Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрЗар мэдээлэл“МОНГОЛ, ХЯТАДЫН ДӨРӨВ ДЭХ УДААГИЙН ЭКСПО” БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ ХӨХ ХОТНОО БОЛЖ БАЙНА

“МОНГОЛ, ХЯТАДЫН ДӨРӨВ ДЭХ УДААГИЙН ЭКСПО” БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ ХӨХ ХОТНОО БОЛЖ БАЙНА

 

“Монгол, Хятадын дөрөв дэх удаагийн Экспо” БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотноо зохион байгуулагдаж байна. Монголын талын төлөөлөгчдийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тэргүүлж, албан ёсны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Үйлдвэржилтийн байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт тэргүүтэй УИХ, Засгийн газрын төлөөлөл оролцож байна.
Арга хэмжээний эхний өдөр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Экспо”-гийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа болон тус арга хэмжээний хүрээнд зохиогдсон “Умард зүгт чиглэсэн үндэсний нээлттэй бодлогын хүрээн дэх худалдаа, эдийн засаг” сэдэвт чуулга уулзалтад оролцож, үг хэлэв. Түүнчлэн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг нар чуулга уулзалтад илтгэл тавьж оролцсон бөгөөд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд зам, тээвэр, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн томоохон төслүүд, хөрөнгө оруулалтын боломжуудыг танилцуулав.

“Монгол, Хятадын дөрөв дэх удаагийн Экспо” арга хэмжээний хүрээнд Шадар сайд С.Амарсайхан Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга Хө Вэй, ӨМӨЗО-ны Улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн тэргүүлэгч Жан Янькүн нартай хоёр талт уулзалт хийж, хоёр орны улс төр, худалдаа, эдийн засаг, бүс нутгийн хамтын ажиллагаа, цар тахлын дараах хөгжлийн шинэ боломж, хөрөнгө оруулалтын төсөл, ирээдүйтэй чиглэлүүдийн талаар ажил хэрэгч яриа хэлэлцээ өрнүүлэв.

“Түмэн газрын цайны зам” олон улсын соёл, аялал жуулчлалын танилцуулах хурал, “Монгол-Хятадын олон улсын стандартчиллын 2 дугаар чуулга уулзалт”, “Монгол, Хятадын Эмэгтэйчүүдийн хөгжил, хамтын ажиллагаа хурал”, “Монгол-Хятадын Замын-Үүд, Эрээний хамтарсан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх дугуй ширээний уулзалт зэрэг нийт 8 салбар хуралдаан “Экспо”-гийн хоёр дахь өдөр зохион байгуулагдаж, манай улсын холбогдох салбарын төлөөлөгчид илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв. Монгол Улсын хүнс, арьс шир, ноос, ноолуур, монгол дээл хувцас, гар урлал зэрэг үндэсний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 500 гаруй бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж үзэсгэлэн яармагт оролцож байна.

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотноо болж буй “Экспо” цар хүрээгээ тэлж, 35 улсын төлөөлөл болон БНХАУ-ын 27 мужийн нийт 3000 гаруй аж ахуйн нэгж бараа бүтээгдэхүүнээ сурталчлан танилцуулж байна.

“Хөгжлийн шинэ хэв маягийг бий болгож, хөгжлийн шинэ боломжийг хуваалцъя” сэдвийн дор зохиогдож буй “Монгол, Хятадын дөрөв дэх удаагийн Экспо” нь хоёр улсын “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн үзэл санаанд нийцүүлэн эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ач холбогдолтой бөгөөд арга хэмжээ 9 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл үргэлжилнэ.