Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрХэвлэлийн мэдээГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ОХУ-ЫН ЭЛЧИН САЙД А.Н.ЕВСИКОВЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ОХУ-ЫН ЭЛЧИН САЙД А.Н.ЕВСИКОВЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиковыг 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч уулзав.

Монгол, Оросын уламжлалт найрсаг, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг Б.Батцэцэг сайд тэмдэглээд, хоёр улсын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхэд шинээр томилогдсон Элчин сайдтай нягт хамтран ажиллана гэдгээ илэрхийлэв.

Уулзалтын үеэр ойрын хугацаанд хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээ, төлөвлөж буй томоохон төслүүд, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар санал солилцож, хоёр улсын харилцаанд бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг онцолж, соёл, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа амжилттай хөгжиж буйд баяртай байгааг сайд Б.Батцэцэг илэрхийлэв. Мөн олон улсын харилцааны зарим тулгамдсан асуудал болон олон улсын байгууллагуудын хүрээнд хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны талаар ярилцав.