

(a) консулын тойргийнхоо орон нутгийн эрх бүхий байгууллага;

(b) хүлээн авагч улсын хууль, журам, заншил буюу олон улсын холбогдох гэрээнд заасан түвшинд зөвшөөрсөн бол хүлээн авагч улсын төвийн эрх бүхий байгууллагад хандаж болно.

39 дүгээр зүйл

Консулын хураамж

  1. Консулын байгууллага хүлээн авагч улсын нутаг дэвсгэрт консулын үйлдэл хийхдээ томилогч улсын хууль, журамд заасан төлбөр, хураамж авч болно.
  2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан төлбөр, хураамжийн хэлбэрээр авсан мөнгө, мөн ийм төлбөр, хураамж авсан баримт нь хүлээн авагч улсын бүх татвар, хураамжаас чөлөөлөгдөнө.

II анги. ОРОН ТООНЫ КОНСУЛЫН АЛБАН ТУШААЛТАН, КОНСУЛЫН БАЙГУУЛЛАГЫН БУСАД ГИШҮҮНИЙ ДАВУУ ЭРХ, ЭРХ ЯМБА, ДАРХАН ЭРХ

40 дүгээр зүйл

Консулын албан тушаалтныг хамгаалах

Хүлээн авагч улс консулын албан тушаалтныг зохих ёсоор хүндэтгэж, түүний бие, эрх чөлөө, нэр төрд ямарваа байдлаар халдахаас урьдчилан сэргийлэх бүхий л зохистой арга хэмжээ авна.

41 дүгээр зүйл

Консулын албан тушаалтны хувийн халдашгүй байдал

  1. Хүнд гэмт хэрэг үйлдсэний улмаас шүүхийн эрх бүхий байгууллагын шийдвэр гарснаас бусад үндэслэлээр консулын албан тушаалтныг шүүх хурал хүртэл баривчилах буюу албадан саатуулж үл болно.
  2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд зөвхөн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гүйцэтгэж байгаа биш бол консулын албан тушаалтныг хорих зэргээр хувийн эрх чөлөөг нь ямар нэг хэлбэрээр хязгаарлаж үл болно.
  3. Хэрэв консулын албан тушаалтны эсрэг эрүүгийн хэрэг үүсгэвэл тэрбээр эрх бүхий байгууллагад хүрэлцэн очих ёстой. Чингэхдээ шүүх ажиллагааны үед түүний албан байдлыг харгалзан хүндэтгэж, консулын чиг үүргээ гүйцэтгэхэд нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд саад учруулахаас аль болохоор зайлсхийнэ. Консулын албан тушаалтныг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу албадан саатуулах шаардлага гарвал хэргийг аль болох богино хугацаанд үүсгэнэ.

42 дугаар зүйл

Баривчилсан, цагдан хорьсон, ялласан тухай мэдэгдэх

Хүлээн авагч улс консулын бүрэлдэхүүний аль нэг гишүүнийг шүүх хурал хүртэл баривчилсан, цагдан хорьсон, эрүүгийн хэрэг үүсгэсэн бол энэ тухай консулын байгууллагын тэргүүнд нэн даруй мэдэгдэнэ. Хэрэв консулын байгууллагын тэргүүн өөрөө ийм арга хэмжээнд өртвөл хүлээн авагч улс энэ тухай томилогч улсад дипломат шугамаар мэдэгдэнэ.

43 дугаар зүйл

Хууль зүйн хариуцлагаас чөлөөлөгдөх дархан эрх

  1. Консулын албан тушаалтан болон консулын албан хаагчид консулын чиг үүргээ гүйцэтгэх үед хийсэн үйлдлийн тухайд хүлээн авагч улсын шүүх буюу захиргааны байгууллагын өмнө хууль зүйн хариуцлага үл хүлээнэ.
  2. Гэхдээ энэ зүйлийн 1 дэх хэсгийн заалт иргэний дараахь нэхэмжлэлд хамаарахгүй:

(a) консулын албан тушаалтан буюу консулын албан хаагчаас томилогч улсын төлөөлөгчийн хувьд шууд буюу шууд бусаар үүрэг хүлээлгүйгээр байгуулсан гэрээнээс үүдсэн нэхэмжлэл; эсхүл

(b) хүлээн авагч улсад зам тээврийн хэрэгсэл, хөлөг онгоц буюу нисэх онгоцны ослоос учирсан хохиролтой холбогдуулан гуравдахь этгээдээс гаргасан нэхэмжлэл.

44 дүгээр зүйл

Гэрчийн мэдүүлэг өгөх үүрэг

  1. Консулын байгууллагын гишүүд шүүхийн буюу захиргааны хэрэг шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр дуудагдаж болно. Энэ зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд консулын албан хаагч буюу үйлчлэх бүрэлдэхүүний гишүүн мэдүүлэг өгөхөөс татгалзаж үл болно. Хэрэв консулын албан тушаалтан мэдүүлэг өгөхөөс татгалзвал түүнийг албадах буюу шийтгэх ямар ч арга хэмжээ авч үл болно.
  2. Консулын албан тушаалтнаас мэдүүлэг авах шаардлагатай байгууллага түүний чиг үүргээ гүйцэтгэхэд нь саад учруулахаас зайлсхийнэ. Уг байгууллага боломжтой бол мэдүүлгийг түүний өргөө буюу консулын байгууллагад, эсхүл бичгээр авч болно.
  3. Консулын байгууллагын гишүүд чиг үүргээ гүйцэтгэхтэй холбогдсон асуудлаар мэдүүлэг өгөх буюу үүрэгтээ хамаарах албан захидал харилцаа, баримт бичгийг үзүүлэх үүрэггүй. Мөн тэд томилогч улсын хууль тогтоомжийг шинжээчийн хувьд тайлбарласан мэдүүлэг өгөх үүрэггүй.

45 дугаар зүйл

Эрх ямба, дархан эрхээс татгалзах

  1. Томилогч улс 41, 43, 44 дүгээр зүйлд заасан консулын байгууллагын гишүүдийн эрх ямба, дархан эрхээс татгалзаж болно.
  2. Энэ зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд тийнхүү татгалзаж байгаагаа тодорхой илэрхийлж, хүлээн авагч улсад бичгээр мэдэгдэнэ.
  3. 43 дугаар зүйлийн дагуу шүүхийн харьяаллаас чөлөөлөгдөх дархан эрх эдлэх боломжтой консулын албан тушаалтан буюу консулын албан хаагч нэхэмжлэл гаргах тохиолдолд тухайн үндсэн нэхэмжлэлтэй нь шууд холбоотой ямар нэгэн сөрөг нэхэмжлэл гарвал тэр шүүхийн харьяаллаас чөлөөлөгдөх дархан эрхээ алдана.
  4. Иргэний буюу захиргааны хэргийн харьяаллаас чөлөөлөгдөх дархан эрхээс татгалзах нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн талаар эдлэх дархан эрхээс татгалзаж байгаа хэрэг биш бөгөөд энэ тухайд жич татгалзах шаардлагатай.

46 дугаар зүйл

Гадаадын иргэдийн бүртгэл, оршин суух зөвшөөрөл авахаас чөлөөлөх

  1. Консулын албан тушаалтан, консулын албан хаагчид, тэдэнтэй хамт амьдран суугаа гэр бүлийн гишүүд нь гадаадын иргэдийн бүртгэл, оршин суух зөвшөөрөл авах талаар хүлээн авагч улсын хууль, журамд заасан бүх үүргээс чөлөөлөгдөнө.
  2. Томилогч улсын байнгын албан хаагч биш, эсхүл хүлээн авагч улсад ашиг олохоор хувийн үйл ажиллагаа эрхэлж байгаа консулын албан хаагч, мөн түүний гэр бүлийн аль ч гишүүнд энэ зүйлийн 1 дэх хэсгийн заалт үл хамаарна.

47 дугаар зүйл

Ажилд орох зөвшөөрөл авахаас чөлөөлөх

  1. Консулын байгууллагын гишүүд томилогч улсын төлөө ажил гүйцэтгэхдээ гадаадын хүмүүсийг хөлслөн ажиллуулах тухай хүлээн авагч улсын хууль, журамд заасан ажилд орох зөвшөөрөл авахтай холбогдсон аливаа үүргээс чөлөөлөгдөнө.
  2. Консулын албан тушаалтны болон консулын албан хаагчдын гэрийн хувь ажилтан хүлээн авагч улсад орлого олохоор хувийн бусад үйл ажиллагаа эрхэлдэггүй бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөгдөнө.

48 дугаар зүйл

Нийгэм хангамжийн хууль, журмаас чөлөөлөх

  1. Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлах тохиолдолд, консулын байгууллагын гишүүд томилогч улсад гүйцэтгэж буй ажлынхаа тухайд, мөн тэдэнтэй хамт амьдран суугаа гэр бүлийн гишүүд нь хүлээн авагч улсад хүчин төгөлдөр байгаа нийгэм хангамжийн хууль, журмын үйлчлэлээс чөлөөлөгдөнө.
  2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу чөлөөлөгдөх нь консулын байгууллагын гишүүдийн зөвхөн хувийн үйлчилгээнд ажиллаж байгаа гэрийн хувь ажилтанд дор дурдсан нөхцөлд мөн хамаарна:

(a) хэрэв тэд хүлээн авагч улсын иргэн биш буюу тэнд байнга оршин суудаггүй бол; мөн

(b) хэрэв тэд томилогч улс буюу гуравдахь улсад хүчин төгөлдөр байгаа нийгэм хангамжийн хууль, журамд хамрагдаж байгаа бол.

  1. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу чөлөөлөхөд үл хамаарагдах хүнийг хөлсөлж байгаа консулын байгууллагын гишүүд хүлээн авагч улсад хүчин төгөлдөр байгаа нийгэм хангамжийн хууль, журмаар ажил олгогчдод хүлээлгэсэн үүргийг мөрдөн биелүүлнэ.
  2. Хэрэв хүлээн авагч улс зөвшөөрвөл энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу чөлөөлөгдөх нь тэр улсын нийгэм хангамжийн тогтолцоонд сайн дураар оролцоход саад болохгүй.

49 дүгээр зүйл

Татвар, хураамжаас чөлөөлөх

  1. Консулын албан тушаалтан, консулын албан хаагчид болон тэдэнтэй хамт амьдран суугаа гэр бүлийн гишүүд дор дурдсанаас бусад тохиолдолд хувь хүнд болон эд хөрөнгөнд ногдуулах улс, муж, орон нутгийн бүх татвар, хураамжаас чөлөөлөгдөнө:

(a) барааны үнэ буюу үйлчилгээний хөлсөнд шингээдэг шууд бус татвар;

(b) 32 дугаар зүйлийн заалтыг хэрэглэхийн хамт, хүлээн авагч улсын нутаг дэвсгэрт байгаа хувийн үл хөдлөх эд хөрөнгөнд ногдуулах татвар, хураамж;

(c) 51 дүгээр зүйлийн (b) дэд хэсэгт заасны дагуу чөлөөлөгдөхөөс бусад эд хөрөнгө, өвлөх, өв залгамжлах, эд хөрөнгийг шилжүүлэхэд хүлээн авагч улсаас ногдуулах татвар, хураамж;

(d) хүлээн авагч улсад эх сурвалж нь байгаа мөнгөн хөрөнгөөс орох орлогыг оролцуулан хувийн орлогоос авах татвар, хураамж, мөн хүлээн авагч улсын арилжааны буюу санхүүгийн байгууллагад оруулсан хөрөнгөнд ногдуулах татвар, хураамж;

(e) тодорхой төрлийн үйлчилгээнээс авах хураамж;

(f) 32 дугаар зүйлд заасны дагуу чөлөөлөгдөхөөс бусад бүртгэл, шүүх, цэс дансны болон барьцааны татвар, тэмдэгтийн хураамж.

  1. Үйлчлэх бүрэлдэхүүний гишүүд тэдний ажлын цалин хөлсөнд ногдуулах татвар, хураамжаас чөлөөлөгдөнө.
  2. Хүлээн авагч улсад цалин хөлс нь ашиг орлогын татвараас чөлөөлөгдөхгүй хүмүүсийг хөлслөн ажиллуулж байгаа консулын байгууллагын гишүүд орлогын татварын тухайд хүлээн авагч улсын хууль, журмын дагуу хөлслөн авагчдад хүлээлгэх үүргийг мөрдөн биелүүлнэ.

50 дугаар зүйл

Гаалийн татвар, үзлэгээс чөлөөлөх

  1. Хүлээн авагч улс хадгалах, тээвэрлэх болон адилтгах үйлчилгээний хураамжаас бусад гаалийн бүх татвар, холбогдох төлбөрөөс дор дурдсан эд юмсыг чөлөөлж оруулахыг өөрөө тогтоох хууль, журмын дагуу зөвшөөрнө:

(a) консулын байгууллагын албан хэрэгцээнд зориулсан эд юмс;

(b) консулын албан тушаалтан, түүнтэй хамт амьдран суугаа гэр бүлийн гишүүдийн гэр ахуйд зориулсан эд юмсыг оролцуулан тэдний амины хэрэглээний эд юмс; Хэрэглээний эд юмсын тоо нь холбогдох хүмүүсийн шууд хэрэгцээнд шаардагдах хэмжээнээс хэтрэхгүй байвал зохино.

  1. Консулын албан хаагчид энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх ямба, хөнгөлөлтийг анх төвхнөн суурьших үедээ авчирсан эд юмсын тухайд эдэлнэ.
  2. Консулын албан тушаалтан, тэдний хамт амьдран суугаа гэр бүлийн гишүүдийн авч яваа хувийн ачаа тээш гаалийн үзлэгээс чөлөөлөгдөнө. Энэ зүйлийн 1 дэх хэсгийн (b) дэд хэсэгт зааснаас өөр эд юмс, эсхүл хүлээн авагч улсын хууль, журмаар оруулах, гаргахыг нь хориглосон буюу хорио цээрийн дүрмээр зохицуулагдах ёстой эд юмс ачаа тээшинд байгаа гэж сэрдэх баттай үндэслэл байгаа тохиолдолд л гаалийн үзлэг хийж болно. Тийм үзлэг хийх бол холбогдох консулын албан тушаалтан буюу түүний гэр бүлийн гишүүнийг байлцуулан гүйцэтгэнэ.

51 дүгээр зүйл

Консулын байгууллагын гишүүн, тэдний гэр бүлийн гишүүдийн өв хөрөнгө

Консулын байгууллагын гишүүн, эсхүл түүнтэй хамт амьдран сууж байсан гэр бүлийн гишүүн нас барсан тохиолдолд хүлээн авагч улс:

(a) хүлээн авагч улсад худалдан авсан бөгөөд уг хүнийг нас барах үед гадаадад гаргахыг хориглосон түүний аливаа бусад хөдлөх эд хөрөнгийг гаргахыг зөвшөөрнө;

(b) нас барагч гагцхүү консулын байгууллагын гишүүний хувьд буюу түүний гэр бүлийн гишүүний хувьд хүлээн авагч улсад сууж байсантай шууд холбогдон тэнд байгаа хөдлөх эд хөрөнгөнд улс, муж, орон нутгийн өвийн болон өв залгамжлалын ямар нэгэн хураамж, түүнчлэн эд хөрөнгө шилжүүлэх хураамж ногдуулахгүй.

52 дугаар зүйл

Иргэний дайчилгаа, төлбөрөөс чөлөөлөгдөх

Хүлээн авагч улс консулын байгууллагын гишүүд, тэдэнтэй хамт амьдран суугаа гэр бүлийн гишүүдийг иргэний болон улсын албан журмын дайчилгаанаас тэдгээрийн шинж чанарыг үл харгалзан, түүнчлэн хөрөнгө дайчлах, дайны татвар ногдуулах, орон байранд нь цэрэг байрлуулах зэрэг цэргийн албан журмын үүргээс чөлөөлнө.

53 дугаар зүйл

Консулын эрх ямба, дархан эрх эдлэж эхлэх, дуусах

  1. Консулын байгууллагын гишүүн бүр албан тушаалаа хүлээн авахаар очихдоо хүлээн авагч улсын нутаг дэвсгэрт орсон мөчөөс, эсхүл нэгэнт тэр улсын нутаг дэвсгэрт байгаа бол консулын байгууллагад үүрэгт ажлаа гүйцэтгэж эхэлсэн мөчөөс эхлэн энэхүү конвенцид заасан эрх ямба, дархан эрхийг эдэлнэ.
  2. Консулын байгууллагын гишүүний хамт амьдран суугаа гэр бүлийн гишүүд болон гэрийн хувь ажилтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу уг гишүүнд эрх ямба, дархан эрх олгосон мөчөөс, эсхүл тэд хүлээн авагч улсын нутаг дэвсгэрт орсон буюу уг гишүүний гэр бүлийн гишүүн буюу гэрийн хувь ажилтан болсон мөчөөс эхлэн эдгээрийн аль нь сүүлд тохиолдсоныг харгалзан энэхүү конвенцид заасан эрх ямба, дархан эрхийг эдэлнэ.
  3. Консулын байгууллагын гишүүний албан үүрэг дуусгавар болоход уг хүнийг хүлээн авагч улсын нутаг дэвсгэрээс гарсан буюу гарч болох боломжийн хугацаа дууссан мөчөөс эхлэн эдгээрийн аль нь түрүүнд тохиолдсоныг харгалзан түүний эрх ямба, дархан эрх, мөн түүнтэй хамт амьдран суугаа гэр бүлийн гишүүд, гэрийн хувь ажилтны эрх ямба, дархан эрх ердийн байдлаар дуусгавар болох бөгөөд харин тэр хугацааг дуусах хүртэл зэвсэгт мөргөлдөөн гарсан ч эрх ямба, дархан эрх хүчинтэй хэвээр байна. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт дурдсан хүмүүсийн тухайд гэвэл тэд консулын байгууллагын гишүүний гэр бүлийн гишүүн байхаа больсон буюу уг гишүүнд хувиар үйлчлэхээ больсон мөчөөс эрх ямба, дархан эрх эдлэх нь дуусгавар болно, гэхдээ тэдгээр хүн хүлээн авагч улсаас боломжийн хугацаанд гарах гэж байгаа бол тэднийг явах хүртэл эрх ямба, дархан эрх нь хүчинтэй хэвээр байна.
  4. Харин консулын албан тушаалтан буюу консулын албан хаагчид үүрэгт ажлаа гүйцэтгэх үед хийсэн үйлдлийн тухайд шүүхийн харьяаллаас чөлөөлөгдөх дархан эрх нь хугацаагүй хэвээр байна.
  5. Консулын байгууллагын гишүүн нас барсан тохиолдолд түүнтэй хамт амьдран сууж байсан гэр бүлийн гишүүд нь хүлээн авагч улсаас гарч явах буюу гарах боломжийн хугацаа дуусах мөч хүртэл эдгээрийн аль нь түрүүнд тохиолдохыг харгалзан, олгогдсон эрх ямба, дархан эрхээ хэвээр эдэлнэ.

54 дүгээр зүйл

Гуравдахь улсын үүрэг

  1. Консулын албан тушаалтан албан тушаалдаа орох буюу уг албандаа эргэж очих, эсхүл томилогч улсдаа буцах замдаа шаардлагатай бол виз олгосон гуравдахь улсын нутаг дэвсгэрийг дамжин өнгөрөх буюу уг нутаг дэвсгэрт байхад тэрхүү гуравдахь улс түүнд энэхүү конвенцийн бусад зүйлд заасан бөгөөд дамжин өнгөрөх буюу буцахад нь шаардагдах бүх дархан эрхийг эдлүүлнэ. Энэ заалт консулын албан тушаалтанг дагалдан яваа эсхүл түүнтэй нийлэхээр буюу томилогч улсад буцахаар тусдаа яваа түүний хамт амьдран суудаг бөгөөд эрх ямба, дархан эрх бүхий түүний гэр бүлийн аль ч гишүүнд нэгэн адил хамаарна.
  2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасантай адил нөхцөл байдалд консулын байгууллагын бусад гишүүн, тэдэнтэй хамт амьдран суугаа гэр бүлийн гишүүд нутаг дэвсгэрээр нь дамжин өнгөрөхөд гуравдахь улс саад хийж үл болно.
  3. Гуравдахь улс нутаг дэвсгэрээр нь дамжин өнгөрч байгаа нууц түлхүүртэй буюу шифрлэсэн илгээлтийг оролцуулан албан захидал, бусад албан мэдээг энэхүү конвенцийн дагуу хүлээн авагч улсын нэгэн адил хамгаалж, чөлөөтэй нэвтрүүлнэ. Тэдгээр улс хэрэв шаардлагатай бол виз олгосон консулын элчид, мөн дамжин өнгөрч байгаа консулын шууданд энэхүү конвенцийн дагуу хүлээн авагч улсын нэгэн адил халдашгүй байх эрх олгож, хамгаална.
  4. Энэ зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасан гуравдахь улсуудын хүлээх үүрэг нь тэдгээрт дурдсан хүмүүс, албан харилцааны мэдээ, консулын шуудан гуравдахь улсын нутаг дэвсгэрт давагдашгүй хүчин зүйлийн шалтгаанаар нэвтрэн орсон тохиолдолд нэгэн адил хамаарна.

55 дугаар зүйл

Хүлээн авагч улсын хууль, журмыг хүндэтгэх

  1. Эрх ямба, дархан эрх эдлэгч бүх хүн хүлээн авагч улсын хууль, журмыг өөрсдийн эрх ямба, дархан эрхэд хохиролгүйгээр хүндэтгэх үүрэгтэй. Тэд мөн уг улсын дотоод хэрэгт оролцохгүй байх үүрэгтэй.
  2. Консулын байрыг консулын чиг үүрэг гүйцэтгэхэд үл нийцэх зорилгод ашиглаж үл болно.
  3. Энэ зүйлийн 2 дахь хэсгийн заалт нь консулын байр байгаа барилгын хэсэгт өөр салбар, байгууллагын албан байр байрлуулах боломжийг үгүйсгэхгүй бөгөөд тэгэхдээ уг салбар байгууллагад гаргаж өгсөн хэсэг нь консулын байгууллагын ашиглаж байгаа хэсгээс тусгаарлагдсан байвал зохино. Энэ тохиолдолд дээрх албан байр нь энэхүү конвенцийн зорилгод консулын байрны хэсэгт тооцогдохгүй.

56 дугаар зүйл

Гуравдахь этгээдэд учруулсан хохирлоос даатгуулах

Консулын байгууллагын гишүүд зам тээврийн хэрэгсэл, хөлөг онгоц, нисэх онгоц хэрэглэснээс үүдэн гуравдахь этгээдэд учирч болох хохирлоос даатгуулах тухай хүлээн авагч улсын хууль, журамд заасан аливаа шаардлагыг биелүүлнэ.

57 дугаар зүйл

Ашиг олох зорилгоор хувийн үйл

ажиллагаа эрхлэхтэй холбогдсон тусгай заалтууд

  1. Орон тооны консулын албан тушаалтан хувийн ашиг орлогын үүднээс хүлээн авагч улсад мэргэжлийн буюу арилжааны ямар нэг үйл ажиллагаа эрхлэхгүй.
  2. Энэ бүлэгт заасан эрх ямба, дархан эрх дараахь хүмүүст хамаарахгүй:

(a) хүлээн авагч улсад ашиг олох зорилгоор хувийн үйл ажиллагаа эрхэлж байгаа консулын албан хаагч буюу үйлчлэх бүрэлдэхүүний гишүүд;

(b) энэ хэсгийн (а) дэд хэсэгт дурдсан хүмүүсийн гэр бүлийн гишүүд буюу гэрийн хувь ажилтнууд;

(c) консулын байгууллагын гишүүний гэр бүлийн гишүүд хүлээн авагч улсад ашиг олох зорилгоор хувийн үйл ажиллагаа эрхэлж байгаа бол.

1 2