Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээШИНЭ ЗЕЛАНД УЛСААС МОНГОЛ УЛСАД ХАВСРАН СУУХ ЭЛЧИН САЙДЫН ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГИЙН ХУВИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ШИНЭ ЗЕЛАНД УЛСААС МОНГОЛ УЛСАД ХАВСРАН СУУХ ЭЛЧИН САЙДЫН ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГИЙН ХУВИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин Шинэ Зеланд Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Жэймс Уэйт-ийг 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барих Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг нь хүлээн авав.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны дэд сайд Монгол Улсын гадаад бодлогод Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдгийг онцлон тэмдэглэж, Шинэ Зеланд Улсыг Номхон далай дахь чухал түнш хэмээн үзэж, худалдаа, эдийн засаг, боловсрол болон бусад салбарын хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов.

Талууд худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг  хөдөө аж ахуй, аялал жуулчлал, боловсрол, сэргээгдэх эрчим хүч зэрэг салбаруудад эрчимжүүлж, харилцан үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх арвин нөөц, боломж байгааг дурдаж, аяллын компани, тур операторуудыг холбож, хамтарсан форум, арга хэмжээг зохион байгуулах, эко туризмыг хөгжүүлэх чиглэлд хамтарч ажиллахаар ярилцав.