Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕНБД-ЫН ЭНХИЙН АЖИЛЛАГАА ХАРИУЦСАН ОРЛОГЧ Ж.П.ЛАКРУАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕНБД-ЫН ЭНХИЙН АЖИЛЛАГАА ХАРИУЦСАН ОРЛОГЧ Ж.П.ЛАКРУАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Энэ 6 дугаар сарын 16-ны өдөр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын энхийн ажиллагаа хариуцсан орлогч Жан Пьер Лакруаг хүлээн авч уулзлаа.

          Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Зүүн Хойд болон Төв Азийн бүс нутагт анх удаа зохион байгуулагдаж буй “НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагчийн оролцоо” сэдэвт олон улсын бага хуралд оролцож, Монгол Улсад айлчилж байгаад талархал илэрхийлээд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” тогтоолыг хэрэгжүүлэх, дотооддоо болон бүс нутагтаа дэлгэрүүлэн таниулах чиглэлээр Монгол Улс идэвхтэй ажиллахыг зорьж байгааг тэмдэглэв.

        Тэрбээр Монгол Улс НҮБ-ын эрхэм зорилго, зорилтуудыг бодит ажил хэрэг болгоход онцгой анхаарал хандуулж, бүх талаар дэмжихийн зэрэгцээ НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг, цагдаагийн оролцоог өргөжүүлэх, эмэгтэй энхийг сахиулагчдын тоог нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байгааг мэдээлэв.

          НҮБ-ын ЕНБД-ын энхийн ажиллагаа хариуцсан орлогч Ж.П.Лакруа НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд монгол цэрэг оролцож эхэлсний 20 жилийн ойн мэндийг дэвшүүлээд Монгол Улсын санаачилгаар зохион байгуулагдаж буй “НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагчийн оролцоо” сэдэвт олон улсын бага хурал НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” тогтоолыг хэрэгжүүлэх, олон улсад дэлгэрүүлэн таниулахад чухал хувь нэмэр оруулж буйг онцлов.

Түүнчлэн НҮБ-ын энхийн ажиллагаанд Монгол Улсын оруулж буй хувь нэмэр, цэргийн алба хаагч, энхийг сахиулагчдын үүрэг гүйцэтгэлт, мэргэжлийн ур чадвар, сахилга бат, зохион байгуулалтыг өндрөөр үнэлж цаашид энхийг сахиулагчдын сургалт, бэлтгэл, чадавхийг нэмэгдүүлэх зэргээр бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.