I анги. КОНСУЛЫН ХАРИЛЦАА ТОГТООХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ
2 дугаар зүйл
Консулын харилцаа тогтоох
- Консулын харилцааг улсууд харилцан тохиролцож тогтооно.
- Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоохыг зөвшөөрснийг хэрэв өөрөөр тайлбарлаагүй бол консулын харилцаа тогтоохыг зөвшөөрсөнд тооцно.
- Дипломат харилцааг таслах нь консулын харилцааг ipso facto таслахад хүргэхгүй.
3 дугаар зүйл
Консулын чиг үүрэг гүйцэтгэх
Консулын чиг үүргийг консулын байгууллагууд гүйцэтгэнэ. Эл чиг үүргийг энэхүү конвенцийн заалтын дагуу мөн дипломат төлөөлөгчийн газрууд гүйцэтгэнэ.
4 дүгээр зүйл
Консулын байгууллагыг нээх
- Консулын байгууллагыг хүлээн авагч улсын нутаг дэвсгэрт зөвхөн тэр улсын зөвшөөрлөөр байгуулж болно.
- Консулын байгууллагын байрлах газар, түүний зиндаа, консулын тойргийг томилогч улс тогтоож, хүлээн авагч улс зөвшөөрнө.
- Консулын байгууллагын байрлах газар, түүний зиндаа, консулын тойргийг томилогч улс зөвхөн хүлээн авагч улсын зөвшөөрлөөр цаашид өөрчилж болно.
- Аль нэг ерөнхий консулын газар буюу консулын газар байрлаж байгаагаасаа өөр суурин газарт дэд консулын газар буюу консулын төлөөлөгчийн газар нээхийг хүсвэл хүлээн авагч улсын зөвшөөрлийг мөн авах шаардлагатай.
- Консулын байгууллага байрлаж байгаагаасаа өөр газарт өөрийн албан байр байгуулах бол хүлээн авагч улсын тодорхой зөвшөөрлийг мөн урьдчилан авах шаардлагатай.
5 дугаар зүйл
Консулын чиг үүрэг
Консулын чиг үүрэгт дор дурдсан ажил орно:
(a) томилогч улс, түүний харьяат хувь хүн болон хуулийн этгээдийн ашиг сонирхлыг хүлээн авагч улсад олон улсын эрх зүйн хүрээнд хамгаалах;
(b) томилогч улс, хүлээн авагч улсын хооронд худалдаа, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны харилцааг хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх, мөн тэдгээрийн хооронд найрсаг харилцааг энэхүү конвенцийн заалтын дагуу бусад арга замаар хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх;
(c) хүлээн авагч улсын худалдаа, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны амьдралд болж байгаа үйл явдал, нөхцөл байдлыг хууль ёсны бүхий л арга замаар судалж тодруулах, тэдгээрийн тухай томилогч улсын засгийн газарт мэдээлэх, сонирхсон этгээдэд мэдээлэл өгөх;
(d) томилогч улсын иргэдэд паспорт, буцах үнэмлэх олгох, томилогч улсад зорчихыг хүссэн хүмүүст виз буюу зохих бичиг баримт олгох;
(e) томилогч улсын харьяат хувь хүн болон хуулийн этгээдэд тусламж дэмжлэг үзүүлэх;
(f) нотариатын үйлдэл хийх, иргэний байдлыг бүртгэх болон ийм төрлийн бусад үүрэг гүйцэтгэх, мөн хүлээн авагч улсын хууль, журамд харшлахгүй бол захиргааны чанартай зарим чиг үүрэг гүйцэтгэх;
(g) хүлээн авагч улсын нутаг дэвсгэрт mortis causa тохиолдолд өв залгамжлалын асуудал гарвал томилогч улсын харьяат хувь хүн болон хуулийн этгээдийн ашиг сонирхлыг хүлээн авагч улсын хууль, журмын дагуу хамгаалах;
(h) томилогч улсын харьяат насанд хүрээгүй буюу эрх зүйн бүрэн чадамжгүй бусад иргэдийн ашиг сонирхлыг ялангуяа тэднийг асран хамгаалах, харгалзан дэмжих шаардлага гарвал хүлээн авагч улсын хууль, журмын дагуу хамгаалах;
(i) хэрэв томилогч улсын иргэд эзгүй байх буюу бусад шалтгаанаар эрх, ашиг сонирхлоо цаг тухайд нь хамгаалж чадахгүй бол тэдний эрх, ашиг сонирхлыг хамгаалах урьдчилсан арга хэмжээ авах шийдвэрийг хүлээн авагч улсын хууль, журмын дагуу гаргуулах зорилгоор хүлээн авагч улсын шүүх, бусад байгууллагын өмнө өөрийн иргэдийг хүлээн авагч улсад тогтоосон журам, дадлын дагуу төлөөлөх буюу тэднийг зохистой төлөөлөх явдлыг хангах;
(j) олон улсын хүчин төгөлдөр гэрээний дагуу, хэрэв тийм гэрээгүй бол хүлээн авагч улсын хууль, журамд үл харшлах аливаа өөр журмаар шүүхийн болон шүүхийн бус бичиг баримт дамжуулах, томилогч улсын шүүхийн даалгавар буюу шүүхэд зориулан мэдүүлэг авах даалгавар гүйцэтгэх;
(k) томилогч улсын харьяалал бүхий хөлөг онгоц, тэр улсад бүртгэлтэй нисэх онгоц, түүнчлэн тэдгээрийн багийг томилогч улсын хууль, журамд заасан эрхийн дагуу хянаж, шалгах;
(l) энэ зүйлийн (k) дэд хэсэгт дурдсан хөлөг онгоц, нисэх онгоц болон тэдгээрийн багт тусламж үзүүлэх, хөлөг онгоцны аялалтай холбогдсон өргөдөл хүлээн авах, хөлгийн бичиг баримтыг хянах, үйлдэх, замд тохиолдсон аливаа хэрэг явдлыг хүлээн авагч улсын эрх бүхий байгууллагын эрх мэдэлд хохирол учруулахгүйгээр мөрдөн шалгах, томилогч улсын хууль, журамд заасны дагуу хөлгийн ахмад, багийн бүрэлдэхүүн, далайчдын хоорондын элдэв маргааныг шийдвэрлэх;
(m) хүлээн авагч улсын хууль, журмаар хориглоогүй буюу хүлээн авагч улс татгалзахгүй бол, эсхүл томилогч улс, хүлээн авагч улсын хооронд мөрдөж байгаа олон улсын хэлэлцээрт заасан бол томилогч улсаас консулын байгууллагад итгэж даалгасан бусад чиг үүргийг гүйцэтгэх.
6 дугаар зүйл
Консулын тойргоос гадна консулын чиг үүрэг гүйцэтгэх
Консулын албан тушаалтан онцгой нөхцөл байдалд хүлээн авагч улсын зөвшөөрснөөр консулын тойргоос гадна чиг үүргээ гүйцэтгэж болно.
7 дугаар зүйл
Гуравдахь улсад консулын чиг үүрэг гүйцэтгэх
Томилогч улс холбогдох улсуудад мэдэгдэхэд тэдний аль нэг нь илт татгалзахгүй бол өөр улсад консулын чиг үүрэг гүйцэтгэхийг аль нэг улс дахь консулын байгууллагадаа даалгаж болно.
8 дугаар зүйл
Гуравдахь улсын өмнөөс консулын чиг үүрэг гүйцэтгэх
Хүлээн авагч улсад зохих ёсоор мэдэгдэхэд тэр улс татгалзахгүй бол томилогч улсын консулын байгууллага хүлээн авагч улсад гуравдахь улсын өмнөөс консулын чиг үүрэг гүйцэтгэж болно.
9 дүгээр зүйл
Консулын байгууллагын тэргүүний зиндаа
- Консулын байгууллагын тэргүүнүүдийг дараахь дөрвөн зиндаанд хуваана:
(a) ерөнхий консул
(b) консул
(c) дэд консул
(d) консулын төлөөлөгч.
- Энэ зүйлийн 1 дэх хэсгийн заалт нь хэлэлцэн тохирогч аль нэг тал консулын байгууллагын тэргүүн биш консулын албан тушаалтны зэрэг дэвийг тогтоох эрхийг ямар нэг хэлбэрээр хязгаарлахгүй.