Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээ“Тогтвортой хөгжлийн төлөөх долоо хоног” арга хэмжээний үеэр тээврийн асуудлыг хэлэлцэв

“Тогтвортой хөгжлийн төлөөх долоо хоног” арга хэмжээний үеэр тээврийн асуудлыг хэлэлцэв

Нью-Йорк хотноо 2024 оны 4 дүгээр сарын 15-19-ний өдрүүдэд болж буй “Тогтвортой хөгжлийн төлөөх долоо хоног” арга хэмжээний хүрээнд тогтвортой тээвэр, дэд бүтэц, аялал жуулчлал, эрчим хүч, өрийн тогтвортой байдал, нийгэм, эдийн засгийн тэгш байдал зэрэг асуудлаар хэлэлцүүлэг өрнөж байна.

Тогтвортой тээврийн хамтын ажиллагааг дэмжих зорилготой өндөр түвшний уулзалт энэ 4 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд болж, төлөөлөгчид тогтвортой хөгжилд тээврийн салбарын оруулж буй хувь нэмэр, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцэв. Энэ үеэр болсон тогтвортой тээврийн асуудлаарх бүгд хуралдаанд 70 гаруй улсын Засгийн газрын төлөөлөгчид оролцож, байр сууриа илэрхийллээ.

Бүгд хуралдаанд Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын бүлгийг төлөөлж, үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ ДГХБО-ын хувьд тээврийн зардал өндөр байгаа нь хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, өрсөлдөх чадварыг бууруулан, эдийн засгийн өсөлтийг сааруулж буйг тэмдэглэн,  тусгай хэрэгцээ шаардлагатай эдгээр улс хөрш орнуудтайгаа тээврийн холболтын асуудлыг бүрэн шийдвэрлэж, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын хэрэгцээг нөхөх санхүүжилтийн шинэ шийдлийг хамтдаа эрэлхийлж, арга хэмжээ авахын чухлыг онцлов.

Гадаад харилцааны дэд сайд мөн энэ үеэр тогтвортой тээврийг хөгжүүлэх чиглэлээр үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, түүний дотор “Шинэ сэргэлтийн бодлого”-ын тэргүүлэх зорилт болох “Боомтын сэргэлт”-ийн талаар танилцууллаа.

“Тогтвортой хөгжлийн төлөөх долоо хоног” арга хэмжээ дэд бүтэц, тогтвортой эрчим хүчний асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.