Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх

Монгол Улс ба Европын Холбооны Хүний эрхийн яриа хэлэлцээ

         Түншлэл, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Европын Холбооны хоорондын хэлэлцээрийн хүрээнд Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны хуралдааныг жил бүр Улаанбаатар, Брюссель хотноо амжилттай зохион байгуулж ирсэн. Түншлэл, хамтын ажиллагааны тухай хэлэлцээрт талууд хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын харилцаагаа бэхжүүлэх, хүний эрхийг үр дүнтэй хамгаалах чиглэлээр Худалдаа, хөрөнгө оруулалтын Дэд хороо, Хүний эрхийн яриа хэлэлцээний механизмыг байгуулж, салбарын асуудлуудыг нарийвчлан хэлэлцэхээр тусгасан.

            Энэ хүрээнд Монгол Улс 2017 оноос эхлэн Европын Холбоотой хүний эрхийн асуудлаарх яриа хэлэлцээ /Mongolia-EU Dialogue on Human Rights/-г жил бүр хийж байна. Энэхүү яриа хэлэлцээ нь хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээрх ололт, ахиц дэвшил, хүний эрхийн олон улсын гэрээний хэрэгжилт, тэр дундаа Европын Холбооны Хөнгөлөлтийн ерөнхий систем (GSP+) хөтөлбөрт хамрагдах үндсэн шалгуур болох хүний эрх, хөдөлмөрлөх эрх болон сайн засаглалын суурь конвенциудын хэрэгжилтийн талаар санал, мэдээлэл солилцох, хамтын ажиллагааны хүрээг тодорхойлох чухал механизм бөгөөд 2022 оны байдлаар нийт 5 удаагийн яриа хэлэлцээг зохион байгуулаад байна.