I анги. КОНСУЛЫН БАЙГУУЛЛАГЫН ДАВУУ ЭРХ, ЭРХ ЯМБА, ДАРХАН ЭРХ
28 дугаар зүйл
Консулын байгууллагын ажлыг хөнгөвчлөх
Хүлээн авагч улс консулын байгууллагаас чиг үүргээ гүйцэтгэхэд бүх бололцоо олгоно.
29 дүгээр зүйл
Төрийн далбаа, сүлд хэрэглэх
- Томилогч улс өөрийн төрийн далбаа, сүлдийг хүлээн авагч улсад энэ зүйлд заасны дагуу хэрэглэх эрхтэй.
- Томилогч улсын төрийн далбаа, сүлдийг консулын байгууллага байрлаж байгаа барилга, түүний орц, мөн консулын байгууллагын тэргүүний өргөө болон албан үүргээ гүйцэтгэж яваа үед уналгадаа мандуулж болно.
- Энэ зүйлд заасан эрхийг эдлэхдээ хүлээн авагч улсын хууль, журам, заншлыг баримтлана.
30 дугаар зүйл
Байраар хангах
- Хүлээн авагч улс томилогч улсаас консулын байгууллагадаа шаардлагатай байрыг хүлээн авагч улсын нутаг дэвсгэрт түүний хууль, журмын дагуу олж авахад нь дэмжлэг үзүүлэх буюу эсхүл өөр арга замаар байр олоход нь консулын байгууллагад туслалцаа үзүүлнэ.
- Мөн хүлээн авагч улс шаардлагатай бол консулын байгууллагаас гишүүддээ тохиромжтой орон байр олж авахад нь туслалцаа үзүүлнэ.
31 дүгээр зүйл
Консулын байрны халдашгүй байдал
- Консулын байр энэ зүйлд заасан хэмжээнд халдашгүй байна.
- Консулын байгууллагын тэргүүн, түүний нэр заасан хүн буюу томилогч улсын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүний зөвшөөрөлгүйгээр консулын байрны зөвхөн консулын байгууллагын албан ажилд зориулсан хэсэгт хүлээн авагч улсын эрх бүхий байгууллага нэвтрэх эрхгүй. Гэвч гал түймэр буюу хамгаалах арга хэмжээ хойшлуулашгүй авах шаардлагатай гэнэтийн бусад аюул тохиолдвол консулын байгууллагын тэргүүний зөвшөөрөл байгаа гэж үзэж болно.
- Хүлээн авагч улс консулын байранд элдвээр халдах буюу хохирол учруулахаас хамгаалах, консулын байгууллагын амгалан тайван байдлыг элдвээр алдагдуулах, нэр төрийг доромжлохоос урьдчилан сэргийлэх зохистой бүхий л арга хэмжээг энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан авах онцгой үүрэг хүлээнэ.
- Консулын байр, түүн доторх тавилга эд хогшил, консулын байгууллагын эд хөрөнгө болон унаа хөсөг улсын батлан хамгаалах буюу нийгмийн хэрэгцээний ямар нэг дайчилгаанаас чөлөөлөгдөх дархан эрх эдлэнэ. Хэрэв дээр дурдсан зорилгоор байрыг дайчлах шаардлага гарвал консулын үүрэгт ажлаа гүйцэтгэхэд нь саад болохооргүй боломжийн бүх арга хэмжээг авч, томилогч улсад дүйх хэмжээний нөхөн төлбөрийг нэн даруй төлнө.
32 дугаар зүйл
Консулын байрыг татвар хураамжаас чөлөөлөх
- Томилогч улсын буюу түүнийг төлөөлсөн аливаа хүний өмчилсөн буюу түрээсэлсэн консулын байр, консулын байгууллагын орон тооны тэргүүний өргөөг тодорхой төрлийн үйлчилгээний хөлсөөс бусад улс, муж, орон нутгийн бүх татвар, хураамжаас чөлөөлнө.
- Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу татвар, хураамжаас чөлөөлөх нь томилогч улс буюу түүнийг төлөөлсөн хүнтэй гэрээ байгуулсан хүн хүлээн авагч улсын хуулийн дагуу ногдуулах татвар, хураамжид үл хамаарна.
33 дугаар зүйл
Консулын архив, баримт бичгийн халдашгүй байдал
Консулын архив, бичиг баримт хэдийд ч, хаана ч халдашгүй байна.
34 дүгээр зүйл
Чөлөөтэй зорчих эрх
Улсын аюулгүй байдлын үүднээс нэвтрэн орохыг хориглосон буюу тусгай журмаар зохицуулдаг бүсийн тухай хууль, журамд нь харшлахгүй бол консулын байгууллагын бүх гишүүнийг нутаг дэвсгэрээр нь чөлөөтэй зорчиж аялах эрхийг хүлээн авагч улс хангана.
35 дугаар зүйл
Чөлөөтэй харилцах
- Хүлээн авагч улс консулын байгууллагаас албаны бүх зорилгоор чөлөөтэй харилцахыг зөвшөөрч хамгаална. Консулын байгууллага томилогч улсын засгийн газар, хаана ч байгаа дипломат төлөөлөгчийн газар болон бусад консулын байгууллагатай харилцахдаа дипломат болон консулын элч, дипломат болон консулын битүүмжилсэн шуудан, нууц түлхүүртэй буюу шифрлэсэн илгээлт зэрэг зохистой бүх арга хэрэгсэлийг ашиглаж болно. Гэхдээ консулын байгууллага радио дамжуулагчийг гагцхүү хүлээн авагч улсын зөвшөөрлөөр суурилуулан ашиглаж болно.
- Консулын байгууллагын албан захидал харилцаа халдашгүй байна. Албан захидал харилцаа гэж консулын байгууллага, түүний чиг үүрэгт хамаарах бүх захидал харилцааг хэлнэ.
- Консулын шууданг задалж буюу саатуулж үл болно. Гэвч эл шууданд энэ зүйлийн 4 дэх хэсэгт дурдсан захидал, баримт бичиг, эд юмсаас өөр зүйл байна гэж хүлээн авагч улсын эрх бүхий байгууллага үзэх баттай үндэслэлтэй бол шууданг өөрсдийнх нь дэргэд задлан үзүүлэхийг томилогч улсын эрх бүхий төлөөлөгчөөс шаардаж болно. Хэрэв томилогч улсын эрх мэдэлтэн энэ шаардлагыг биелүүлэхээс татгалзвал шууданг илгээсэн газарт нь буцаан хүргүүлнэ.
- Консулын шууданг бүрдүүлж байгаа бүх богц боодол гадна талдаа түүний шинжийг тодорхойлсон үзэгдэхүйц тэмдэгтэй байх бөгөөд түүнд зөвхөн албан бичиг захидал буюу гагцхүү албан хэрэгцээнд зориулсан баримт бичиг, эд юмс байж болно.
- Консулын элч түүний өөрийн эрх зүйн байдал, авч яваа консулын шуудангийн богц боодлын тоог заасан албан баримт бичигтэй байна. Хүлээн авагч улс зөвшөөрөөгүй бол консулын элч нь хүлээн авагч улсын иргэн байж болохгүй бөгөөд мөн томилогч улсын иргэн биш бол хүлээн авагч улсад байнга оршин суугч байж үл болно. Элч үүргээ гүйцэтгэх үедээ хүлээн авагч улсын хамгаалалтад байна. Тэрбээр хувийн халдашгүй эрхтэй байх бөгөөд түүнийг аливаа хэлбэрээр баривчилж буюу албадан саатуулж үл болно.
- Томилогч улс, түүний дипломат төлөөлөгчийн газар болон консулын байгууллагууд консулын ad hoc элчийг томилж болно. Тийм тохиолдолд энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасныг мөн баримтлах боловч тэрхүү элч хариуцаж яваа консулын шуудангаа зохих газарт нь хүргэмэгц дархан эрх нь дуусгавар болно.
- Консулын шууданг нэвтрэн орохыг зөвшөөрсөн боомтод зогсох хөлөг онгоц буюу нисэх буудалд буух иргэний тээврийн нисэх онгоцны даргад хариуцуулан өгч болно. Түүнд шуудангийн богц боодлын тоог заасан албан баримт бичиг олгох боловч түүнийг консулын элч гэж үзэхгүй. Консулын байгууллага орон нутгийн холбогдох эрх бүхий байгууллагатай тохиролцсоны дагуу шууданг хөлөг онгоцны буюу нисэх онгоцны даргаас шууд саадгүй хүлээн авахаар аль нэг гишүүнээ явуулж болно.
36 дугаар зүйл
Томилогч улсын иргэдтэй харилцах, уулзах
- Томилогч улсын иргэдийн талаар консулын чиг үүргийг гүйцэтгэхийг хөнгөвчлөх үүднээс:
(a) консулын албан тушаалтан томилогч улсын иргэдтэй чөлөөтэй харилцаж, биечлэн уулзаж болно. Томилогч улсын иргэд ч томилогч улсын консулын албан тушаалтантай мөн тийнхүү чөлөөтэй харилцаж, биечлэн уулзаж болно;
(b) консулын тойрогт томилогч улсын аль нэг иргэнийг баривчилсан, хорьсон буюу шүүх хурал хүртэл цагдан хорьсон, эсхүл ямар нэг өөр хэлбэрээр албадан саатуулсныг уг иргэн шаардвал хүлээн авагч улсын эрх бүхий байгууллага томилогч улсын консулын байгууллагад нэн даруй мэдэгдэнэ. Тэдгээр байгууллага баривчлагдсан, гянданд хоригдсон, цагдан хоригдсон буюу албадан саатуулагдсан хүнээс уг консулын байгууллагад мэдэгдэх гэсэн бүх мэдээг саадгүй уламжилна. Тэдгээр байгууллага энэ дэд хэсэгт дурдсан эрхийг нь уг хүнд нэн даруй мэдэгднэ.
(c) консулын албан тушаалтнууд хоригдсон, цагдан хоригдсон буюу албадан саатуулагдсан томилогч улсын иргэнтэй уулзаж ярилцах эрхтэй бөгөөд мөн түүнтэй захидлаар харилцах, түүнийг эрх зүйн талаар төлөөлөх арга хэмжээ авах эрхтэй. Тэд мөн өөрийн тойрогт шүүхийн шийдвэрийн дагуу хоригдсон, цагдан хоригдсон буюу албадан саатуулагдсан томилогч улсын аль ч иргэнтэй очиж уулзах эрхтэй. Гэхдээ хоригдсон, цагдан хоригдсон буюу албадан саатуулагдсан иргэн илт татгалзвал консулын албан тушаалтан түүний нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулахаас түдгэлзэх ёстой.
- Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийг хүлээн авагч улсын хууль, журмын дагуу хэрэгжүүлэх бөгөөд уг хууль, журам нь энэ зүйлээр олгогдож байгаа эрхийг эдлэхэд чиглэсэн зорилгыг бүрэн хэрэгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх ёстой.