Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрДТГ-уудаас ирүүлсэн мэдээЕвразийн залуучуудын эдийн засгийн XII чуулга уулзалтад оролцов

Евразийн залуучуудын эдийн засгийн XII чуулга уулзалтад оролцов

Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Д.Өнөбилэгт тэргүүтэй төлөөлөгчид 2022 оны 4 дүгээр сарын 26-наас 28-ны өдрүүдэд Екатеринбург хотод болсон Евразийн залуучуудын эдийн засгийн XII чуулга уулзалтад оролцов. Энэ удаагийн чуулга уулзалтад 26 улсын Элчин сайд, 40 гаруй улсын дипломат болон консулын ажилтнууд оролцсон бөгөөд энэ хүрээнд “Шинэ бодит нөхцөл байдал дахь Орос ба дэлхийн эдийн засгийн харилцааны өөрчлөлт” сэдэвт хэлэлцүүлэг, төрийн болон бизнесийн байгууллагын төлөөллийн оролцоо бүхий Олон улсын дипломатын форум тус тус зохион байгуулагдав.

Монголын талын төлөөлөгчид Свердловск мужийн Амбан захирагчийн орлогч, тус муж дахь ОХУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч, мужийн Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яамны удирдлагатай тус тус уулзаж, хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааны асуудлаар санал солилцов. Түүнчлэн Монгол Улсаас Екатеринбург хотод суугаа Өргөмжит консултай хамтран тус хотноо суралцаж буй монгол оюутнууд, тэдгээрийн сургуулийн удирдлагатай уулзаж, оюутан залуусын сурлага, ахуйтай танилцав.

Екатеринбург хотын их, дээд сургуулиудад манай улсын 96 иргэн эрчим хүч, эрх зүй болон анагаах ухааны чиглэлээр суралцдаг бөгөөд манай оюутнууд дээрх чуулганы хүрээнд зохион байгуулагдсан урлагийн наадамд идэвхтэй оролцож монгол бүжиг, хөөмий болон ардын дуу зэрэг урлагийн үзүүлбэр толилуулсан байна.