Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.АНХБАЯР “ДЭЛХИЙН ХҮНСНИЙ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.АНХБАЯР “ДЭЛХИЙН ХҮНСНИЙ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ

Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “Дэлхийн хүнсний өдөр”-ийг тохиолдуулан НҮБ-ын  Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-аас зохион байгуулсан арга хэмжээний нээлтэд оролцож, үг хэлэв.

Тэрээр хэлсэн үгэндээ, Монгол Улсын Засгийн газар НҮБ, түүний системийн байгууллагууд, түүний дотор НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-тай үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж ирснийг онцлоод НҮБ-ын ХХААБ-аас үзүүлж буй дэмжлэг нь манай улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буйг тэмдэглэв.

Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр болон  НҮБ-аас Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичгийн хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, байгаль экологи, худалдаа, эдийн засгийн салбарт баялаг бүтээгчдийн оролцоог нэмэгдүүлэхэд ХХААБ-тай нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.

Гадаад харилцааны яам байгаль экологид ээлтэй, хариуцлагатай хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, орон нутгийн хөгжлийг дэмжих хүч чармайлтад идэвхтэй оролцож ирснээ тэмдэглээд цаашид ч идэвхтэй ажиллахаа илэрхийллээ.

Энэ удаагийн арга хэмжээ хүнс, хөдөө аж ахуйн салбарын эмэгтэйчүүдийн оролцоонд түлхүү анхаарахын зэрэгцээ баялаг бүтээгчид, хүнсчид монголын уламжлалт хүнс, идээ, ундаагаа дэлгэн олон нийтэд таниулан оролцож буйгаараа онцлог болов.