Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрДипломатОлон талт хамтын ажиллагаа

Олон талт хамтын ажиллагаа

НҮБ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨВЛӨЛ

Монгол Улс НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар “Хөдөөгийн охид,  эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай”, “Бичиг үсгийн боловсролын тухай” мөн “Ардчиллын боловсролын тухай” тогтоолыг санаачилж, хоёр жил тутамд батлуулж ирсэн нь олон улсын хүний эрхийн хэм хэмжээ, эмэгтэйчүүдийн эрх, сурч боловсрох эрх болон сайн засаглалыг бэхжүүлэх үйл хэргийг урагшлуулахад тодорхой хувь нэмэр оруулж байгаа гэж үздэг. Түүнчлэн цаазаар авах ялыг халахад чиглэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг дэмжиж, Цаазын ялын эсрэг Олон улсын хороог дэмжих бүлгийн гишүүнээр идэвхтэй ажиллаж байна. Түүнээс гадна Европын Холбоо, Аргентиний талтай хамтран “Цаазаар авах болон эрүүдэн шүүхэд ашигладаг бүтээгдэхүүний худалдааг хориглох Дэлхий нийтийн холбоо” санаачилгыг 2017 онд эхлүүлээд байна. 

Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд 2016-2018 онд гишүүнээр анх удаа сонгогдон ажиллав. Манай улсын хувьд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд нэрээ дэвшүүлэн сонгогдсон нь олон улсын тавцанд нэр хүндээ бэхжүүлэх, НҮБ болон олон улсын бусад байгууллагын үйл ажиллагаанд Монгол Улсын бодит оролцоог тодотгох, олон талт хамтын ажиллагааны хүрээнд бусад улстай хамтран ажиллах, харилцан дэмжлэг авах илүү өргөн боломж олгосон юм.   

АРДЧИЛСАН ОРНУУДЫН ХАМТЫН НИЙГЭМЛЭГ

Монгол Улс 2000 оноос хойш АОХН-ийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын түвшний бага хурлуудад оролцож, 2005 онд АОХН-ын Зохицуулах бүлгийн гишүүнээр, 2009 онд Иргэний нийгмийн байгууллагыг байгуулж, хамгаалах ажлын хэсгийн гишүүнээр тус тус ажилласан. 

Монгол Улс АОХН-ийг тэргүүлэх албыг Вильнюс хотноо 2011 онд болсон АОХН-ийн Сайд нарын түвшний бага хурлын үеэр Литва Улсаас шилжүүлэн авч, улмаар АОХН-ийн Гадаад хэргийн сайд нарын 7 дугаар бага хурлыг Улаанбаатар хотноо 2013 оны 4 дүгээр сард зохион байгуулсан. АОХН-ийг даргалах хүрээнд ардчиллын боловсрол, иргэний нийгмийн байгууллагуудын төлөвшилд дэмжлэг үзүүлэх, АОХН-ийн бүс нутгийн үйл ажиллагааг бэхжүүлэх, ардчиллыг бэхжүүлэхэд бусад улстай хамтран ажиллах, туршлага солилцохыг тэргүүлэх чиглэлээ болгон ажилласан.

ЗҮҮН ХОЙД АЗИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АСУУДЛААРХ УЛААНБААТАРЫН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ САНААЧИЛГА 

Монгол Улс 1980-аад оноос Зүүн хойд Азийн яриа хэлэлцээний механизмыг бий болгох саналыг тууштай дэвшүүлж ирсэн ба 2013 онд Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг дэвшүүлж, бүс нутгийн орнуудад албан ёсоор зарласан. 

Санаачилгын зорилго нь Солонгосын хойгийн асуудлыг энхийн замаар шийдвэрлэх, Зүүн хойд Азид итгэлцлийг бэхжүүлэх, энх тайвныг цогцлооход дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ. 

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын хүрээнд ЗХА-ийн аюулгүй байдлын асуудлаарх олон улсын бага хурал, Монгол Улс тус бүс нутагт итгэлцэл бэхжүүлэх хэд хэдэн арга хэмжээг зохион байгуулсан. Тухайлбал, ЗХА–ийн эмэгтэй Парламентчдын чуулга уулзалт, ЗХА-ийн хотуудын дарга нарын уулзалт, Залуучуудын уулзалт,  ЗХА-ийн орнуудын шинжээчдийн түвшний “Эрчим хүчний хэлхээ холбоо” уулзалтыг тус тус зохион байгуулсан. 

ЗХА-ийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ олон улсын бага хурал нь 2014 оноос эхлэн жил бүр зохион байгуулж буй байна. Өдгөө бага хурлын нэр хүнд өсөж, яриа хэлцлийн цар хүрээ өргөжин бүс нутгийн аюулгүй байдал, эрчим хүч, дэд бүтцийн сүлжээ, ногоон хөгжил, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны боломж зэрэг өргөн хүрээний асуудлыг хэлэлцдэг, дэд бүсийн бүх улсын оролцоог хангасан, албаны хүмүүс болон эрдэмтэн судлаачдын өргөн оролцоотой нээлттэй механизм болон төлөвшиж байна.

Улаанбаатарын яриа хэлэлцээ олон улсын бага хуралд жил бүр дотоод, гадаадын 200 гаруй төлөөлөгч оролцож буй ба Монгол Улс, БНХАУ, БНСУ, БНАСАУ, Япон, ОХУ зэрэг ЗХА-ийн орноос гадна АНУ, Канад, ХБНГУ, Нидерланд, Швед, Швейцар, ЕХ болон НҮБ, олон улсын бусад байгууллагын төлөөлөгчид оролцож байна. 

Эл бага хурал нь 2017 оноос эхлэн Засгийн газрын төлөөлөгчид байр сууриа илэрхийлдэг албан ёсны 1 дүгээр суваг болон эрдэмтэн, судлаачдын түвшний 2 дугаар суваг хослуулан 1.5 түвшин гэсэн хэлбэрээр явагдаж байна.

1 2