Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээЗҮҮН ХОЙД АЗИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АСУУДЛААРХ “УЛААНБААТАРЫН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ” ОЛОН УЛСЫН VIII БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

ЗҮҮН ХОЙД АЗИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АСУУДЛААРХ “УЛААНБААТАРЫН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ” ОЛОН УЛСЫН VIII БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Стратеги судалгааны хүрээлэнтэй хамтран Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын VIII бага хурлыг 2023 оны 6 дугаар сарын 15–16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн бага хуралд 30 орчим улс, 10 гаруй олон улсын байгууллагын 180 гаруй төлөөлөгчид оролцов.

Бага хурал үндсэн таван хэсгээс бүрдэж, тус бүрдээ сонирхол татсан сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн ба эхний хуралдаанд бүс нутгийн аюулгүй байдлын сорилт, боломжуудын талаар ярилцав. Харин хоёр дахь хуралдааны илтгэгч нар бүс нутагт итгэлцлийг бэхжүүлэх арга замын тухай ярилцаж, бүс нутгийн улсууд төдийгүй Казахстан, Турк, Франц, Польшийн туршлагын талаар санал солилцов. Гуравдугаар хэсгийн хуралдаанд залуусын төлөөлөл оролцож, хэрхэн Зүүн хойд Азид аюулгүй байдлыг бэхжүүлэх, энх тайвныг цогцлоох тухай үзэл бодлоо илэрхийлж, санал бодлоо хурлын төлөөлөгчидтэй хуваалцлаа.

Сүүлийн хоёр хуралдааныг Монголын Бизнесийн зөвлөл, НҮБ-ын Ази Номхон далайн нийгэм, эдийн засгийн комисс (UNESCAP)-той хамтран зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт эдийн засагч, бодлого судлаачдыг урьж, эдийн засгийн хамтын ажиллагаа, ялангуяа цар тахлын дараах нөхцөл байдал, геополитикийн хурцадмал байдлын талаар хөндөн ярилцсан. Түүнчлэн, бүс нутгийн хэмжээнд эрчим хүчний интеграцид холбогдох зорилтыг шийдвэрлэхэд тулгарч буй сорилт болоод боломж, Зүүн хойд Азийн эрчим хүчний шилжилтийн сүлжээний уялдаа холболтын талаар ярилцаж, “Ногоон эрчим хүчний коридор байгуулах замын зураглал”-ыг боловсруулах асуудлаар санал солилцов.

Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” VIII бага хуралд НҮБ-ын Зэвсэг хураах асуудал эрхэлсэн орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга Изуми Накамицу, Турк Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Сейфулла Хажимуфтүолу, БНСУ-ын Гадаад хэргийн яамны Солонгосын хойгийн энх тайван, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Ким Гонн, АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Монгол, Солонгосын асуудал хариуцсан захирал Эндрью Арвисэт зэрэг өндөр түвшний төлөөлөгчид оролцсоноос гадна Вьетнам, Казахстан, Норвеги, Филиппин, Финланд, Эстони зэрэг орноос анх удаа төлөөлөгчид оролцлоо.

Түүнчлэн, “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурлын хажуугаар 2023 оны 6 дугаар сарын 17-ны өдөр “Улаанбаатарын яриа хэлэлцээ – Залуучуудын форум”-ыг анх удаа зохион байгуулсан нь Зүүн хойд Азид аюулгүй байдлыг бэхжүүлэх асуудлаар залуучууд саналаа солилцсон шинэлэг арга хэмжээ болов.