Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрUncategorizedКоломбын төлөвлөгөө байгууллагын Зөвлөлдөх хорооны 48 дахь хурал салбар хуралдаанаар үргэлжилж байна

Коломбын төлөвлөгөө байгууллагын Зөвлөлдөх хорооны 48 дахь хурал салбар хуралдаанаар үргэлжилж байна

“Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хамтын ажиллагааны Коломбын төлөвлөгөө” (Colombo Plan) байгууллагын Зөвлөлдөх хорооны 48 дахь удаагийн хурал 2024 оны 5 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай үргэлжилж байна.

Энэ өдрийн хурлаар “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эсрэг хүчээ нэгтгэсэн бүс нутгийн төлөө: Урьдчилан сэргийлэх ажиллагааг эрчимжүүлэх нь” сэдэв дор салбар хэлэлцүүлгүүд өрнөв.

Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин салбар хэлэлцүүлэгт оролцож, Монгол Улсын нөхцөл байдал, энэ салбар дахь олон талт хамтын ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Монгол Улс нь Мансууруулах эмийн тухай 1961 оны НҮБ-ын конвенц, Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай 1971 оны НҮБ-ын конвенц, Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бодисын хууль бус эргэлтийн эсрэг 1988 оны НҮБ-ын конвенцод тус тус нэгдсэн бөгөөд энэ хүрээнд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль”, Согтуурах, мансуурах донтой хүнийг албадан эмчлэх журам” зэрэг хууль тогтоомж, журам батлан хүчин чармайлт гаргасан бөгөөд бүс нутгийн нягт хамтын ажиллагаа нь бидний стратегийн гол тулгуур юм.

Монгол Улсын хүн амын 70 гаруй хувийг залуу үеийн төлөөлөл эзэлдэг бөгөөд мансууруулах бодис, хар тамхитай тэмцэх нь залуу хойч үеийг хамгаалахад чиглэсэн онц чухал асуудал билээ.

Өнөө цагийн “цагаан тахал” хэмээн нэрлэдэг уг асуудалд Монгол Улс онцгой анхаарал хандуулж, олон талт хамтын ажиллагааны хүрээнд мөн тэмцэх үйл ажиллагаагаа эрчимжүүлж байгааг хуралдааны үеэр дурдлаа.