Энэхүү конвенцид оролцогч улсууд, ард түмний хооронд консулын харилцаа эрт дээр үеэс тогтож ирснийг тэмдэглэн, улсуудын бүрэн тэгш эрх, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, улсуудын хооронд найрсаг харилцаа хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх талаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн зорилго, зарчмыг анхааран үзэж, дипломат харилцаа, дархан эрхийн талаархи Нэгдсэн Үндэстний Байгууллагын Бага хурал 1961 оны 4 дүгээр сарын 18-наас эхлэн гарын үсэг зурахаар нээгдсэн Дипломат харилцааны тухай Венийн конвенц байгуулсныг харгалзан, консулын харилцаа, эрх ямба, дархан эрхийн тухай олон улсын конвенц байгуулах нь улсуудын төрийн болон нийгмийн байгууллын ялгааг үл харгалзан тэдгээрийн хооронд найрсаг харилцаа хөгжүүлэхэд мөн тус дөхөм болно гэдэгт итгэн, тэдгээр эрх ямба, дархан эрхийг аль нэг хувь хүний ашиг тусын тулд биш, харин консулын байгууллагууд өөрийн улсын нэрийн өмнөөс чиг үүргээ үр нөлөөтэй биелүүлэх явдлыг хангахад зориулан олгож байгааг ухамсарлан, энэхүү конвенцоор шууд зохицуулаагүй асуудлыг олон улсын заншлын эрх зүйн хэм хэмжээгээр урьдын адил зохицуулсаар байхыг нотлон, дараахь зүйлийг хэлэлцэн тохиролцов:
1 дүгээр зүйл
Нэр томъёо
- Дор дурдсан нэр томьёо нь энэхүү конвенцид дараахь утга илэрхийлнэ:
(a) “консулын байгууллага” гэж аливаа ерөнхий консулын газар, консулын газар, дэд консулын газар буюу консулын төлөөлөгчийн газрыг хэлнэ;
(b) “консулын тойрог” гэж консулын байгууллагад консулын чиг үүрэг гүйцэтгэхэд нь зориулан тогтоосон газар нутгийг хэлнэ;
(c) “консулын байгууллагын тэргүүн” гэж энэ албан тушаалд ажиллах чиг үүрэг хүлээсэн хүнийг хэлнэ;
(d) “консулын албан тушаалтан” гэж консулын байгууллагын тэргүүнийг оролцуулан энэ албан тушаалд консулын чиг үүрэг гүйцэтгэх үүрэг хүлээсэн аливаа хүнийг хэлнэ;
(e) “консулын албан хаагч” гэж консулын байгууллагад захиргаа буюу техникийн үүрэг гүйцэтгэж байгаа аливаа хүнийг хэлнэ;
(f) “үйлчлэх бүрэлдэхүүний гишүүн” гэж консулын байгууллагад үйлчлэх үүрэг гүйцэтгэж байгаа аливаа хүнийг хэлнэ;
(g) “консулын байгууллагын гишүүд” гэж консулын албан тушаалтан, консулын албан хаагчид болон үйлчлэх бүрэлдэхүүний гишүүдийг хэлнэ;
(h) “консулын бүрэлдэхүүний гишүүд” гэж консулын байгууллагын тэргүүнээс бусад консулын албан тушаалтан, мөн консулын албан хаагч болон үйлчлэх бүрэлдэхүүний гишүүдийг хэлнэ;
(i) “гэрийн хувь ажилтан” гэж консулын байгууллагын гишүүнд гагцхүү хувиараа үйлчилж байгаа хүнийг хэлнэ;
(j) “консулын байр” гэж хэн өмчилж буйг үл харгалзан зөвхөн консулын байгууллагын зорилгод ашиглаж байгаа барилга буюу барилгын хэсэг, мөн тэрхүү барилга буюу барилгын хэсгийн эзэлж буй газрыг хэлнэ;
(k) “консулын архив” гэж консулын байгууллагын бүх баримт бичиг, захидал, ном, дүрс бичлэг, авиа бичлэгийн хальс, данс бүртгэл, шифр, нууц түлхүүр, картын сан болон тэдгээрийг хадгалж хамгаалахад зориулсан аливаа тавилга төхөөрөмжийг хэлнэ.
- Консулын албан тушаалтан хоёр зэрэглэлтэй байна, тухайлбал орон тооны консулын албан тушаалтан, өргөмжит консулын албан тушаалтан гэж байна. Энэхүү конвенцийн II бүлгийн заалт орон тооны консулын албан тушаалтны тэргүүлсэн консулын байгуулагад, III бүлгийн заалт өргөмжит консулын албан тушаалтан нарын тэргүүлсэн консулын байгууллагад хамаарна.
- Консулын байгууллагын гишүүд хүлээн авагч улсын иргэн буюу уг улсад байнга оршин суугч байвал тэдний эрхийн байдлыг энэхүү конвенцийн 71 дүгээр зүйлд заасны дагуу зохицуулна.