Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээЗҮҮН ХОЙД АЗИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АСУУДЛААРХ “УЛААНБААТАРЫН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ” ОЛОН УЛСЫН IX БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

ЗҮҮН ХОЙД АЗИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АСУУДЛААРХ “УЛААНБААТАРЫН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ” ОЛОН УЛСЫН IX БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Стратеги судалгааны хүрээлэнтэй хамтран Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын IX бага хурлыг 2024 оны 6 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн бага хуралд 30 гаруй улс, олон улсын байгууллага, дотоод, гадаадын эрдэмтэн, судлаачид зэрэг 230 гаруй төлөөлөгч оролцов.

Олон улсын IX бага хуралд оролцсон төр, засгийн төлөөлөгч, эрдэмтэн судлаач нар “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын сорилт, боломж”, “Зүүн хойд Ази дахь олон талт хамтын ажиллагаа”, “Зүүн хойд Ази дахь уур амьсгалын өөрчлөлт, аюулгүй байдлын сорилтууд”, “Зүүн хойд Ази дахь эрчим хүчний аюулгүй, хямд шилжилт”, “Эрчим хүчний шилжилтэд нэн шаардлагатай ашигт малтмалын тогтвортой, уян хатан сүлжээг хөгжүүлэх нь” гэсэн таван салбар хуралдаан хийв. Мөн IX бага хурлын хүрээнд Засгийн газрын төлөөлөгчдийн буюу Нэгдүгээр сувгийн дугуй ширээний уулзалтыг зохион байгуулав.

Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” IX бага хуралд, Францын Европ, гадаад хэргийн яамны Ерөнхий нарийн бичгийн дарга А.Дэкот, Латвийн Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Виюмсонс, Швейцарын Гадаад хэргийн яамны Туслах төрийн нарийн бичгийн дарга буюу Ази, Номхон далайн газрын захирал Х.Шелленберг, АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Монгол, Солонгосын асуудал хариуцсан захирал Э.Арвисэт зэрэг өндөр түвшний төлөөлөгчид оролцсон бөгөөд Латви, Португал болон Шинэ Зеланд зэрэг орноос анх удаа төлөөлөгчид оролцов.

Монгол Улс 1980-аад оноос Зүүн хойд Азийн яриа хэлэлцээний механизмыг бий болгохыг тууштай зорьж ирсэн ба 2013 онд Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг дэвшүүлж, олон улсын бага хурлыг 2014 оноос амжилттай зохион байгуулж байгаа бөгөөд тус бага хурлыг албаны болон эрдэмтэн судлаачдын хосолсон буюу 1.5 сувгийн түвшинд 2017 оноос зохион байгуулж ирсэн.